Сагсанбөмбөгчид МСБХ-ны ээлжит бус чуулганыг хуралдуулахаар санал нэгдлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал ирэх 2 сарын 16-нд болохоор болсон гэдгийг өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

Дээрх гишүүдийн хэлсэнээр улсын бүртгэлийн газрын бүртгэлээр МСБХ-ны удирдлага одоог хүртэл 11 жилийн өмнөх буюу 2005 оны Ээлжит бус их хурлаар томилогдсон Тэргүүлэгч гишүүд /Удирдах зөвлөл/, Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргил хүчин төгөлдөр байгаа юм.

Үүнээс хойш Ч.Ганхуяг, н.Тамир гэх мэт хууль бус удирдлагууд томилогдсныг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэдгийг Монгол Улсын Шүүх тогтоосон. Өнгөрөгч 9-р сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ анх удаагаа Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох алтан боломж бүрдэн бүр урьдчилсан шатны тоглолтын хуваарийг албан ёсоор зарлаад байсан.

Гэвч МСБХ-ны хууль бус удирдлагуудын идэвхгүй, хойрго, баг тамирчдаа дэмжих сэтгэлгүй байдлын улмаас манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан хоёулаа Азийн аваргыг өнжиж дахин 2 жил хүлээх боллоо. МСБХ-ны удирдлага зохион байгуулалтын талаар хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр Монгол Улсын шүүхэд хандсан ба 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэний эцэст Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12-р сарын 22-ны өдрийн 1125 тоот шийдвэр гарсан.

Монгол Улсын Дээд Шүүх нь: МСБХ-ны дүрмийн 3.2-дахь заалт “Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна” 3.5 дахь заалт “Холбооны Бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно” гэсэн заалтуудын дагуу Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, хууль ёсны удирдлагаа томилохыг даалгасан.

Иймд МСБХ-ны Тэргүүлэгч гишүүн бид Холбооны дүрмийн дагуу 2016 оны 02 сарын 06-ны өдөр МСБХ-ны Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, холбоогоо шинэчлэн, хууль ёсны удирдлагаа шударгаар сонгууль явуулан сонгохоор болсоноо дуулгасан юм. Мөн тус ээлжит бус хурлыг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, Эмэгтэй шигшээ багийн тамирчид, Залуучуудын шигшээ багийн тамирчид, дээд лигийн эрэгтэй 8 багийн тамирчид, эмэгтэй 6 багийн тамирчид, Сонирхогчдын лигийн 30 багийн тамирчид, үе үеийн Спортын мастерууд, дасгалжуулагчид, ахмад тамирчдаас бүрдсэн 1200 гаруй гишүүн тамирчид, дасгалжуулагч багш, зүтгэлтнүүд дэмжин Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг дэмжин гарын үсгээ зураад байгаагаа хэлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих