Цагаан идээгээр таваг засах нь ихэсчээ

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Ерөөс юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлдэцгээдэг. Баярт бэлтгэсэн хүмүүсийн цуваатай хөл нийлүүлж бид өмнө нь “Хүчит шонхор” захаас ууцны үнэ судласан бол энэ удаад “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний зах болон “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа гарч буй “Мишээл экспо” төвөөс цагаан идээ, хэвийн боовны үнэ ханшийг сонирхсон юм.

Ааруул 8-12 мянган төгрөг


Эхлээд “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Оронгуут цагаан идээний тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэр сэнхийж угтав. Миний харахын оюутан бололтой хүүгээ, охиноо дагуулсан хөдөөний гэр бүл, хөгшид гээд олон хүн тэнд холхиж харагдана. Харин тэндхийн худалдагчид энэ жил бүтээгдэхүүний гүйлгээ тааруу байна. Тиймээс ч хямдхан зарж байгаа талаар хэлээд амжив. Тэдний хямдхан гэж тодотгосон бүтээгдэхүүний үнийг асуувал

  • Монгол шар тос 10000₮
  • Орос масло 3500₮
  • Цөцгийтэй орос масло 3500-5000₮
  • Сингапур шар тос 4000₮
  • Өөхөн тос 1500₮
  • Өрөм 8000-15,000₮
  • Ааруул 8000-12,000₮
  • Хорхой ааруул 8000-8500₮
  • Сүүн ааруул 17,000₮
  • Нимгэн ааруул 8000₮
  • Ээзгий 8000-9000₮ мянган төгрөгийн үнэтэй байна.

Хамгийн хямд хэвийн боов 1500 төгрөг


Цагаан сарын баярын гол хэрэглээ хэвийн боов. Орчин цагт ул боовыг гэрийн нөхцөлд хийх, лангуун дээрээс худалдан авах хоёр ижилхэн өртөгтэй гэж үзэх хүн цөөнгүй болоод буй. Тиймээс ч олон үйлдвэрийн төрөл, төрлийн ул боов энд худалдаалагдах аж. Хэвийн боов дунджаар 1500-2600 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн хямд нь “Өгөөмж хотол” бол “Өгөөж” болон Гандангийн шар тостой хэвийн боов хамгийн өндөр үнээр буюу 1900-2600 төгрөгөөр зарагдаж байлаа. Өнгөрсөн жил хэвийн боов 2000-4800 төгрөгөөр худалдаагдаж байсан бол энэ жил даруй хямд буй нь иргэдэд өгөөжтэй байгаа гэнэ. Харин еэвэн жижиг томоосоо хамаараад үнэ нь янз бүр байв. Хамгийн үнэтэй суурь еэвэн л гэхэд “Өгөөмж архад” компанийн “Угалз” еэвэн 11.000 төгрөгийн үнэтэй байна.

  • “Өгөөж” ХХК-ийн хэвийн боов 1900-2500₮
  • “Атар өргөө” ХХК-ийн “Хүрээ” хэвийн боов 1800-1900₮, 22 ширхэг нь 41800₮
  • “Буяны хишиг” ХХК-ийн хэвийн боов 2000₮, 21 ширхэг 42000₮
  • Гандангийн шар тостой “Ганжуур” хэвийн боов 2500₮, 28 ширхэг 70,000₮
  • “Ширхэнцэг”   хэвийн боов 2600₮, 28 ширхэг 72800₮
  • “Бамбууш”      хэвийн боов 2300₮45 ширхэг 103500₮
  • “Суман гүн”     хэвийн боов 2300₮, 45 ширхэг 103500₮
  • “Өгөөж хотол” хэвийн боов 1500₮, 21 ширхэг 31500₮ төгрөгөөр худалдаалж байна.

Сарлагийн сүү 2500


Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан нийслэлд “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа. Харин нэгдсэн журмаар зохион байгуулж буй томоохон өргөтгөсөн худалдаа нь хот, хөдөөгийн иргэд олноор үйлчлүүлдэг, худалдаа үйлчилгээний төв болох “Мишээл экспо”,  “Шөнийн зах”, “Дүнжингарав” худалдааны төвд гарч байгаа юм. Тиймээс “Бөмбөгөр” худалдааны төвөөс “Мишээл экспо”-г зорилоо. Тус төвд гарсан үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй цагаан идээний үнэ ханш, “Бөмбөгөр” хүнсний захад зарагдаж буйтай ойролцоо үнэтэй байв. Худалдаалж буй цагаан идээний ихэнхи нь Хэнтий, Хөвсгөл, Архангай, Булган аймгийнх аж.

  • Тараг 1300-1600₮
  • Сүүн хурууд 15000₮
  • Архангай аймгийн хурууд 7500₮
  • Тогооны өрөм 8500-11000₮
  • Сарлагийн өрөм 8000- 8500₮
  • Ээзгий 8000₮
  • Хайлмаг 4000₮
  • Орос масло 4000₮
  • Бяслаг 10000₮
  • Сарлагийн шар тос 8000- 9000₮
  • Сарлагийн сүү 2500₮ төгрөгөөр тус тус худалдаагдаж байна.

Архангай аймгийн Тариат сумын цагаан идээ, ааруул, зөөхий /1 кг/ 10000₮, тогооны өрөм /1 ширхэг/ 8000-10000₮, шар тос /1 кг/ 8000 төгрөг гэхчлэн дундаж үнэтэй байлаа.

Харин чихрийн лангуу цөөн хүнтэй байгаа нь ажиглагдав. “Мишка, “Чук гек” зэрэг шоколадтай том чихрээс эхлээд чөмөгтэй, бурамтай, печеньтэй чихэр нэг килограмм нь 5.5-20 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Худалдагчаас наймаа хэр байгааг асуувал дурамжхан толгой сэгсрэв. Хүмүүс ихэвчлэн цагаан идээний үнэ, ханш сонирхож харагдана. Айлууд дан цагаан идээгээр таваг засах нь элбэг болсныг эндээс харж болохоор байлаа. Энд ааруулаар зассан нэг тавгийн идээ 100-200 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Мөн тавгийн идээ засахад зориулсан  том ааруул ширхэг нь 6000-8000 төгрөгийн үнэтэй байв.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих