Х.Ууганбаяр: Уйгагүй хөдөлмөрөөс бүтээл төрдөг

Монголын Урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, зураач, барималч Х.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр 2014 онд Сингапурт зохион байгуулсан олон улсын контемпорари уралдаанд Монголоо төлөөлөн оролцсон уран бүтээлч юм.        -Таныг дэлхийд алдартай зураачдын эх орон болох Голландад суралцсан гэж сонссон. Голландад суралцах боломж хэдэн онд тохиов?         -Би Монголд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Б.Төмөрбаатар багшийн удирдлага дор монументаль урлагийн ангийг 1998 төгссөн. Энэ утгаараа би монументаль чиглэлээр ажиллаж болох байсан ч багаасаа зурах дуртай байсан учраас уран зургийг сонгосон. Миний Голландад суралцсан түүх их сонин. Би энэ улсыг анх зорихдоо уран зургийн чиглэлээр сурах төлөвлөөгөөгүй байсан юм. Голландын “Minerva” урлагийн академид 2000 онд элсэх боломж тохиосон. Голландын зураачид дэлхийд алдартай. “Сувдан ээмэгтэй бүсгүй”-г зурсан Ян Вермеер, Винсент Ван Гог, Рембрандт Ван Рейн зэрэг алдартай зураачийн эх орон шүү дээ.

     -Голландын зураачид хөрөг зургаараа их алдартай. Таны бүтээлд мөн готик хэв шинжийг агуулсан хөрөг зургууд байдаг нь тэнд суралцсантай холбоотой юу?

-Голландын зураачид хөргөөс гадна байгалийн зургаараа алдартай. Ер нь Голландын байгаль их өвөрмөц шүү. Халуун, хүйтэн далайн дунд оршдог учраас ихэнхдээ үүлэрхэг байдаг. Энэ улсын төв хэсэгт далайгаас түрэн орж ирсэн маш том нуур бий. Тэр нуурын усан дээр нарны цацраг тусч үүлэнд “нийлэх”-дээ өвөрмөц гэрлийн туяаг үүсгэдэг юм. Тийм гэрлийн рефлекс Голландаас өөр хаана ч байдаггүй болов уу. Тиймээс Голландын зураачдын байгалийг илэрхийлэх өнгө, будгийн арга нэг л өөр.

        -Таны “Цагаан домог” бие даасан үзэсгэлэн нэрнээсээ эхлээд л уран зураг сонирхогчдын анхаарлыг татсан. Уг үзэсгэлэнгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-Өнчин цагаан ботгоны үлгэрээс сэдэвлэсэн “Цагаан домог” гэдэг зургаараа үзэсгэлэнгээ нэрлэсэн. Энэхүү үзэсгэлэнг Монгол ардын үлгэр, домгийг зургаар зохиовол ямар байх бол гэсэн өнцгөөс харж зохиомжилсон юм. Ер нь үлгэр домгийн дүрслэл хийсвэрлэл нь орчин үед хүн байгалийн хоорондох харьцаа мөн тэдэнд нөлөөлөх сэтгэлгээний хандлага дээр тулгуурлан өөрийн гэсэн чиг баримжааг тодорхойлохыг зорьсон.

-Домгийн сэдэвт бүтээл туурвидаг болоод ч тэр үү таны зургууд эртний бүтээл шиг харагддаг?

-Миний зургийн гол санаа нь цаг хугацаа. Бид орчин үед 24 цагийн баримжаагаар амьдралаа шийдвэрлэдэг болсон. Орчин үед орчин үеийн сэтгэлгээгээр Х.Ууганбаяр гэдэг хүн зурж байгаа боловч санаа нь 500 жилийн өмнө төрсөн мэтээр зурахыг хичээдэг. Тухайлбал, “Ирээдүйг эрэхүй” бүтээлдээ ширээн дээрх цагийг наана байгаа мэтээр зурсан ч жижгээр дүрсэлсэн. Зургийн ерөнхий логик нь орон зай, цаг хугацаа юм.

  -Зураачдын цаг хугацааны талаарх бодол их өвөрмөц байдаг. Та цаг хугацааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед цаг төлөвлөлтийн талаар их ярих болжээ. Урлаг хүртэл социализмын үе шиг төлөвлөгөөтэй болж байна. Харин би хугацаа товлох тун дургүй. Зураач хүн тодорхой цаг хугацаанд багтаж бүтээл хийнэ гэдэг амаргүй. Баригдмал бүтээл төрөх гээд байдаг юм. Тэгэхээр зураачдад бодож, сэтгэх цаг хугацаа их байх тусмаа сайн бүтээл гаргадаг.

        -“Сансраас унасан үлгэр”, “Чи юунаас уу, юу чамаас уу” гээд таны зургийн нэр, шийдэл их өвөрмөц байх юм?

-“Чи юунаас уу, юу чамаас уу” бүтээлд хүн төрөлхтөн ба орчин үеийн технологийн дэвшлийн харилцааг илэрхийлэхсэн. Өөрөөр хэлбэл, амьдралын олон үзэл баримтлал техникийн хөгжлийн нөлөөн дор хувьсан өөрчлөгдөж буйг энэ бүтээлдээ тусган харуулахыг зорьсон юм.

         -Та зургаараа хүмүүст юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Урлаг захиалгатай байж болдоггүйн адил зураач хүн “Би үүнийг л илэрхийлэх ёстой” гэж өөрийгөө албаддаггүй. Гэхдээ хүн байгалийн холбоо хийгээд амьтдын энгийн мөртлөө гайхалтай онцлог шинж чанарыг өөр өөр өнцгөөс харж олж илрүүлэн, уран бүтээлдээ шингээхийг эрмэлздэг.

    -Бүтээл төрөх агшин гэж таныхаар юу юм бол?

-Шинэ бүтээлийн санаа тэнгэрээс унаад ирэхгүй шүү дээ. Зураачийн уйгагүй хөдөлмөрөөс л бүтээл төрдөг. Би ганц сэдэв, санаанд тулгуурлан, мэргэжлийн техник дээр үргэлж ажилладаг. Бодолд буусан санаагаа урт хугацаагаар сэтгэж, хөгжүүлж байж бүтээл болгодог. Угаас урлаг бол оюуны дээд бүтээл. Иймээс бодол, сэтгэлгээгээ бясалгаж байж бүтээл гаргадаг болов уу.

         -Уран зурагт амьдралын олон өнгө гэрлийг тусгасан байдаг. Хүн хэдий баярлаж байгаа ч цаана нь нэг бараан сүүдэр байдаг шүү дээ?

-Хүний дотоод ертөнц их сонин. Хүн баярлах гэж өөрсдийгөө ядраадаг. Бас сайн, сайхан байх гэж өөрийгөө зовоодог амьтан. Гэхдээ хүн хэчнээн сайхан байсан ч ардаа сүүдэртэй байдаг нь үнэн.

        -Зураачдын дунд өрнөдөг уран бүтээлийн өрсөлдөөн хэр шударга байдаг юм бэ?

-Ван Гог “Миний багш бол байгал” гэж хэлсэнчлэн миний өрсөлдөгч бол би өөрөө. Өөртэйгөө өрсөлдөж байж сайн бүтээл төрүүлдэг. Анх сургуулиа төгсч байхдаа “Би чадна. Үзэлцэнэ” гэсэн дэврүүн сэтгэлтэй байсан бол одоо больсон.

        -Зургаас өөр таны сонирхлыг татдаг урлагийн бүтээл бий юү?

-Би сайхан ном, гоё кинонд дуртай.

        -Хэрвээ та зохиолч байсан бол ямар үлгэрээр уншигчдадаа бэлэг барих байв?

-Үлгэр хэдийгээр эртний мэт боловч өнөөдрийн бидний амьдралд байдаг зүйлсийг өгүүлсэн байдаг. Бид “Хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдөж байна” гэж ярьдаг ч эртний үлгэр домогт гардаг амьдралаас алхам ч холдоогүй. Бид хүчтэй ч байгал дэлхийдээ захирагддаг. Үлгэрийн гол санаа товчхон ч цаг хугацаанд балрахгүй амьдралын сургаалыг бидэнд хүүрнэдэг. Тэгэхээр тийм л товчхон бас үнэн үлгэр зохиох байсан биз.

        -Зураач хүн ийм байх ёстой гэсэн хэмжүүр байдаг уу. Та өөрийгөө зураач гэж бардам хэлж чадах уу?

-Би зураач болох гэж хичээж байгаа энгийн нэг уран бүтээлч. Гэхдээ өөрийгөө зураачийн амьдралаар замнаж байгаа гэж бодохоор бахархах сэтгэл төрдөг. Миний хувьд зураач хүн ийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн хэмжүүр байдаггүй. Ер нь зураач хүн өөрийгөө тодорхойлох боломжгүй.Өөрөөлийн нүдээр тухайн зураачийг тодорхойлдог.

        -Та хэр шүтлэгтэй хүн бэ. Таны хувьд бурхан мэт хүндэлдэг уран бүтээлч бий юү?

-Шашныг мухраар шүтдэг занг би ойлгодоггүй юм. Миний хувьд шашныг шинжлэх ухаанчаар харж, ойлгохыг хичээдэг. Агуу зураач олон байна. Тэр дундаас би Леонардо Да Винчийг бурхан мэт хүндэлдэг. Тэр бол агуу уран бүтээлч бас суут зураач.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих