Түвд лам нар зулын гол болохыг оролджээ
Хятадын Сычуань мужийн Аба хошуунд байрлах Кирт сүм цагдаа нарын хатуу хяналтад байна. Учир нь тус сүмийн хоёр түвд лам уржигдар өөрсдийгөө зулын гол болгохыг оролдсон нь амжилтгүй болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хоёр лам амь аврагдсан бөгөөд бага зэргийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Гэвч “Түвдийг хамгаалах” байгууллагаас нэг лам нь нас барсан гэсэн бол нөгөөгийн бие нь маш хүнд байгаа талаар онцолжээ. Хятадын эрх баригчдын үзэж байгаагаар энэхүү үйлдлээрээ тэд түвдүүдийг тусгаар тогтнолын төлөөх жагсаалд турхирахыг оролдсон хэмээжээ.
Үүнтэй холбогдуулан тус нутаг дэвсгэрт зургаагаас дээш хүнийг нэг дор цугларахыг хоригложээ. Мөн интернэтийг хааж, гар утсыг хязгаарласан байна. Түүнчлэн Хятадын хууль сахиулагчид Кирт сүмд хүрэх бүх замыг хяналтдаа авсан аж.
Оршин суугчдынх нь мэдээлснээр гудамжинд цагдаа нар энд тэнд холхиж буйг онцолсон байна. Тус бүс нутаг руу гадаадын жуулчинг нэвтрүүлэхийг хориглоод байсан бол дотоодын иргэдтэй ч мөн хориг тавьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард мөн Кирт сүмийн лам зулын гол болсон удаатай. Тухайн үед ойролцоогоор 1500 түвд эсэргүүцлийн жагсаал хийж байжээ. Албан бус мэдээгээр жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас хоёр хүн шархадсан гэдэг.
URL: