Хатгалгаанаас болж нярайн 17.1 хувь нь эндэж байна

1-28-6_700x700

Улаанбаатар хотынхны ярианд өвөл-утаа-ханиад гэх гурван үг ижилсээд удаж байна. Эргэн тойронд ах дүүс, найз нөхөд бүгд л хүүхдийнхээ ханиаданд санаа зовсон, эм тариа зөөсөн хүмүүс. Цэцэрлэгийн жаалууд бол ханиадгүй өнжинө гэж үгүй. Үр хүүхдэдээ хоолноос илүү эм өгөх нь халаг болжээ. Ханиад хүрэхгүй өсдөг хүүхэд гэж байхгүй л дээ. Гэхдээ нэг туссан ханиадыг эмчлээд долоо хонолгүй дахин өвдөж, хурдан хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс аргагүй байдалд хүрч байгаа нь өнөөдөр хүүхдийн эрүүл мэнд гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ.

Хүүхдийн эрүүл саруул өсч торних ёстой хамгийн чухал нас бол 0-6 нас. Энэ үед хүүхдийн бие болоод оюун ухаан, сэтгэлзүйн хөгжил бүрэн явагддаг. Гэтэл ийм чухал насандаа байнга ханиад хүрч, дархлаа нь суларч, удаан өвдсөнөөр ужиг, архаг, хүнд хэлбэрийн өвчинтэй болох эрсдэл үүсч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс эцэг эхчүүд хэрэндээ л өвөлд бэлдэж хүүхдүүдээ зунжин агаар салхинд байлгаж, элс шороон дээр өнжүүлэх ч тус нэмэр нь багасчээ.

ХОЁР ХҮҮХЭДТЭЙ АЙЛ САРД 200 МЯНГАН ТӨГРӨГ ЭМЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛДАГ

Хүүхэд өвдөх нь айл өрхийн эдийн засагт шууд нөлөөлдөг болсон. Нэг жишээ татая л даа. Бага насны хоёр хүүхэдтэй найз маань өвөл дүүргийн эмнэлгээс салдаггүй. Хоёр хүүхдээ ээлжилж авч хэвтэнэ, нэг удаад хоёулангийнх нь ханиад хүндэрч хатгаа болоод эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэднийд ханиадны анаферон, Baby col col, халуун буулгах нурофин, ибупрофен парацетамолын лаа, дархлаа дэмждэг Иммунал, Beferon лаа бол байнгын хэрэглээ нь шахуу. Эдгээр эмний доод үнэ 5000-аас эхлэнэ. Антибиотекийн төрлийн сиропууд 12000 төгрөгөөс дээш үнэтэй. Нэг удаагийн эм тарианд 30-50 мянган төгрөг зарцуулах энүүхэнд. Тэгээд сард 3-4 дахин өвдөх хүүхдүүдээ эмчид үзүүлж тохирох эм тариаг нь, аль л сайн гэсэн бүгдийг хэрэглэх тулд тэднийх сард багадаа 200 мянган төгрөг зарцуулдаг гэх юм. Өдөр бүр эмнэлэг явж утлага хийлгээд байж чадахгүй учраас хэдхэн хоногийн өмнө 120 мянган төгрөгөөр утлагын аппарат авсан харагдана лээ. Энэ мэт тэдний өрхийн төсвийн ихэнх нь эмийн сан руу урсана. Аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл зургаан сарын туршид Улаанбаатарын утаатай агаараар амьсгалж уушги нь үрэвссэн хүүхдүүдэд хэчнээн төрлийн эм тариа хэрэглэж биеийг нь хордуулан, хэдэн тэрбум төгрөгийн үргүй зардал айл өрхүүд гаргаж байгааг тооцоолоход бэрх. Гэтэл хоёроос олон хүүхэдтэй, олсон мөнгө нь эм тарианд бүү хэл хоол, түлшинд нь хүрэхгүй байгаа айлууд ч бий. Гэр хорооллын айл өрхүүд орлогынхоо хамгийн багадаа 40 хувийг түлшинд зарцуулдаг гэсэн тооцоог гаргасан байна.

Улаанбаатар хот агаарын хэт өндөр бохирдолтой орны тоонд хэдийнэ орсон. Энэ нь гэр хорооллын айлуудын нүүрсний хэрэглээ болон орон сууцнуудыг халааж буй уурын зуухнууд, цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг утаа, уулаар хүрээлэгдсэн хөндийд оршдог газарзүйн байрлал болон өвлийн хүйтэн цаг уурын нөхцлийн хосолмол хүчин зүйлүүдээс үүдэлтэй гэдгийг эрдэмтэд судалсан байдаг.

ЦАГ БУСААР НАС БАРЖ БУЙ ГУРВАН ӨВЧЛӨЛ НЬ АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудаас харахад агаарын бохирдолтой холбоотой өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхдүүд эндэх эрсдэл өндөр байна. Мөн бага жинтэй эсвэл дутуу төрөх, мөн хүүхдийн уушгийг гэмтээж насан туршийн эрүүл мэндэд нь нөлөө үзүүлж байгааг тогтоожээ.

Агаарын бохирдол гэдэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт бодисын нийлмэл хольц бөгөөд уушгины гүнд нэвтэрч чаддаг, 2.5 микроноос бага хэмжээний диаметртэй тоосонцор буюу шаталтын улмаас үүсдэг бохирдуулагч юм. 2010 оны даян дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээний хохирол учруулж байгааг тогтоожээ. Тухайлбал, 2013 онд улсын хэмжээнд хамгийн ихээр тохиолдож буй хүн амын дундах цаг бусаар нас барж буй гурван өвчлөл нь агаарын бохирдлоос үүдэлтэй байжээ.

Улаанбаатар хотын хүн амын хувьд цаг бусаар нас баралтын тэргүүлэх шалтгаанд хүүхдэд хатгалгаа, насанд хүрэгчдэд зүрх судасны өвчлөл орсон судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Нярайн эндэгдлийн 17.1 хувь, 0-4 настай бага насны хүүхдийн эндэгдлийн гуравны нэг нь хатгалгаанаас болдог гэсэн судалгаа байна. Мөн агаарын бохирдол болон дутуу төрөлтийн хооронд хүчтэй хамаарал байгааг судлаачид хэлж байна.

ГУРВАН НАСТАЙД УУШГИНЫ ЦУЛЦАН БҮРЭН ХӨГЖДӨГ

Агаарын бохирдол болон халдварын хамгийн эмзэг мөч нь хүний амьдралын эхний 2-3 сар юм. Ялангуяа эрхтэн бүрэлдэн тогтох, бий болох эмзэг үедээ өртсөн бол хожмоо амьсгалын замын архаг өвчин үүсгэхэд нөлөөлж болзошгүй аж. Учир нь уушгины бүтэц, үйл ажиллагаа нь төрөхийн өмнөх болон нярай үетэй салшгүй холбоотой. Нярай болон бага насны хүүхэд цээжний сулхан амьсгалтай, хэвлийн амьсгалын идэвх сул, уушгины үйл ажиллагаа бүрэн тогтворжоогүй байдаг.

Харин уушгины цулцангийн хөгжил нь хүүхдийг гурван настайд бүрэн хөгжиж гүйцэх бөгөөд цаашдаа зөвхөн хэмжээ нь л томордог байна. Тиймээс уушгины хөгжил нь хүүхэд ахуй насанд явагдах тул хүүхдийг түүний хөгжлийн бүхий л цаг хугацаанд агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд өртүүлэхгүй байх нь чухал байна. Үүнд эцэг, эхчүүд төдийгүй төр засаг Улаанбаатар хотын удирдлагууд тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

Үүний тулд ямар арга хэмжээ авч болох вэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүсч буй хүүхдийн өвчлөлийг бууруулахын тулд гэр болон сургуулиудыг цэвэр түлшээр хангах, гэр хорооллыг дулааны шугаманд холбох хэрэгтэй. Мөн хүүхдүүдийг вакцинжуулсанаар уушгины хурц үрэвслийн өвчлөлийг бууруулах боломжтойг эмч мэргэжилтнүүд хэлдэг.

Агаарын бохирдлоос болж ханиад томуу нэмэгдсээр байгааг харсаар, мэдсээр, ярьсаар байгаа хэр нь дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа төр засагтай хариуцлага тооцох цаг болсныг энэ бүх судалгаа баримт харуулж байна.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих