Ширэн бээлийтнүүд цуврал ялалтаар гараагаа эхлүүлэв

Азербайжаны нийслэл Баку хотноо Гейдар Алиевын нэрэмжит спорт цогцолборт боксын ДАШТ-ий тулаанууд өнөөдөр гурав дахь өдөртөө үргэлжилнэ.

-49 кг-ийн тулаануудаар эхэлсэн ДАШТийг манай боксчид амжилттай эхлүүлж чадлаа. Өчигдөр 52, 56 кг-ийн жинд манай  боксчид тулалдсан бөгөөд 52 кг-ийн жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт Болгарын Стефан Ивановыг, ОУХМ Д.Отгондалай 56 кг-ийн жинд Армяны Ховханнес Бачковыг тус тус илт давуу яллаа.

Н.Төгсцогтын хувьд учраагаа 22:15-аар буулгаж авсан бол Д.Отгондалай 24:13-аар ялсан юм. Ийнхүү боксчид маань Бакугийн рингэнд тулаанаа ялагдалгүй эхлүүлж чадлаа. Харин өнөөдөр есдүгээр сарын 28-нд 81 кг-ийн жинд ОУХМ С.Эрдэнэбаяр рингнээ гарна.

-49 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба итгэл найдвар өвөрлөн тулалдах билээ. Тэрбээр эхний үед гоц мөргөж 132-д үлдээд байгаа. Энд түүний учраа нь өчигдөр Алжирын боксчныг ялж гарч ирсэн Камеруны Томас Эссомба. Түүнийг манай П.Сэрдамба ялах нь дамжиггүй.

Харин энэ жинд хамгийн хүчирхэг өрсөлдөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог хятадын Жоу Шимин өчигдөр эхний учраагаа хялбархан ялж  132-д үлдээд байгаа. Хятад улс дэлхийн дэвжээнээс хоёр алтан медаль авсны хоёуланг нь Жоу Шимин авчирч өгсөн.

Анх 2005 оны ДАШТ-аас алтан медаль авч байсан Жоу Шимин одоо ид тулалдаж байсан үеэсээ харьцангуй муудсан ч түүнийг Бакугийн гялалзаж байна хэмээн бичиж эхэллээ.

Аравдугаар сарын 3-нд П.Сэрдамба маань Томас Эссомбатай тулаанаа хийх юм. Тэрбээр жиндээ наймдугаар сарын 25-нд AIBA-гаас гаргасан чансаагаар гуравт бичигдэж байгаа. Түүний жинд Азербайжаны Салиман Ализада нэгт бичигдэж удаад нь Өмнөд Солонгосын Шин Жон Хун орж байна.

Харин есдүгээр сарын 29-нд ОУХМ Б.Түвшинбат армяны боксчинтой, есдүгээр сарын 30-нд 64 кг-ийн жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Камерун Албанийн боксчдын ялсантай, аравдугаар сарын 1-нд 60 кг-ийн жинд ОУХМ Б.Жавхлан Колумбын Цезар Вилларагатай, 75 кг-ийн жинд ОУХМ Т.Чулуунтөмөр Сербийн Александр Дреновактай тус тус Бакугийн рингэнд тулалдана.

Манай боксчдын эхний даваандаа ямартай ч тийм ч чанга учраатай таарсангүй гэж хэлж болох. Тиймээс өнөөдрөөс эхлэн ялалтын чимээ тасрахгүй хэмээн найднам.

Энэ жилийн ДАШТ нь сонирхогчдын эрэгтэйчүүдийн 16 дахь удаагийн ДАШТ билээ.
1974 оноос эхлэн зохиогдох болсон ДАШТ-ээс манай монголчууд анх 1982 онд Герман улсын Мюнхены рингнээс 57 кг-ийн жинд Р.Отгонбаяр мөнгөн медаль авч байлаа.

Тэгвэл хамгийн сүүлд буюу 2009 оны Миланы рингнээс П.Сэрдамба алтан медалийг эх орондоо авчирч байлаа.

Спортын энэ гайхамшигтай төрлөөр ДАШТ-ээс авсан алтан медалийн тоогоор Куба улс хол тасархай тэргүүлдэг. Куба улс 1974 оноос хойш зохиогдсон 15 дэлхийн аваргаас нийт 64 алтан медаль хүртсэн байдаг бол удаад нь ОХУ-ын боксчид 19 алтан медаль буюу ЗХУ-ын үед авсан 14 алтан медалийг тооцвол 33 алттай бичигддэг.

Гуравдугаарт АНУ-ын ширэн бээлийтнүүд 15 алттай жагсдаг.
Нийтдээ 27 улс дэлхийн аваргаас алтан медаль хүртсэний дотор манай улс багтдаг билээ.

О.Нар


URL:

Сэтгэгдэл бичих