Хүүхдийн мөнгөнд 70-80 тэрбум төгрөгийг нэмж батлах шаардлагатай
Ц.Туваан: Хүүхдийн мөнгөнд 70-80 тэрбум төгрөгийг нэмж батлах шаардлагатай
Хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшнөөр буюу I-ХVII бүлгийн өрхөд олгохоор байсныг УИХ-аар хэлэлцээд бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор болсон. Гэтэл өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд зургаан тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ асуудлаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваантай ярилцлаа.
-Хүүхдийн мөнгийг зурагт, угаалгын машинтай айлд олгохгүй талаар ярьж, амьжиргааны төвшин тогтоох судалгаанд өрхүүдийг хамруулсан. Судалгаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Улсын хэмжээгээр 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 660 гаруй мянган өрхөд судалгаа хийсэн. Улаанбаатарт хүн амь харьцангуй шигүү суурьшсан учраас хүндрэл бага. Орон нутагт аймаг, сумдын бүх малчин өрхөөр орж судалгааг авдаг учраас газар зүйн байрлалаас шалтгаалаад зардал их гардаг. Энэ зардлыг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлсэн. Нийт дөрвөн тэрбум орчим зардал гарсны 50 хувийг дэлхийн банкны санхүүжилтаар, 50 хувийг улсын төвөөс гаргасан.
-Судалгаанд 660 мянган айл өрхийг хамруулахад дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулсан гэлээ. Судалгаанд зарцуулсан гэхэд арай л их мөнгө юм шиг санагдаж байна л даа?
-Би дээр хэлсэн. Энэ мөнгөөр 663 мянган өрхийн амьжиргааны төвшинг тогтоосон. Одоо мөн дүүрэг, аймаг, сум, хэсгийн халамжийн ажилтнуудад 40 гаруй мянган өргөдөл ирчихсэн байна. Үүний 60 гаруй хувь нь шинээр судалгаанд хамруулах өрх байна. Манай улс 760 орчим мянган өрхтэй гэсэн тооцооллоор авч үзвэл судалгаанд хамрагдаагүй үлдсэн болон өргөдөл ирүүлсэн 40 гаруй мянган өрхийн өргөдлийг дахин хянаж үзнэ. Мэдээж судалгаа авч байгаа учраас бүх өрхүүдээр үнэлгээний баг орно, орон нутагт гэхэд багуудаар машинтай явж судалгаа явуулсан. Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан ч дахин судалгаанд хамрагдахгүй бол хүүхдийн мөнгийг олгохгүй.
-Нийслэлийн өрхийн амьжиргааг тодорхойлохдоо зурагт, угаалгын машинтай эсэхийг судалсан. Малчдын амьжиргааг юугаар тодорхойлж байна вэ?
-Өрхөөр орж судалгаа авахдаа гурван бүлэг 55 асуултад хариулт авсан. Судалгааны асуулгад удаан хэрэглэсэн эд хогшил гэдэг ангилалд угаалгын машин, зурагт зэрэг бүх төрлийн цахилгаан барааг оруулсан. Судалгааг зөвхөн эдгээр цахилгаан бараагаар хязгаарлаагүй. Өрхөөс хэдэн хүн ажил, орлоготой байгаа эсэх гээд олон асуулгаас бүрдэж байгаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа нь маш олон асуулгыг нэгтгэж, оноо бодох замаар гаргадаг. Орон нутагт хэдэн төрлийн малыг, өсгөж үржүүлж байгаа тоо толгойгоор нь асуулгад хамруулж, судалсан.
-Орон нутгаар танай мэргэжилтнүүд нэг бүрчлэн явж, судалгаа хийсэн гэсэн үг үү?
-Бүх аймаг, сумаар өрхийн амьжиргаа тогтоох судалгааг хийсэн. Судалгаанд манай улсын нийт иргэдийн 86 хувь нь өмнөх онд хамрагдсан бол он гараад судалгаанд шинээр хамрагдах өрхийн тоо нэмэгдэж, одоогоор улсын хэмжээнд дүүрэг, аймгийн хэлтсийн мэргэжилтнүүдэд 40 гаруй мянган өргөдөл шинээр ирсэн байна.
-УИХ-аас бүх хүүхдэд мөнгө олгох эрхийг нээж өгснөөр энэ жил нийт хэдэн хүүхэд мөнгө авах вэ?
-Өнгөрсөн оны арванхоёр дугаар сард нэг сая 30 мянган хүүхэд мөнгөө авсан. Одоогоор бидний харж байгаагаар дээрх тоонд арай хүрэхгүй цөөн хүүхэд мөнгөө авах байх гэж бодож байна. Учир нь судалгаанд хамрагдсан хүүхдүүд эхлээд мөнгө авна шүү дээ. Гэхдээ УИХ-ын хамгийн сүүлийн шийдвэрээр бол бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох эрхийг нь нээж өгсөн.
-Өмнө нь бүртгэлтэй, хүүхдийн мөнгө авч байсан өрх судалгаанд дахин хамрагдах шаардлагатай юу?
-Судалгаа авах хугацаа цаашид тасралтгүй үргэлжилнэ. Гэхдээ судалгаанд хамрагдахаар сум, хорооны мэргэжилтэнд өргөдлөө өгсөн хугацаагаар нь хөөж хүүхдийн мөнгийг олгоно. Тухайлбал, нэгдүгээр сарын 31-ний дотор өргөдлөө багтаж өгсөн өрхүүд хүүхдийн мөнгийг энэ сард авах боломжтой гэж ойлгож болно. Харин хоёрдугаар сард өргөдлөө өгвөл дараа сараас л хүүхдийн мөнгөө авч эхэлнэ.
-Оны өмнө өргөдлийн маягт бөглөсөн ч одоо болтол хяналтын баг очиж, баталгаажуулаагүй гэсэн иргэдийн гомдол байна. Эдгээр өрхөд хүүхдийн мөнгийг нөхөж олгох уу?
-Оны өмнө Засгийн газрын 70 дугаар журамд өөрчлөлт орж, 490 дүгээр тогтоолд шинээр болон дахин үнэлгээ хийх зардлыг шийдэж өгсөн. Тэгэхээр хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бүх өрхөөр манай мэргэжилтнүүд орж байгаа. Ачаалал ихтэйгээс хяналтын баг очиж амжаагүй айл байж болно. Гэхдээ иргэдийн өргөдөл гаргасан хугацаагаар нь бодож хүүхдийн мөнгийг олгоно.
-Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээнээс олгох вэ?
-Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацаанд УИХ, Засгийн газар эл асуудлыг хэлэлцэж байсан учраас бага зэрэг хойшлохоор байна. Гэхдээ хоёрдугаар сарын эхээр олгоно.
-Амьжиргааны төвшнөөс хамаарч хүүхдийн мөнгө олгохоор төсөв баталсан. Гэтэл бүх хүүхдэд мөнгө олгохоор боллоо. Баталсан төсөв дээр хэдэн төгрөг нэмж батлах шаардлагатай вэ?
-УИХ-ын 103 дугаар тог тоолоор Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үед санхүүжилт дутвал төсвийн тодотголд тусгахыг Засгийн газар, Ерөнхий сайдад даалгасан. Одоогоор 70-80 тэрбум төгрөг нэмж батлуулах хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
URL: