Бурхадын үзэсгэлэнгээс
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ дэлгэлгэжээ.
“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь тус музейгээс зохион байгуулж буй Арван хангал бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхадаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэн үзүүлжээ.
Эл үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаагаараа онцлогтой юм.
Бурханы шашинт ард түмэн түүний дотор Монголчууд Лхам бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ.
Та бүхэн “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнд ирсэнээр Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжтой юм.
URL: