Таван хувийн хүү эдийн засагт ингэж нөлөөлнө
Сар бүр 500 гаруй мянган төгрөг банкинд төлдөг иргэн 400 мянгыг тушаачихаад, үлдсэн 100 мянган төгрөгийг амьжиргаандаа зарцуулах нөхцөл бүрдсэн гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд дуулгаад буй. Орон сууцны урт хугацаат зээлийн хүү буурснаар барилгын салбарт үр ашгаа өгөх нь мэдээж. 2013 оноос Ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн даруйдаа барилгын салбарын өсөлт хэд дахин нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 76 мянган өрх орон сууцанд орж, барилгын салбарт 96 мянган ажилтнаар хөдөлмөрийн зах зэал тэлсэн. Энэ хэрээрээ Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн уул уурхайн салбарын ачааг хөнгөлсөн гэх мэтээр бага хүүтэй орон сууцны зээлийн хүүгийн эдийн засагт үзүүлсэн сайн нөлөөг дурдвал дуусахгүй.
Гэвч зээлийн хүүг бууруулах алхам эдийн засагчдын зүгээс багагүй шүүмжлэл дагуулах болов. Эмзэг байгаа зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь валютын ханш, инфляцад нөлөөлдөг. Улмаар ам.долларын ханшийг хазаарлаж дийлэхгүйд хүрэх магадлалыг давамгайлж байна. Учир нь, бодлогын хүүг 13 хувь байхад ипотекийн зээлийн хүү найман хувь байсан. Энэ үед хүүгийн зөрүүний алдагдлыг арилжааны банкууд биш Монголбанк үүрсэн. Харин одоо зээлийг хүүг ахин бууруулах нь. Үүнийг Монголбанк мөнгө хэвлэж шийдвэрлэхээс өөр аргагүй. Тиймээс Монголбанк их хэмжээний мөнгө хэвлэж эдийн засагт оруулах нь богино хугацаандаа барилгын салбарыг дэмжих ч алсдаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж олонх харж байгаа.
Тухайлбал, МУИС-ын Бизнесийн сургуулийн багш Б.Алтанцэцэг АНУ-ын моргейжийн зээлийн хямралтай ижил нөхцөл бүрдсэн талаар ярив. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд эрсдэлд орсон талаарх мэдээлэл явсан. Гэвч зарим гоо баримт Цэцийн шийдвэрээс өмнө арилжааны банкууд эрсдэлд хүлээх нөхцөл бүрдсэн гэж харж болохоор байна. Тухайлбал, нийт өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2014 хоёрдугаар хагасаас хойш аажим өссөөр өнгөрсөн оны төгсгөлд 7.15 хувь болсон. 2013 онд өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь дунджаар 1.56 хувь, 2014 онд 3.03 болж, өнгөрсөн онд 5.41 хувьтай гарчээ. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтээс харахад, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс өмнө буюу 2014 оны долоодугаар сараас санхүүгийн салбарын эрсдэл эхэлсэн гэж болохоор байна.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбар өнөөдөр хэдийнэ эрсдэлд орчихжээ. Цаашид эрсдэл улам өсөхөөр байна. Ипотекийн зээл санхүүгийн салбарт маш том байр суурь эзэлж байгаа. 76 мянган өрхөд 3.5 их наяд төгрөгийн зээл олгосон талаар МИК мэдээлсэн. Энэ нь ДНБ-ий 21.9 хувьтай тэнцэх хөрөнгө. Тэгвэл ипотекийн зээлийн таван хувийг тав болгож, хөтөлбөрийн цар хүрээг нь нэмэх саналыг УИХ-ын дарга гарсан байна. Цэцийн шийдвэрээс илүү энэ алхам эдийн засагт хор хөнөөл авчрах магадлалтай. 2009 оны АНУ-ын моргейжийн зээлийн хямралтай адил эх үндэс бий болсон учраас эргэлзээ төрж байна. Телевизийн мэдээгээр их сайхан тоонууд ярьж байгаа. “Инфляц буурчихлаа. Тиймээс ипотекийн зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрсэн. Олон мянган хүн хамрагдана. Иргэд зээлээ маш сайн төлж байна. Хамгийн эрсдэлгүй зээл” гэх мэт. Гэтэл статистикийн газрын мэдээнд чанаргүй зээл дэх иргэдийн авсан зээлийн эзлэх хувь өссөөр байна. Нийт чанаргүй зээлд иргэдийн авсан зээл 2014 оны долоодугаар сард найман хувьтай байсан бол өнгөрсөн онд 16 гарлаа. Хоёр дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр дахин зээл олгох орон зай хязгаарлагдмал” гэв.
Гэхдээ эдийн засагт мөнгө хомстсон нөхцөлд мөнгөний зөөлөн бодлого баримтлах замаар зах зээлээ дэмжих нь зөв хэмээн үзэх хүн ч байгаа. Төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмснээр зээлийн хүү буурах боломжтой. Мөн зах зээл дээр эргэлдэх мөнгө өссөнөөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих аж. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өөрөөр тайлбарлаж байгаа. Тэрбээр “Биднийг гурван жил гаруй шүүмжлүүлсэн. Эдийн засагт 3.4 их наяд төгрөг нийлүүлчихлээ гэж. Тэр мөнгийг Монголбанкнаас л нийлүүлсэн. Үр дүнд нь 40 мянган айлын орон сууц барьчихлаа. Одоо буцаад иргэдийн зээл болоод, тэр нь багцлагдаад, моргейжээр баталгаажсан үнэт цаас болоод буцаад ирчихсэн байна. 14 байсан инфляц 1.9 хувь болж буурлаа. Ипотекийн зээлийн хүү одоогийнх шиг зах зээл дээр өндөр эрэлттэй, нөгөө талдаа нийлүүлэлт хангалттай үед хийх юм бол үнийн хэлбэлзэл бага үүснэ. Орон сууцны хамгийн өндөр нийлүүлэлттэй үе одоо ирчихээд байна. Тиймээс өдийд зээлийн хүүг бууруулах замаар эрэлтийг дэмжих нь зах зээлд доргио үүсгэхгүй. Шинээр бий болж байгаа эрэлтийн хэмжээ бидний харж байгаагаар 4-5 мянган шинэ моргейж энэ ондоо нэмэгдэнэ” гэв. Ипотекийн корпорацын гаргасан тооцоогоор зөвхөн нийслэлд урт хугацаатай орон сууцны зээл авах хүсэлтэй 204 мянган өрх байгаа ч 64 мянга нь л найман хувийн зээлийн шаардлагыг хангаж байгаа аж. Тэгвэл хүүг таван болгож бууруулснаар шинээр 67 орчим мянган өрх зээлийн шаардлагыг хангах аж.
Барилгын ассоци үнээ нэмэхгүй
Таван хувийн хүүг зарласнаар орон сууцны үнэ өсөх таамгийг олон нийтийн зүгээс дэвшүүлсэн. Үүнд, Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал, “Заг” ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар “Манай ассоциацад бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг гүйцэтгэж байгаа үндэсний 150 компани гишүүнчлэлтэй. Ассоциацаа төлөөлөн хариулахад зах зээл, хууль эрх зүйн орчин тогтвортой байвал орон сууцны өсөхгүй, цаашлаад тогтвортой байх боломж бүрэн бий. Монгол Улсад 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Зах зээл дээр бэлэн болсон 17 мянга 700 орон сууц байгаа. Мөн 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 26 мянга гаруй барилга нийт 40 мянгад хүрсэн байгаа. Нийлүүлэлтийн эрчийг эрэлт нь гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан болж байна. Өмнө нь ийм байдал үүсч байхад төрийн дэмжлэгтэй зээл олголт явсан. Улмаар салбарын хөрөнгө эргэж, зах зээл сэргэж ирсэн. Маш олон оролцогчтой энэ салбарыг яаралтай хөдөлгөөнд оруулахгүй бол байдал тун хүнд болох эрсдэлтэй байдалд байна. Үүнийг барилгын компаниуд бүрэн дэмжинэ” гэв.
Судлаачдын зүгээс ч зах зээл дээрх нийлүүлэлт нь эрэлтээсээ хэд дахин давчихсан учраас орон сууцны үнэ өсөхгүй гэдгийг хэлж буй. Гэхдээ эрэлтийг дагаж цаашид орон сууцны үнэ өсөхгүй гэх газаргүй. Үүнийг зээл олголтоо нийлүүлэлтгэй тэнцүүлэх замаар зохицуулж болно. Учир нь сард дунджаар 1000-1300 айл орон сууцны ипотекийн зээл авдаг. Энэ тоог огцом өсгөхгүй барих нь нэг гарц байж мэдэх юм.
Ипотекийн журмыг шинэчлээгүй
УИХ иргэний хуульд өөрчлөлт оруулснаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэхээр болов. Ингэснээр “Таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэзээ олгож эхлэх вэ” гэсэн асуулт олон нийтийн дунд үлдээсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар ипотекийн найман хувийн зээлийн хүүг тав болгох тухай асуудлыг хэлэлцэж баталсан гэдгийг салбарын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэв. Тэрбээр “Нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. 100 ам метр хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр олгоно.
Харин заасан хэмжээнээс том орон сууц авахаар бол найман хувийн хүү ногдоно” гэчихээд зээлийн хүүг таван хувь болгож бууруулахад Арилжааны банкууд, Монголбанктай тохиролцох шаардлагатай гэх хоёр үзүүртэй мэдэгдэл хийж орхив. Гэвч үнэндээ Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах журам гаргахыг дэмжсэн. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд энэ асуудльн оруулж ирсэн ч судлахаар буцаасан байжээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Энэ хавар таван хувийн зээлийг эхлүүлэхээс өөр сонголт байхгүй” гэжээ. Мөн найман хувийн зээл авсан иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлнэ гэдгээ ч эрх баригчид мэдэгдсэн. Энэ ажльн гуравдугаар сараас хийж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа ч Монголбанкны ерөнхийлөгч Цагаан сарын өмнө шийдэгдэх талаар мэдээлсэн. Учир нь, Ирээдүйн өв сангийн тухай хууль УИХ дээр байгаа бол Засгийн газар одоо мөрдөж буй Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хүлээгдэж байна. Мөн арилжааны банкуудтай тохиролцох үүрэг Монголбанкинд бий.
Б.Мягмардорж
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hudlaa show.