Өрхийн эмнэлэг иргэдэд ойртсон ч үйлчилгээ нь хүртээмжгүй байна

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос үзүүлэх ёстой газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Нийслэлд нийт 129 өрхийн эмнэлэг ажилладаг бөгөөд анхан шатны үзлэг, эмчилгээг хийгээд дээд шатлалын эмнэлэгт шилжүүлдэг юм. Өрхийн эмнэлгийн хүртээмж, чанарын тухай иргэд сэтгэл дундуур байх нь олонтаа ч ам сайтай нь ч цөөнгүй. Харин сүүлийн үед зарим иргэн “Шээс, цусны шинжилгээ өгөхөд өрхийн эрүүл мэндийн төвөөс квот тогтоодог болсон. Гэхдээ өдөрт 3-4 хүнд дугаар өгч байна. Энэ нь шинжилгээ өгөхийн тулд олон хоног хүлээхэд хүрч, чирэгдэл учруулж байна” гэж ярих нь чих дэлсэх болов.

Тиймээс энэ талаар сурвалжлахаар Хан-Уул дүүргийн VI хорооны “Чанд авиа” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Өглөөний 08.30 цагийн үед очиход эмнэлгийн эмч ажилчид аль хэдийнэ ирж үзлэгээ эхэлсэн байв. Гэвч тэнд ганц, хоёр хүн үзүүлж байгаа харагдав. Эмнэлгийн ажилчдын хэлж буйгаар 10.30-12.30 цагийн хооронд ачаалал нэмэгдэж, дараалал үүсгэдэг. Харин өглөө эрт шинжилгээний бичиг авах хүмүүс л ирдэг гэнэ. Уг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэнд-Аюушаас шинжилгээ авах дугаарыг хэрхэн өгч байгаа талаар тодруулахад, “Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар Яармаг, Нисэхийн иргэдэд үйлчилдэг. Эхо, шээс, цус, эмэгтэйчүүдийн шинжилгээг авдаг. Ингэхдээ өрхийн эмнэлгийн ачаалал, хүн амаас шалтгаалаад квот тогтоосон.

Манай хороо гэхэд 6500 хүн амтай. Тиймээс манай эмнэлэг өдөрт дөрвөн хүнд шинжилгээний, мөн дөрвөн хүнд эход харуулах дугаар өгч байна. Дугаараа олгохдоо хэвтэх дугаар захисан, жирэмсэн эх, яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай хүмүүсээ тухай бүрт нь зохицуулан явуулдаг. Ингэснээр өмнө нь иргэд үүрийн 03.00- 04.00 цагт дугаарлаж байж шинжилгээ өгдөг байсан нь үгүй болж, хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулж байна. Хамгийн гол нь өглөө эрт ирсэн дөрвөн хүн нь дугаараа авчихдаг. Тиймээс дараа нь ирсэн иргэд дугааргүй хоцорсондоо бухимдах тал бий” гэв. Тус өрхийн эмнэлгээс гараад хоёр гудамжны цаана байрлах тус дүүргийн VIII хорооны “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвөөр орлоо. Эднийх өдөрт зургаан хүнд шинжилгээний дугаарыг өгч байгаа аж.

Учир нь, бусад хороог бодвол харьцангуй хүн ам ихтэй гэнэ. Дүүргийн эрүүл мэндийн салбараас өдөрт зургаан хүн шинжилгээнд хамруулах квот тогтоосон. Харин яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай ганц, нэг хүнийг нэмж явуулах боломжтойг тус өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан хэлж байв. Энэ өрхийн эрүүл мэндийн төвд 4-5 хүн гудамж хариуцсан эмчдээ үзүүлэхээр дугаарлаж байлаа. Тус хорооны иргэн Ж.Цэрэндулам “Өрхийн эмнэлгүүд шинжилгээ өгөх хүнд квот өгдөг болсон гэж өчигдөр /уржигдар/ сонслоо. Би зүрх муутай хүн. Зүрх өвдөөд ирж үзүүлсэн, шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн. Гэхдээ өнөөдрийн /уржигдар/ шинжилгээний дугаар дууссан учир маргааш ирж бичгээ ав гэсэн болохоор ирлээ. Өнөөдөр бичгээ авлаа гэхэд маргааш л шинжилгээгээ өгөх болж байна. Өмнө нь өрхийн эмчдээ үзүүлэхдээ шинжилгээний бичгээ аваад маргааш нь шинжилгээгээ өгөх боломжтой байсан. Бие нь их өвдсөн хүн бол нэг өдрийн өмнө ч болтугай өвчнөө оношлуулж, эмчилгээгээ хийлгэхийг бодно шүү дээ. Гэтэл ингэж квот тогтоох нь өвчтэй иргэдийг цаг алдуулж байна” гэсэн юм.

Нэг хороонд доод тал нь 6000 гаруй иргэн оршин суудаг. Гэтэл өдөрт 4-6 хүнд шинжилгээ өгөх квот олгож байгаа нь хангалтгүй санагдаж байлаа. Тиймээс энэ талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Яар- маг салбарын эрхлэгч Г.ОЮУНЦЭЦЭГЭЭС тодруулав.

-Танай салбар аль хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай салбар ХанУул дүүргийн IX хорооны жирэмсэн болон IV-VIII, XIV, XVI хорооны иргэдэд лабораторийн шилжилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр хороо нийт 65 мянга орчим хүн амтай. Дээр нь Вивасити, Буянт-Ухаа I,II хорооллын иргэд шилжиж ирээгүй боловч тэдэнд үйлчлэхээс өөр арга байхгүй.

-Хороодод шинжилгээний квот тогтоосон байна. Ингэснээр танай амбулаторийн ачаалал буурч байна уу?

-Өмнө нь өрхийн эмч нар шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзсэн бүх хүнд шинжилгээний бичиг хийж өгөөд явуулдаг байсан. Тэгэхээр маш олон хүн шинжилгээ өгөх гэж шөнийн 05.00-06.00 цагт ирж, маш их дарааллыг үүсгэдэг. Гэтэл манай салбар гурван лаборанттай учир ирсэн хүн болгонд үйлчиллээ гэхэд дараах ажил буюу шинжилгээ хийх үйл ажиллагаа нь ажлын цагтаа багтдаггүй. Мөн шинжилгээ өгсөн иргэд эргээд хариугаа авдаггүй зэрэг байдлаас хамааран өрхийн эмнэлгүүдэд хүн амынх нь тооноос шалтгаалан квот тогтоож өгсөн. Ингэснээр эмнэлгийн ачааллыг бууруулахаас гадна шаардлагагүй шинжилгээг авахаа больсон. Дээр нь иргэд өглөө эрт ирж дугаарлах шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгээсээ квот авсан хүмүүсийн шинжилгээг авч байгаа учир “Би шинжилгээгээ өгч чадахгүй хоцорчих вий” гэх асуудалгүй болсон.

-Өдөрт хэчнээн хүнээс шинжилгээ авч байна вэ?

-Өдөрт 50-60 хүний шинжилгээг авч байна. Зөвхөн өрхийн эмнэлгээс ирүүлсэн хүмүүсээс авдаггүй. Дээр нь зүрх судас, нүд, эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинетуудаас явуулсан хүмүүсийг хүлээн авдаг. Мөн нэн шаардлагатай болон жирэмсэн эхчүүдийнхээ шинжилгээг дугааргүйгээр хийж өгч байгаа. Ийнхүү квот тогтоосноор шинжилгээ өгөх гэж үүр цүүрээр дугаарлах шаардлагагүй болж, энэ нь дүүргийн эмнэлэгт хүлээлт үүсгэхгүй болсон талаар амбулаторын эрхлэгч хэлж байна. Гэтэл үүний ач холбогдлыг ойлгосонгүй юу, мэдээлэлгүй байсан уу, квотоос болж цаг алдаж байна гэх иргэд ч байв.

Харин Солонгосоос тусламжаар ирсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгөх шээсний шинжилгээний аппарат одоог хүртэл тус дүүрэгт ирээгүй байлаа. Ядаж шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгтээ авдаг болчихвол өдөрт олгодог 4-5 квотоо бусад төрлийн шинжилгээндээ шингээвэл хэрэгтэйсэн. 60 гаруй мянган хүний эрүүл мэндийг сахидаг дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар иймэрхүү аргаар л шинжилгээний асуудлаа зохицуулж байна, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга аа.

М.Энхцэцэг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих