Б.Хурц үндэсний баатар шиг загнав
Энэ машинд Б.Хурц сууж явсан гэнэ
-Б.БОЛОР: ГЕРМАНЫ ТАЛ Б.ХУРЦАД “ТА ОДОО ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ БОЛНО” ГЭЭД СУЛЛАСАН-
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өчигдөр 15 цаг 14 минутад “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм. Мөн энэ онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд оролцоод Сөүлээр дамжин ирсэн нь ийнхүү давхцав.
Ерөнхийлөгч ирж байгаа учир тус буудлын “VIP” хаалганы үүдэнд “УБЗ, УБҮ” гэсэн дугаартай хар тэрэгнүүд болон, хамгаалалтынхан жагссан байв. “VIP” заалны үүдэнд сэтгүүлчид дотор юу болоод буйг хоорондоо таамаглан “Хувьтай хүн хур борооноор” гэж үг байдаг. Энэ бороог Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагуулав уу, Б.Хурц уу” хэмээцгээн хүлээж ядан хүйтэн бороонд норж зогсов. 15.30 цагийн үед тэднийг тосохоор ирсэн машинууд нисэх буудлын төмөр хашаагаар оров. Ингээд 40 гаруй минут тэнд юу болоод буйг мэдэх аргагүй болов. Хүлээж ядсан сэтгүүлчид төмөр хашааны цоорхойгоор харсан боловч дээрээ дохионы гэрэлтэй хар машины хамар цухуйхаас өөр зүйл олж харсангүй. Хамгаалалтын залуус төмөр хаалгаар орж гарахаас өөр үйл явдал хашааны гадна болсонгүй. Энэ үед “Чингис хаан” нисэх буудлын дарга ирж “VIP” рүү ороод явчихав. 16.00 цагт гэхэд өнөөх хар тэрэгнүүд хашаанаас гарч цуваа үүсгэн яваад өглөө. Хар машинаас Ерөнхийлөгчийн толгой хальт харагдаад өнгөрөв. Түүнийг албаны ямар хүмүүс дагалдаж явсан, энэ тэрийг мэдэх боломж олдсонгүй. Б.Хурц энэ цуваанд багтаж яваагүй байх хэмээн сэтгүүлчид өөрсдийгөө тайвшруулан хүлээхээр шийдэв. “VIP”-ийн гадна 0065 УБЗ дугаартай машинаас өөр машин үлдсэнгүй. Б.Хурц яг энд л сууж явах байх хэмээн горьдлого тээн хоцорлоо. Ирэгсдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос өөр тосч буй төрийн сайд, дарга нар харагдсангүй. Цуваа хөдөлсний дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Болор гарч ирэн “Мэдээлэл хийхээс аргагүй боллоо” хэмээн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Б.Хурц ирэв үү. Түүнийг суллуулах Монгол талын ажлын ахлагчийн хувьд дэлгэрэнгүй хариулт өгөөч?
-Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Ц.Хурц саяхан эх орондоо газардлаа.
-Тэгэхээр түүнд холбогдох хэргийг Германы тал хэрэгсэхгүй болгосон гэсэн үг үү?
-Германы талаас манай хүнийг “Та чөлөөтэй явж болно” гэсэн юм билээ. Тэгээд л эх орондоо ирсэн хэрэг.
-Та уржигдар энэ талаар хэвлэлийнхэн асуухад “Б.Хурц суллагдаагүй” хэмээн мэдэгдэж байсан. Та олон нийтийг төөрөгдүүлж байсан хэрэг үү. Түүнийг суллагдсаныг мэдэж байх ёстой хүний нэг та шүү дээ?
- …
-Ц.Хурцыг батлан даалтад гаргачихсан юм уу?
-Батлан даалтад гаргана гэдэг өөр асуудал. Ямар ч л байсан Германы тал “та чөлөөтэй” гэж хэлсэн. Энэ дагуу суллагдсан.
-Яг хэдний өдөр түүнийг Германы тал сулласан юм бэ?
-Би Б.Хурцтай дөнгөж сая хальт уулзлаа. Тийм болохоор зарим асуултад хариулах боломжгүй байна. Нөгөө талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга.
-Биеийн байдал нь хэр байна?
-Түүний биеийн байдал сайн байгаа. Жаахан амарч байгаад өөрөө мэдээлэл өгөх байх. Б.Хурцыг та нар ойлгож тодорхой хугацаа өгөх хэрэгтэй. Мэдээж тодорхой хэмжээний дараа хэвлэлийн хурал зарлах биз. Надтай уулзахдаа Б.Хурц “Миний төлөө санаа зовж байсан бүх хүмүүст баярласан талархсаныг минь дамжуулаарай гэсэн. Тэрбээр “VIP” танхимд нэг сэтгүүлчтэй ярьж байсан. Та нартай ярьж байна гэж ойлгосон шүү дээ.
-Ажлын албаны зүгээс мэдээлэл хийх үү?
-Энэ талаар хэлж мэдэхгүй байна.
-Ээж аав нь түүнийг тоссон гэдэг үнэн үү?
-Би лав ээж аав нь тосч байхыг нь харсангүй.
-Хэргийнх нь талаар Германы тал түүнийг дахиж дуудаж уулзахгүй гэсэн үг үү?
-Германы тал түүнийг дахиж дуудах үгүйг нь би хэлж мэдэхгүй юм байна.
-Тус улс Б.Хурцыг буруугүй гэж үзсэн юм бол ямар нэгэн тайлбар хийсэн байх. Юу гэж тайлбарласан бэ?
-Тэрийг хэлэх боломж алга.
-Б.Хурцыг суллах ажилд Засгийн газар хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав?
-Түүнийг анх баривчлагдсаны дараа тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Нэг их хөрөнгө зарцуулаагүй.
-Б.Хурцыг сулласан явдал нь таны ахалж байсан ажлын хэсгийнхний ажлын үр дүн гэж хэлж болох уу?
-Ямартай ч суллахаар хөөцөлдөж байсан хүн маань ирлээ шүү дээ.
-Нисэх онгоцны буудлаас Б.Хурц хаашаа явах вэ?
-Гэр лүүгээ л явах байх. Би яаж мэдэх вэ.
-Эхнэр нь хамт ирсэн гэсэн. Германд байсан юм уу?
-Эхнэр нь Германд байгаа гэж би хэлээгүй шүү дээ. Миний харснаар тэр ганцаараа онгоцноос бууж ирлээ.
-Яагаад Ерөнхийлөгчтэй хамт ирж байгаа юм бэ?
-Тэрийг би яаж хэлж мэдэх вэ. Тохиолдлоор л тааралдсан байх.
-Англид баригдаад багагүй шуугиан дэгдээж шүүх хурал болж байсан. Германд шүүх хурал болоогүй мөртлөө суллагдчихлаа. Үүнийг юу гэж ойлговол зохистой вэ?
-Англид арав орчим удаа шүүх хурал болсон. Германд шүүх хурал болоогүй.
-Германы тал түүнд ял төлөвлөсөн байна гэж хэвлэлүүдээр гарч байсан шүү дээ. Шүүх хурал хийлгүйгээр ингэж суллах боломж байдаг юм уу?
-Надад энэ талаар тодорхой хариулт өгөх боломж алга. Ямар ч л байсан бид түүнийг суллуулахаар ажилласан. Өнөөдөр юу нөлөөлөөд яагаад суллачихав гэдэг талаар ярих боломж алга.
-Гэхдээ үлгэрийн юм шиг шууд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод суллана гэж байхгүй шүү дээ?
-Энэ асуултад хариулт өгөх боломж надад алга.
-Энэ хэргээс үүдээд Д.Энхбат гэдэг хүний ар гэрийнхэн Германы хуулийн байгууллагуудад гомдол гаргасан гэсэн?
-Энэ асуудлыг ч би сайн мэдэхгүй байна.
-Б.Хурц Германаас өмгөөлөгч аваагүй байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Өмгөөлөгч авсан байсан. Албан ёсоор өмгөөлөгчтэйгээ гэрээ хийгээгүй.
-Хэдэн өмгөөлөгчтэй байсан бэ?
-Нэг өмгөөлөгч туслахтайгаа ажиллаж байсан гэхээр хоёр гэж хэлж болно.
-Б.Хурцыг улс төрийн тохиролцоогоор суллачихлаа гэж үзэх хүн байна?
-Түүнийг суллахын тулд улс төрийн тохиролцоо хийсэн гэж үзэхгүй байна.
-Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны даргаараа үргэлжлүүлэн ажиллах болов уу?
-Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга хэвээрээ байгаа. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй. Тэгэхээр ажлаа үргэлжлүүлэн хийгээд явах байх.
-Б.Хурц Европын холбооны улсуудаар зорчиход дахиж ямар нэгэн асуудал гарахгүй юу?
-Энэ асуултад хариулах боломж алга. Бүх зүйл тодорхой болсны дараа мэдээлэл өгье. Б.Хурцыг суллуулах ажлын хэсгийн ахлагч сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад иймэрхүү хариулт өгөөд явж одов. Харин зарим сэтгүүлчид Б.Хурцыг гарч ирнэ хэмээн 17.30 цаг хүртэл “VIP”-ийн гадна чих тавин хүлээсээр байсан юм. Харин нэгэн эх сурвалж түүнийг Ерөнхийлөгчийн цуваанд орж явсан. Саарал өнгийн УБӨ гэсэн жийп Б.Хурцын ачаа тээшийг авчирч байгаа хэмээсэн юм. Энэ мэдээллийг авах үед өнөө машин “VIP” рүү ордог хаалганы дэргэдэх жижиг хаалганаас ачаа тээшийг нь аваад аль хэдийн хөдөлсөн байв. Бидний олж авсан мэдээллээр Б.Хурц шоронгоос суллагдсан даруйдаа эхнэртэйгээ утсаар ярьжээ. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаныхантай ярьсан байна. Энэ сарын 22-ны өдөр суллагдаж, 23-ны өдөр БНСУ-д ирсэн гэнэ. Харин Улаанбаатараас эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт тосохоор мөн БНСУ-ыг зорьжээ. Тус улсад суух манай улсын Элчин сайдын яам түүнийг тосч аван, тэнд нарийн шинжилгээ хийлгэж амжсан гэнэ. Тэндээсээ Ерөнхийлөгчтэй холбогдон БНСУ-д уулзалдан ирсэн аж. Ерөнхийлөгч түүнийг “үргэлжлүүлэн ажлаа хий” хэмээсэн гэнэ. Б.Хурцын болон гэр бүлийнх нь аюулгүй байдлын үүднээс түүний ирэхийг нууцлах үүргийг албаны хүмүүст өгсөн гэнэ. Мөн өчигдөр орой түүнийг хэсэг хугацаанд хамгаалалтад байлгах тухай ч холбогдох хүмүүсийн дунд өрнөсөн сурагтай. Юутай ч жил гаруй хугацаанд Англи, Германы шорон дамжин дуулиан тарьж байсан Б.Хурц эх орондоо ирлээ. Хэдий эх орондоо амьд мэнд ирсэн ч түүнийг Германы тал сулласан нь олон эргэлзээ түрүүлж байна. Б.Хурцаас болж Английн шүүхийн байгууллагынхан болон манай улсад сууж байсан Элчин сайдаа эргүүлэн татаж тодорхой хугацааны дараа буцаан суулгасан гээд олон үйл явдал өрнөсөн. Герман улсын өмнөөс Англи улс багагүй хэл аманд өртсөн байх. Гэтэл ийм болтол нь асуудлыг дэврээсэн Герман улс яагаад Б.Хурцыг гэнэтхэн суллав гэдэг таамаг хэвээр үлдэж байна. Үүнийг ажиглагчид германчууд хүний гараар могой бариуллаа ч гэж үзэж буй юм. Манай улсын хувьд Б.Хурц Германы талд шилжүүлэгдчихвэл аюулгүй гэсэн яриа гурван сарын өмнө гарч байсан. Учир нь Англи улсыг бодвол Германтай манай улсын дипломат харилцаа илүү хөгжсөн хэмээн албаны хүн ярьж байсан юм. Энэ нь үнэний ортой болж байх шиг байна. Өнгөрсөн хавар манай улс Б.Хурцаас болж Германы талаас уучлал албан ёсоор хүссэн. Энэ уучлалыг хүлээж авсан учир Б.Хурцыг уучилж суллалаа гэж үзэх ч хүн байна. Ямартай ч цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг сулласан шалтгаан тодорхой болох биз ээ. Гэхдээ Б. Хурцтай холбоотой энэ хэргээс болж Монгол Улс муугаар дэлхий нийтэд танигдсан нүглийг мартах аргагүй. Тэрээр гавьяа байгуулсан мэт онгоцноос бууж, “эх орныхоо агаарыг үнэрлэх сайхан байна шүү” хэмээн нэгэн сэтгүүлчид ярьжээ. Онгоцны буудлаас царайгаа харуулж чадаагүй атлаа танил сэтгүүлчтэйгээ утсаар холбогдон сэмхэн мэнд мэдсэн нь хэвлэлийнхний дургүйг ч хүргээд авав. Ямар үндэсний баатар биш түүнд ийн аяглах Монголын нэр төрийг дэлхий нийтэд сэвтээсэнтэй нь огт авцалдахгүй байсныг хэлэх хэрэгтэй биз ээ.
Г.ЯЛГУУН Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж машинд сууж байгаа нь
МИАТ-ийн саяхан авсан шинэхэн онгоцоор Ерөнхийлөгчтэй хамт Б.Хурц ирэв
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: