Д.Дэмбэрэл: Хариуцлага алдсан бол маргааш сонгууль болох гэж байсан ч огцруулах эсэхийг ярих л ёстой
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Танай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих шийдвэр гаргачихлаа. Тал хувь нь гарын үсэг зурчихсан учраас олонхио дагачихав уу эсвэл гишүүд 100 хувь дэмжсэн юм уу?
-Ерөнхий сайдыг огцруулахад бүх гишүүн гар өргөсөн шүү. Татгалзсан хүн байгаагүй.
-Сонгууль болох гэж байдаг, энэ парламентын хугацаа дуусахад ердөө тавхан сарын хугацаа үлдсэн байхад огцруулах эсэхийг ярих нь буруу гэх хүн байна. Ер нь засаг хөдөлгөх цаг нь мөн эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аилваа хариуцлагын асуудлыг ярихад цаг болсон болоогүй гэх нь утгагүй. Цаг энд ямар ч хамаагүй. Хариуцлага алдсан бол маргааш сонгууль болох гэж байсан ч огцруулах эсэхийг ярих л ёстой. Тиймээс цаг нь мөн эсэх нь асуудал биш. Хагас жил бол урт хугацаа шүү.
-Танай бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн нь багагүй цочроо болчих шиг боллоо. Гишүүдийн 50 хувь нь буюу 38 гишүүн нэгдсэн байхад л засаг унана. Гэтэл танай бүлгийн 26, гарын үсэг зурсан гурав гээд 29 дээр АН-аас хэдхэн гишүүн хуралд ирээгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах болчихоод байна л даа. Тиймээс ч МАН-ынхан сонгууль болох гэж байгаа үед засаг бужигнуулахыг дэмжсэн нь буруу гэх шүүмжлэл нэлээд гарч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тиймэрхүү шүүмжлэл гаралгүй яах вэ. Сонгууль дөхөж байхад засаг төр бужигнх чимээ гараад байхаар олон нийт таашаахгүй нь ойлгомжтой. Гэхдээ Ерөнхийлөгч удаа дараа яриад байгаа шүү дээ. “Хариуцлагатай байя” гээд хууль хүртэл оруулаад ирчихсэн. Тэгэхээр хариуцлагтай байя гэвэл хариуцлага ярих л хэрэгтэй. Харин үүнийг хаанаас эхлэх ёстой юм гэхээр Засгийн газартайгаа л ярьж таарна биз дээ. Хэрвээ хариуцлагаа өндөржүүлье гэж байгаа бол шүү дээ. Сонгуулиас өмнө тэдэн сарын дотор хариуцлагын асуудал ярьж болохгүй гэсэн заалт ч хуульд байхгүй л дээ. Тиймээс ард иргэд санаа зовох нь зүйн хэрэг ч гэлээ хариуцлагаа сайжруулах талаар ярих нь цаг хугацаанд хавчигдах асуудал биш. Манай бүлэг Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдсэн ч гэлээ бусад гишүүд ямар санал өгөхөөс их зүйл шалтгаална шүү дээ.
-Танай бүлгийн 13 гишүүний хувьд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр, бүлгээсээ хараат бусаар гарын үсэг зурсан гэж байгаа. Ингэхдээ тус бүртээ нэг шалтгаантайгаар Ерөнхий сайдыг огцруулахад нэгдсэн. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүний хувьд Цэцийг хахуульдсан нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан гэж үзсэн. Харин таны хувьд тухайлсан ямар шалтгаанаар засгийг огцруулах нь зүйтэй гэж үзэв?
-Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Харин манай бүлгийн гишүүдийн 40-өөд хувь нь буюу 10 гаруй гишүүн гарын үсгээ зурсан байна лээ. Тэгэхээр бүлгийн төдийгүй УИХ-ын гишүүд ийм асуудал тавиад байгаа тохиолдолд огцруулах эсэх асуудлыг ярих нь зөв юм байна гэж үзсэн. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна гэж ойлгож байгаа. Үүнд олон асуудал бий.
-Тухайлбал?
-Оюутолгойн асуудлыг эргэж зайлшгүй ярих ёстой. Дубайн гэрээ гэгчийг УИХ-ын болон ҮАБЗ-ийн гаргасан шийдвэрт нийцүүлсэн юм уу үгүй юү гэдгийг Ерөнхий сайдаас асуух асуулт мөн. Дээр нь Засгийн газрын хариуцлагагүй байдлын талаар гишүүд ихээхэн шүүмжлэлтэй ярьж, баримт материал дэлгээд байгаа нь үнэн харагдаж байгаа. Жишээлбэл, Эрүүл мэнд,спортын сайдыг одоо болтол томилохгүй байна. Нэг яамны сайд нь хахууль авч байгаад баригдсан гэх мэдээлэл гараад байгаа нь ер нь энэ төрд итгэх итгэлийг ард түмний дунд их л унагаж байгаа хэрэг шүү дээ. “Манай оронд ер нь энэ авлига хээл хахууль их байгаа юм байна” гэсэн ойлголтыг нийгэмд өгчихлөө шүү дээ. Сайд нь ийм асуудалд орчихсон яваа нь Засгийн газрын нэр төр унаж байгаагийн л илрэл. Энэ бол яах аргагүй ярих асуудал. Түүнчлэн Цэцтэй холбоотойгоор зарчмын буруу хандлага гаргасан гэдэгтэй би санал нэгддэг. Жишээлбэл, Засгийн газрын гишүүний асуудлыг Цэцээр хэлэлцэж байгаа тэр үед өөрсдөө Цэцдээ 500-гаад сая төгрөгийн машин авч өгөөд, хахуульдчихлаа гэдэг яриа гарсан шүү дээ. Ингээд хараад байхаар энэ Засгийн газар чинь ер нь ажлынхаа хажуугаар зарим асуудлыг хахуулиар шийдэж, хахуулиар амьдарч байгаа юм биш үү гэсэн асуудал гараад ирж байгаа биз дээ. Тэгэхээр яагаад ийм юм болчихов гэдгийг ярих ёстой юм биш үү. Сонгууль болох гэж байна гээд зөнд нь хаях хэрэг үү.
-Эдгээр дээр нийгмийн халамжийн чиглэлийн асуудалд Засгийн газар тоглоомтой шийдвэрийг дараалан гаргасан нь багагүй нэрмээс болчих шиг боллоо. Танай бүлгээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд энэ асуудал голлох байр суурьтай байх шиг байсан?
-Хүүхдийн мөнгөний асуудлаар бодлого нь богино байгааг л харуулчихаж байгаа юм. Засгийн газар саяхан төсөв батлахдаа “Хүүхдийн мөнгө өгөх ямар ч боломжгүй, төсөв хүрэлцэхгүй” гэж хасуулчихаад 2-3-хан сарын дараа “Нийтэд нь олгоё” гэж байгаа нь алсыг харах ухаан дутаж байгаагийн л илрэл.
-Ерөнхий сайдын хажуугаар УИХ-ын даргыг ч бас сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг танайхан шаардсан. Ерөнхий сайдын хариуцлагагүй ажиллаж байгаагийн цаана УИХ-ын дарга байгаа гэх шүүмжлэл байнга л явдаг. “Манай улс хоёр Ерөнхий сайдтай болсон” гэх яриа ч бий. Спикерийг ч бас ажлаа өгөхийг шаардсан нь ямар учиртай юм бэ?
-УИХ-ын даргын тухайд сүүлийн үед гишүүдийн уур бухимдлыг нэлээд хүргэдэг болчихсон. Энэ хүн чуулган удирдах явцдаа УИХ-ын гишүүдийн эрхэд халдлаа гэдэг асуудал байнга гарч байгаа. Тиймээс өөрийнх нь энэ байгаа байдлыг УИХ-ын даргад анхааруулж, хэлэхээр болсон юм. Ер нь ч тэгээд намын даргын ажил хийж байгаа хүн УИХ-ыг даргална гэдэг үнэхээр бэрхшээлтэй харагдаад байгаа. Яагаад гэхээр намуудад байдаг улс төрийн мэдээлэл спикерт байдаг учраас улс төрийн тайлбар ээдрээ үүсээд байгаа харагддаг. Тиймээс намын дарга хүн УИХ-ын дарга байх нь зохимжгүй гэдэг асуудлыг яриад байгаа юм.
-Таны харж байгаагаар УИХ-ын дарга үнэхээр Ерөнхий сайдын “толгой” болчихоод, удирдаад байгаа байдал анзаарагдах юм уу. Гадуур ийм л шүүмжлэл явдаг шүү дээ?
-Уг нь УИХ-ын дарга Ерөнхий сайдынхаа ажилд нэг их оролцоод байх шаардлагагүй юм. Гэтэл хүмүүсийн ярих нь бүх юмыг зааж зааварлаад удирдаад “Тэг ингэ” гээд байгаа учраас Засгийн газар сүйрлийн байдалд орчихлоо. Харин үүнийг УИХ-ын болон намын дарга нь хийгээд байна гэсэн мэдээлэл их гарч байна. Тиймээс ч “Ерөнхий сайд гэж толгойгүй нөхөр байна” гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд ажил гүйцэтгэхдээ эрх мэдлээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа юм байна гэсэн ойлголт нийтэд байна. Би ч бас тэгж л ойлгож байгаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Энэ асуудал ер нь хэр газар авах бол. Танай бүлгийг дэмжчихээр ер нь засаг огцрохоор болчихлоо гэх яриа их гарч байна л даа. Улс төрийн тогтворгүй байдал сайн зүйл авчирдаггүй учраас Засгийн газрыг нээрэн огцруулчих юм биш биз дээ гэсэн айдас нийгэмд байх шиг байна л даа?
-УИХ-ын гишүүд гэдэг өдөр бүр урваж шарваж байдаг улс биш байх. Тэгээд ч ер нь олонх өөрийнхөө асуудлыг хэрхэн хамгаалж авч гарах вэ гэдэг л чухал шүү дээ.
-Засгийн газрыг огцруулах асуудал босч ирсэн нь эрх баригчид гаднаас өндөр хувийн хүүтэй зээл авах гэж байсныг ил болгочихлоо. Гэтэл үүнийгээ “Мазаалай” бонд гээд нэрлэчихсэн, хүү нь 10-аад хувь гэж байна. Энэ талаар зөвхөн АН-ынхан л мэдэж байсан гэх юм. Гэтэл танай бүлэг юмуу холбогдох байнгын хороогоор мэдээлэл хүргээгүй хэрэг үү?
-Засгийн газар гүйцэд боловсруулаагүй асуудлаа нийтэд нэг их ил гаргаад байдаггүй. Гэхдээ бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Сүүлийн үед л “Мазаалай” бонд босгохоор ажиллаж байхад саатууллаа гэдэг зүйлийг АН-ынхан яриад байгаа шүү дээ. Харин ийм бонд босгох гэж байсныг нь бид мэдээгүй учраас яаж саатуулах талаар бодохов дээ. Харин ийм бонд босгох гэж байсан юм бол УИХ-ын холбогдох буюу Эдийн засгийн юмуу Төсвийн байнгын хороонд мэдээлэл өгөхгүй яасан юм бэ гэж асуумаар байгаа юм. Өөрсдөө мэдээлэл өгөөгүй байж бүтэггүйтчихээр нь бусад руу чихээд байгааг ойлгохгүй байга юм даа.
-10-ад хувийн хүү нэлээд өндөр сонсогдоод байгаа юм. Дээр нь манай улс гаднаас авсан “Чингис”, “Самурай” бондынхоо үндсэн төлбөрийг ч төлж эхлээгүй байхад өрийг ингэж их нэмэх гээд байгаа нь “явах хүн”-ий л зан юм уу даа?
-Бодлогын хувьд авч үзмээр томоохон асуудал байгаа юм. Мөнгө санхүү, зээлийн бодлого, түүний хүүтэй холбоотой. Үүнийг УИХ, Засгийн газар дорвитойхон асуудал болгож тавихгүй байна. Жишээлбэл, гаднаас авч байгаа зээлийн хүү арай доогуур байгаа. Гэтэл дотоод бондын зээлийн хүү өндөр. Энэ зөрүүг яаж шийдэхээ бодлогын хувьд эхлээд ярьж шийдэх ёстой. Гаднаас 10 хувийн хүүтэй бонд босгоно гэдэг бол гаднынханд л өндөр хувийн хүү төлөх гээд байгаа хэрэг шүү дээ. Гаднынханд өгч байгаа талх л гэсэн үг. Энэ хоёрт зарчмын ялгаа бий шүү. Тиймээс үүнийг бодлогоор шийдэх учиртай юм.
-Нийслэлийн мандатын тоог нэмэх талаар сүүлийн үед их ярьж байна. Гэтэл 150 хоногийн дотор тоог нэмэх эсэхээ шийдэж, тойрог хэсгийн хороогоо байгуулсан байх ёстой гэдэг заалт хуульд байгаа юм билээ. Ер нь нийслэлийн мандатын тоог нэмэх зайлшгүй шаардлага үүссэн юм уу?
-Мандатын тоон дээр их болгоомжтой хандах хэрэгтэй. Хүн амын механик хөдөлгөөн Монголд их бий. Тиймээс үүнд суурилж, УИХ болон Орон нутгийн сонгууль бүрийн өмнө мандатыг хөдөлгөөд байх нь зөв үү буруу юу. Миний харж байгаагаар мандатыг тогтвортой байлгах нь зүйтэй. Энэ нь орон нутгийн болон нийслэлийнхний эрх ашгийн үүднээс юм шүү дээ. Нийслэлд хүн амын төвлөрөл их байна гээд тоог нь нэмчихээр орон нутгаа эзгүйдүүлэх, орон нутаг дахь хөгжлийн асуудлыг орхигдуулна гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар хамгийн сул хөгжилтэй нь орон нутаг болоод байна шүү дээ. Хэрвээ мандатын тоог нийслэлд нэмбэл орон нутагт тавих анхаарал сулрах цаашлаад өнөө л төв рүүгээ бөөгнөдөг нөхцөлийг бий болгоно. Нөгөө талаар орон нутгийн хөгжил саарах нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой юм шүү. Тиймээс аль нэг намын шаардлага юм уу цөөн хүний санаа бодлоор шийдчих зүйл биш. Тэгээд ч мандатын тоог хөдөлгөх нь хүн амын арван жилийн тоон дээр тулгуурладаг ажил. 2010 онд Монголд хүн амын тооллого болсон. 2011 онд УИХ энэ тоон дээр түшиглэж, 2012 оны сонгуулийн мандатыг хамтарсан Засгийн газрын үед хоорондоо тохиролцож УИХ-ын мандатын тоог тогтоосон юм шүү дээ. Тэгэхээр тэр тойрог, мандатыг өөрчлөх 10 жилийн цикль болоогүй байна. Ингэхээр бид аливаа зүйлийг тогтвортой авч явахын тулд 10 жилийн хүн амын тооллого дээр түшиглээд яаж бага зэргийн өөрчлөлт хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ утгаар нь авч үзвэл мандатын тоо нэмэх хасах асуудлыг төрийн дээд албан тушаалтнууд зогсоох ёстой гэж би хардаг. Яахав хуучин тойрог, мандат байгуулахыг сонгулийн өмнө тогтоодог байлаа. Одоо бол 150 хоног гээд хуульд заасан. Гэтэл энэ хугацаанд хийж чадах эсэх нь эргэлзээтэй.
-Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлж амжихгүй гэсэн үг үү?
-Хугацаа хойшлоод л байвал амжихад хэцүү л болно. Хуулийн хугацаа нь хэтэрчихвэл хуучнаараа л явна гэсэн үг шүү дээ.
М.Өнөржаргал
URL: