“Мандатын тоог нэмэх, хасахыг шийдэхэд хоёрхон хоног үлдсэн”

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх асуудалд байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн мандатын тоог хасч 26, нийслэлийн мандатын тоог нэмж 22 болгох саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүрүүлээд буй юм.

Тэрбээр, “Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох байгаа. Хоёрдахь асуудал нь УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан. Энэхүү хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа. Одоо бидэнд байгаа хугацаа нь пүрэв, баасан гариг л үлдээд байна. Хэрэв УИХ, байнгын хороо хуралдаж хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна.

Ойрын гурван өдөрт аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургаадугаар сарын 29-ны өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ны дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох заалт ороогүй.

Харин өмнөх хуулинд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан байсан. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулиудын тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээлэхэд аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож байсан. Ийнхүү тогтоож байхад нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат тогтоож байсан юм. Харин одоо ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилхан тогтоохоор болоод байна. Улсын дунджыг барихаас өөр арга байхгүй. Хүн амын тоо өсөөд гурван сая болсон.

Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүн байна. 63 мянган хүн тутамд нэг мандат. Манайх УИХ-д улсын дунджаар 63 мянгаар нь тогтоохоор хоёр мандаттай байсан найман аймгийн мандат нэг болж буурч байгаа юм. Нийслэлийнх 22 болж байгаа. Үүнийг шинээр зохиогоогүй.

Хуучин мөрдөж байсан аргачлал. Хуучин энэ аргачлалаар явж байхад ялгавартайгаар тогтооно гэдэг заалт байсан учраас болоод байсан. харин шинэ хуулиар ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг авчихсан учраас ийм маргаан гараад байна. Гэхдээ хуулийн хугацаа дуусахад хоёр, гурав хоногийн хугацаа байна. УИХ, байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргах байх гэж бодож байна” гэсэн юм.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих