Хоёр нүүртэн
Боловсролтой залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн хэмээн шоуддаг ХҮН намынхан боловсролгүй даргатайгаа саяхан мэдэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн намтартаа Орос, Герман, Английн нэр хүндтэй сургуулийг төгссөн гэж бичсэн байдаг. Оюутан залууст лекц тавихдаа Лондонд боловсрол эзэмшихийн тулд аяга тавга угааж байсан баатарлаг түүхээ ярьж, тархийг нь угаасан. Тиймээс олон нийтийн дунд С.Ганбаатарын нэр хүнд тогтмол өсч байгаа. Учир нь “тэр шал угаах нь холгүй зүтгэж байж барууны боловсролыг эзэмшсэн хүн шүү дээ” манайхан магтдаг байв. Гэтэл энэ бүхэн худлаа болж таарлаа. УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга С.Ганбаатар маань намтартаа төгссөн гэж бичсэн тэр олон сургуулиа төгсөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. 1990 оны шилжилтийн хүнд хэцүү цаг үе таарсан учраас төлбөр мөнгийг нь өгч чадахгүй дундаас нь сургуулиа хаясан гэж өөрийгөө өмгөөлөхийг оролдов. Английн “Сосейти Женерал” банкинд ажиллаж байгаагүй гэдэг нь баримтаар нотлогдов.
ХҮН намын дарга, Ерөнхийлөгчид горилогч С.Ганбаатар “Миний худлаа ярьсан хэнд гай болсон юм бэ” гэж хээвнэг хариулж сууна. Тийм ээ, С.Ганбаатарын төгсөөгүй сургуулиа төгссөн гэж худлаа ярьсан нь өнөөдрийн Улсын Их хурлын гишүүн болгоход дэм болсон юм шүү дээ. Ингэж нүүр улайлахгүй худлаа ярьдаг хүн ирээдүйд Ерөнхийлөгч болохоор санаархаж байхаар гунигламаар ч юм шиг. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийнхүү үнэнээ өчсөн нь боловсролтой боловсон хүчинтэйгээрээ ихэд биеэ тоож байсан ХҮН намыг нүүр хийх газаргүй болов. Тиймээс намын нөхөд нь дэмий л “С.Ганбаатар ямар С.Баярцогт шиг Швейцарын дансанд сая ам.доллараа мартсан биш” хэмээн өмгөөлөв. Энэ нэвтрүүлэг гарснаас хойш С.Ганбаатарын уран үгэнд хулхидуулсан “Хас”-ын Ч.Ганхуягаас эхлээд эгдүүцэж буйгаа цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ. Намын ээлжит бус Их хурлаа хийж, улс төрд дуу шуутайхан орж ирсэн ХҮН намын нэр хүндийг дипломгүй дарга нь навс унагаалаа. Мордохын хазгай гэгчээр С.Ганбаатарыг даргаар сонгосноос хойш ХҮН намынхны үнэлэмж, иргэдийн дунд унах болсон. Үүнтэй зэрэгцээд танхимын гишүүд нь ч С.Ганбаатарыгаа баалж эхлэв бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ХҮН намыг чимхээд авна лээ. Тэрбээр “Би ХҮН намыг зөв нам гэж бодохгүй байна. Учир нь Оюутолгой, Ноён уулыг хамгаалах асуудалд огтхон ч дуугарахгүй байгаа. Залуучууд яагаад ийм их мөнгөтэй байдаг юм бол. Гадаадууд санхүүжүүлдэг гэж ярьдаг. Би магадгүй гэж бодож байна” хэмээн ярьжээ. С.Ганбаатар, Г.Уянга нар нэгэнд танхимд сууж, хоёулаа адилхан популист гэсэн нэр зүүсэн хүмүүс. Гэтэл Оюутолгойн асуудалд С.Ганбаатарын дуу хоолой бүдгэрч байгаад Г.Уянга гишүүн дурамжхан явдгаа нуусангүй. Намыг нь ч муулахаа мартсангүй. УИХ-ын чуулганаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин С.Ганбаатар гишүүнийг “Хоёр нүүртэн” гэж танхим цуурайттал хэлсэн нь саяхан. Үүнийг батлах гэсэн мэт хоёр нүүртэнг нь батлах баримтууд сөхөгдсөөр байна. С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох хөг өнгөрөв бололтой. ХҮН намынхаа нэрийг шороотой бага хутгаасай.
URL: