Р.Буд: Бодлогын эсрэг зүйл ярилаа гээд намаас намайг зэмлээгүй

УИХ-ын гишүүн Р.Будтай ярилцлаа. УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн сонгуулийн тогтолцооны талаар өнөөдрийг хүртэл зөвшилцөлд хүрээгүй. Мажоритар давамгайлсан  24:52 холимог тогтолцоог МАН сонгохын төлөө байгаа бол пропорциональ зонхилсон 50:26 хувилбарыг АН дэмжиж байгаа юм.

50:26-г МАН-ын тоотой хэдэн гишүүн дэмждэг. Тэдний нэг нь Р.Буд. Намынхаа бодлогын эсрэг байр суурь илэрхийлсэний  төлөө намаас чинь зэмлэл хүртээсэн үү гэсэн асуултад тэрбээр хэрхэн хариулсаныг ярилцлагаас уншина уу.

-Сонгуулийн тогтолцооны асуудлаар УИХ дахь бүлгүүдийн зөвшилцөл үргэлжилж байна. Үүний хажуугаар УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх асуудлаар ч үл ойлголцол үүсэх бололтой юм билээ. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь төр засагт, сонгогчдод ч хэмнэлттэй, чирэгдэлгүй баймаар санагдах юм. Хувь гишүүнийхээ хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өмнөх УИХ-ын үед УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед би түүний эсрэг санал өгсөн юм. Сонгуулийг зэрэг явуулснаар зардал хэмнэх сайн талтай гэж зарим гишүүн ярьж байгаа нь үнэн.

Манай улс Парламентын засаглалыг сонгоод 20 дөнгөж гаруйхан жил боллоо. Төлөвших болоогүй байна. Ийм нөхцөлд хоёр сонгуулийг тусад нь явуулдаг байх хэрэгтэй. УИХ-ын сонгуулийг аймаг, сумын төрийн хэдэн албан хаагч, арай дөнгүүр боловсрол, мэдлэгтэй хүмүүс зохион байгуулдаг. Тэд чинь өөрсдөө орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ. Ийм байхад УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломж харагдахгүй байгаа юм. Үүнээс болж 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг будлиан, үймээн самуун улс даяар болвол яах юм. Засаглалын хуваарилалт хийгээд тэнцвэртэй байдал  алдагдвал яах вэ? Монголын улс төр, намууд төлөвшсөн тодорхой хугацааны дараа харин энэ талаар ярьж болно. Одоо цаг нь биш.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон юм билээ. Уг нэмэлтээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагыг томилох, сонгох харилцааг боловсронгуй болгохоор байгаа. Тийм тохиолдолд сонгуулийг зэрэг явуулж болох биш үү?

-МАН, АН хамтарч засгийн эрх барьж байгаа өнөө үед зөвшилцөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сум, багийн удирдлагыг иргэд нь сонгодог орон нутгийн бие даасан тогтолцоог бий болгож өгөх хэрэгтэй. Ийм нөхцөлд хариуцлага хүлээдэг болно. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга багийн даргыг томилох нь зөв. Хамаатан садан олонтой хүн л өнөөдөр багийн Засаг даргаар сонгогддог болсон нь нууц биш шүү дээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газрын гишүүдийг зааглах цаг нь болсон. Засгийн газрын бараг бүх гишүүн УИХ-ын гишүүн болчихоор гүйцэтгэх засаглалаа хянадаг Парламентын үүрэг хариуцлага алдагдчихаад байна. Хот, тосгоны харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн заалтуудыг ч өөрчлөх хэрэгтэй.

-Зургадугаар сард УИХ, аравдугар сард нь Орон нутгийн сонгууль явуулдагаас иргэдийн олонх үнэндээ залхаад байгаа. 2008 оны Орон нутгийн сонгуулийн жишээ байна. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ирц хүрээгүй учраас дахин сонгууль болсон. Үүнээс болж ихээхэн маргаан дэгдсэн.  Сонгогчдын идэвх буурах болсон нь олон сонгуультай холбоотой байх аа.

-Сонгууль зохион байгуулдаг албан хаагчидтай л холбоотой асуудал. Намууд бус төр засаг сонгогчдод чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг байх ёстой шүү дээ. Сонгуульд зориулж төсвөөс хөрөнгө гаргадаг учраас зохион байгуулдаг албан хаагчид нь үүргээ ухамсарлаж сайн ажиллах ёстой. Төрийн унаагаар сонгогчдыг зөөвөрлөх, хайрцагаар санал авах зэргээр зохион байгуулж болно. Сайн зохион байгуулж чадвал ирцийг бүрдүүлэхэд асуудал үүсэхгүй.

-Сонгуулийг зэрэг явуулах хуулийн заалтыг батлуулахад танай нам гол үүрэгтэй оролцсон. Хууль хэрэгжиж эхлээгүй байхад түүнээсээ татгалзаж байгааг аль утгаар нь  ойлгох вэ?

-Тухайн үед би эсрэг байр суурьтай байсан. Манай нам ч УИХ-д олонх байгаагүй. Тэр үеийн байр сууриасаа нам яагаад буцсаныг мэдэхгүй. “Сонгуулийг тусад нь явуулахын төлөө үгээ хэлнэ шүү” гэж нам надад үүрэг өгөөгүй.

-Сонгогчдын олонх нь хоёр сонгуулийг зэрэг явуулахын төлөө байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Танд тэгж харагдахгүй байна уу?

-Би Сүхбаатар аймгаас сонгогдсон. Сонгуулийг тусад нь явуулахыг манай сонгогчид  дэмждэг. Орон нутгийн сонгуульд АН ялсан. Аймгийн удирдлага ч миний энэ саналыг дэмждэг юм билээ. Ирц бол асуудал биш. Сайн зохион байгуулах л хэрэгтэй. Харин сонгогчдыг итгэл үнэмшлээрээ, хэн нэгний нөлөөгүйгээр саналаа өгдөг ухамсар бий болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагынхан ажиллаасай гэж боддог. Хэтэрхий их улстөрждөгөөс сонгуулийн дүн хэтэрхий их савладаг болсон байна.

-Хэтэрхий их савлуулдаг байдал чинь мажоритар тогтолцооны сул тал шүү дээ. Та пропорцональ тогтолцоог дэмждэг. 50:26 хувилбарыг дэмжиж байсан. Намынхаа бодлогын эсрэг байсан Буд гишүүний итгэл үнэмшил хэвээрээ юу?

-Пропорциональ давамгайлсан тогтолцооны төлөөх миний байр суурь хэвээрээ. Ингэж байж Монгол Улс хөгжинө. УИХ-ын гишүүн бид улсынхаа хэмжээнд ажилламаар байна. Тойрог жижиг байх тусам л  хөгжлийн  эрч суларч, төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалт тарамдана.

Би намтайгаа зөрчилдөөгүй. Нам, хүн  хоёроо сонгогчдод санал болгоё гэсэн зүйлийг л хэлдэг. Нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид л Монголыг авч явна шүү дээ. Зөвхөн намыг дугуйлчихвал  янз бүрийн хүмүүс ороод ирнэ. Хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийн төлөө сонгогчид саналаа өгдөг тогтолцоог бий болгох нь чухал байна.

-Ч.Улаан гишүүн бас таны адил байр суурьтай юм билээ. Үүнийхээ төлөө намаасаа зэмлэл хүртсэн үү?

-Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө нам  надад зэмлэл хүртээгээгүй. Тэгэх ч үгүй байх. Эцсийн эцэст би олонхийнхоо шийдвэрийг л дагна. Миний саналыг намын олонх дэмжихийг ч үгүйсгэхгүй. Тойрог жижиг байх тусам л мөнгөний сонгууль болох нь гарцаагүй. Үүнийг  хүн бүр мэдэж байгаа. Хэн нэгэнд зориулж сонгуулийн хуульд хандаж болохгүй.  АН намаар, манай нам хүнээр сонгуульд орно гэдэг. Миний байр суурь бол нам, хүнээрээ зэрэг оръё гээд байгаа юм.

Би дахин сонгогдохоо бодвол жижиг тойрог надад ашигтай. Миний нэр хүнд Сүхбаатарт гайгүй байгаа. Гэвч би хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавихыг хүсээгүй. Эрх ашгийн дарааллаа зөв тавьж сурах цаг болсныг хаана хаанаа ухаармаар байна. Хариуцлагагүй, задгай байдал дэндүү их газар авсан. Ард түмнээ улстөржүүлж,талцуулдагаас болж Монгол Улс хохирч байгааг улс төр хийдэг хүмүүс, намууд анхаарах цаг болсон шүү гэж л хэлмээр байна.

Го.ЭНХТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих