Үндэсний бөхийн хамгийн, хамгийн, хамгийн

Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан үндэсний бөхчүүдийн хамгийн шилдгийг тодруулжээ. Үндэсний бөх сонирхогчдын фейсбүүк хуудсаар тодруулсан энэхүү жагсаалтыг хүргэе.

Хамгийн өндөр боловсролтой бөх

Энэ номинацид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодорчээ. Түүнийг бөхчүүдээсээ хамгийн олон буюу гурван их сургууль төгссөн болохоор нь ийнхүү нэрлэсэн байна. Мөн Англи, Япон хэлний мэдлэгтэй аж.

Хамгийн сайхан галбиртай бөх

Спортоор хичээллэдэг эрчүүд өв тэгш бие бялдартай болдог нь элбэг. Тэдний тод жишээ нь Монгол Улсын хaрцагa Ц.Содномдорж, А.Бямбажав нар хэмээн бичжээ. Тэднийг илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрхтэй гэсэн байна.

Хамгийн их бизнес эрхэлдэг бөх

Зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” бол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийнх. Өдгөө АНУ-д амьдарч буй тэрбээр энэ номинацид хамгийн олон санал авчээ. Түүний дараа “Мөнхийн үсэг” группын Ерөнхий захирал, улсын начин До.Ганбат, улсын харцага Ц.Магалжав нар жагсав.

Хамгийн бяртай бөх

Монгол бөхийн барилдааныг бяр хүч, мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн бяртай нь улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар хэмээв. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар ч тун ойрхон санал авчээ.

Хамгийн уран барилдаантай бөх

Энэ тодорхойлолтыг улсын харцага Ө.Даваабаатар тэргүүллээ. Түүний уран, хурц дайчин барилдаанд үзэгчид дэндүү их дуртай. Мушгиж тонгорох, дүүгүүрдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг харцгыг аймгийн арслан байх үеэс л үзэгчид хайрлаж, хүндэлж уран барилдааныг нь шагшиж ирсэн. Одоогоор заалны барилдаанд цөөхөн гарч барилдаж байгаа ч тэрхүү уран сайхан барилдааныг харахыг хүссэн үзэгч олон байдаг.

Хамгийн царайлаг бөх

Манай бөхчүүд гоо зүйн талаас ямар ч шалгалтад тэнцэхээр нийтлэг сайхан төрхтэй. Тэр дундаа онцгой царайлаг бөх олон. Энэхүү санал асуулгад улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ц.Содномдорж нар энэ тэнцүү шалгарсан байна.

Хамгийн сайхан хувцасладаг бөх

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж үг бий. Үргэлж олны нүдэнд ил явдаг бөхчүүд маань хувцаслалтын хувьд үзэгчдээс тун өндөр үнэлгээ авдаг юм билээ. Ялангуяа наадам болон Цагаан сараар монгол дээлний загварыг бөхчүүд л тодорхойлдог гэхэд нэг их хилсдэхгүй биз. Энэ номинацид улсын гарьд Д.Рагчаа тэргүүллээ. Түүний өдөр тутмын хувцаслалт нь хүртэл стильтэй байдгийг бөх сонирхогчид гярхай анзаарсан байна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих