Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, ҮХЦ-ийн дарга болох тохироо хийгджээ

Ерөнхий сайдыг огцруулах уу, огцруулахгүй юу гэдгийг хэлэлцэж өвөр зуураа улс төр хийж байх зуур өчигдрөөс эхэлж нэгэн сонирхолтой асуудал шинээр гарч ирлээ.

Тэр нь бас л чөлөөлөх үү, үгүй гэдэг асуудал. Тодруулбал, ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзээд даргын суудлаас нь “авч хаях”-аар асуудал яригдаж эхэллээ. Асуудал хөндөгдөх болсон шалтгаан нь Ж.Амарсанаа дарга хууль зөрчсөн гэнэ. Үүнийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын тамгын газраас дээд шүүхэд хандаж албан бичиг явуулжээ.

Үүнийхээ дараагаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар ҮХЦ-ийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шуурхайлан “оочер дайруулж” хэлэлцээд чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй учраас чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал өглөө. Байнгын хорооны хурлын үеэр МАН-ынхан горимын санал гаргаж, завсарлага авах гэж үзсэн ч харамсалтай нь “хуралдаа цагтаа орж ир” гэж байнгын хорооны дарга Д.Ганбатад загнуулсан юм. Ингээд өнөөдөр дээрх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамгийн эхэнд хэлэлцсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Тиймээс уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Цэцийн даргын асуудлыг дэгийн тухай хуулийг зөрчиж хэлэлцсэн нь араасаа нэлээдгүй маргаан дагуулах бололтой. Уг нь байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг байнгын хорооны гишүүдэд хамгийн багадаа гурав хоногийн өмнө тарааж өгсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй гэдгийг байнгын хорооны гишүүдийн илэрхийлж, гомдоллож байлаа.

Үүнийг Цэцээс З.Энхболд даргатай маргаан үүсгэсэнтэй холбоотой гэж зарим нь тайлбарлах нь ч байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Амарсанаа даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд томилогдох хүнийг ч АН-ынхан тодруулжээ. Цэцийн даргад горилогч нь УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдорж гэнэ. Түүний нэрийг дэвшүүлж, одоо байгаа даргыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх ажлыг эхлүүлж буй хүн нь АН-ын дарга аж.

Р.Гончигдорж дарга 1953 онд төрсөн бөгөөд одоо 63 нас хүрч байгаа. Товчоор хэлбэл тэтгэвэрт гарах  нас нь болсон гэсэн үг юм. Тиймээс АН-ынхан эрх мэдлийг өөрсдийн гарт байгаа үедээ дээрх халаа, сэлгээг хийхээр төлөвлөжээ. Харин түүний оронд намын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг гишүүн болгож оруулж ирэх тохироо явагдсан сурагтай. Цэцийн даргаар томилогдвол зургаан жилийн хугацаатай тухайн албан тушаалыг хасна.

Ямартаа ч цэцийн асуудал олны анхаарлын төвд орж ирлээ. Харин хэрхэн шийдвэрлэхийг нь харах л үлдлээ. Эх сурвалжийн мэдээлж буй шиг Р.Гончигдоржийг томил уу, УИХ одоо ажиллаж байгаа Ж.Амарсанаа даргыг “хамгаалж” үлдэх үү.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих