Азтангуудыг азгүй явдал ороохын учир

Powerball JackpotХүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том сугалааны хожил энэ сарын 13-нд Америкт тохиолдож, азтанд атаархах хүний тоо хэдэн саяар тогтохгүй болсон аж. АНУ-ын “Powerball” сугалааны энэ жилийн азын тохирол 1.5 тэрбум ам.долларт хүрж, хэн хожих бол хэмээн хүн болгон догдолж суулаа. Энэ их мөнгө гэхүү, бүхэл бүтэн хөрөнгийг Калифорни мужийн Эрик Брэгг хожсоноо олон нийтийн сүлжээнд зурагтайгаа тавин зарлажээ. Үнэхээр түүний гартай барьсан сугалаан дээр 04, 08, 19, 27, 34 болон  Powerball-ын 10 гэсэн тоо байсан. Азтаныг баярлаж дуусаагүй байтал Флорида, Теннес мужид бас хоёр хүн зургаан тоог таасан мэдээ гараад байна. Хэрэв үнэн бол тэд мөнгийг хувааж авах юм. Үүнээс өмнөх хамгийн өндөр хожил 656 сая доллар байсан бөгөөд мөн л гурван хүн хожиж байж. 1.5 тэрбум доллар хэр их мөнгө болохыг тайлбарлахад Беларусь улсын гадаад өрийн тал хувьтай тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Брегг хэрэв хүсэх юм бол энэ улсын гадаад өрийн талыг дарж өгч чадна гэсэн үг. Сугалаанд оролцохын тулд хоёр доллараар сугалаа худалдан авах ёстой. Тэгээд таван улаан, Powerball хэмээн нэрлэгддэг нэг цагаан бөмбөлөг дээр байгаа дугаарыг таах хэрэгтэй. Ингээд л боллоо. Гэхдээ зургаан тоог бүгдийг таах нь 292 саяд нэг тохиолддог ховор явдал юм. Дараа нь азтан этгээд мөнгөө нэг мөсөн авах уу, эсвэл 30 жилийн турш хэсэг хэсгээр авах уу гэдгээ шийднэ. Хэрэв нэг дор авбал мөнгө нь 930 сая ам.доллар болон багасах юм. Дээр нь татвар төлнө. Харин 30 жилийн дотор буюу 2045 оноос өмнө нас барсан тохиолдолд мөнгө нь өв хөрөнгө болон үлдэх дүрэмтэй. Сугалааг зохион байгуулагчдаас азтангуудыг болж өгвөл нэрээ нууцлах, мөнгө авахаасаа өмнө санхүүч, эдийн засагч нартай зөвлөлдөхийг хүсэж байна. Учир нь сугалаагаар их хэмжээний мөнгө хожоод аз жаргалтай сайхан амьдарсан хүн цөөхөн аж. Гэнэт баяжих насанд цөвтэй, гэнэт цадах гэдсэнд цөвтэй хэмээн манай өвөг дээдэс сургасан байдаг. Нэг л өдөр саятан, тэрбумтан болон хувирснаар амьдралаа алдаж, бүр зарим тохиолдолд амь насаа алдаж ч болох гэнэ. Найз нөхдийн урвалт, гэр бүлийнхний дайсагнал, амь насанд халдах, хорлолт, дампуурал, хар тамхи гээд л шинэ тэрбумтныг олон олон таагүй зүйл хүлээж байна. Ингээд сугалаагаар гэнэт баяжаад цөвтсөн хэдэн түүхийг танилцуулья.

Энэ жилээс өмнө “Powerball” сугалааны хамгийн том хожил 2013 оны сугалааны 590.5 сая доллар байлаа. Флоридагийн 80 настай эмээ Глория Маккензи энэ их мөнгийг хожсон юм. Глория хоёр долларын сугалааг хүнсний дэлгүүрт худалдан авсан бөгөөд дараалалд өмнө нь зогсож байсан хүнядарсан эмгэнийг өрөвдөөд урдаа оруулснаар азтай сугалаа авч чаджээ. Ихэнх азтаны нэгэн адил эмээ 30 жил хүлээж суухгүйгээр шийдэн, мөнгөө бүгдийг нь авсан байна. Гэхдээ түүний мөнгө 370.9 сая доллар болон багассан. Глория мөнгөө авахаас өмнө өмгөөлөгч хөлслөн, эдийн засагчидтай зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргажээ. 80 настай эмээ 30 жил хүлээхгүй нь тодорхой тул шууд авсан нь ч дээр байсан биз. Глория шагналын мөнгөө хүү Скоттойгоо хуваан авсан бөгөөд баян болсон ч хуучин машинаа унан, ер нь шинэ байшингаас бусад амьдралын хэв маягаа өөрчлөөгүй аж. Тэгвэл сугалаагаар их мөнгө хожигчдын 70 хувь нь долоон жилийн дотор дампууралд хүрдэг гэнэ. Их мөнгөтэй харьцаж үзээгүй хүн гэнэт том том худалдан авалт хийн, мөнгийг баруун зүүнгүй цацаад эхлэхээр аргагүй. Зарим азтанаас мөнгөө юунд үрэх вэ гэж сэтгүүлчид асуухад “Хар тамхи, хүүхэн” гэж хариулж байхаар дампуурах нь ч ойлгомжтой. Дампуурал тэднийг хүлээж байгаа аймшиг дунд бараг хамгийн гайгүй нь гээд бод. Тэр тусмаа  ”Powerball” нь ялагчид нь дандаа л бүтэлгүйтэж байдаг муу ёрын сугалаа гэсэн муу нэртэй.

Дотнын найзын урвалт

Флоридагийн 47 настай Абрахам Шекспир 2006 онд 30 сая доллар хожсоныхоо дараа мөнгө нэхсэн найз нөхөд, ах дүү нарынхаа дайралтад өртсөн байна. Тэднээс залхаж гүйцээд байсан Шекспир Дорис Мур хэмээх бүсгүйтэй танилцаж, дотнослоо. Мур түүнийг бүх мөнгөө өөрийнх нь дансанд шилжүүлэх юм бол шуналтай хамаатан садангуудаас нь аварч чадна гэж итгүүлжээ. Шекспир мөнгөө бүсгүйн дансанд шилжүүлсний дараа мэдээж Мур ор сураггүй алга болсон байна. Хагас жилийн дараа Абрахам Шекспирийг гэрийнх нь хашаанаас цээжиндээ хоёр сум зоолгоостой, цементэд булаастай байдалтай олжээ. 2012 онд Дорис Мурыг баривчлан, хүн амины хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Шекспирийн ах Роберт Браун “Би-би-си”-д ярилцлага өгөхдөө “Абрахам ядуу хэвээр байдаг байж гээд л үглээд байдаг байсан” гэж хэлсэн байдаг.

Архидан согтууралт

Америкийн Баруун Виржинигийн оршин суугч Жек Уиттэйкерийн түүх сонирхолтой. Учир нь тэр сугалаагаар 315 сая доллар хожихоосоо өмнө л саятан байсан хүн. Шагналын мөнгөнийхөө ихэнхийг тэр буяны үйлсэд зориулсан. Сүм хийд барьж, Христийн шашны буяны сан, ядуу айл өрхүүдэд мөнгө, хандив өргөж байлаа. Сайн үйлс хийж байсан ч удалгүй түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Архинд орсон Жек хүнд дарамт шахалт үзүүлсэн хэргээр шүүхэд дуудагдаж, хоёр ч удаа мөнгөө хулгайд алдав. Эхний удаад хулгайч нар гэрээс нь 200 мянган доллар авсан бол дараа нь стриптиз клубын үүдэнд байсан машинаас нь 545 мянган доллар аваад алга болжээ. Жекээс долоо хоногт 2100 доллар авдаг байсан ач охин нь найз залуутайгаа цуг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан бол охин нь алуулж, гэмт хэрэгтэн одоо болтол баригдаагүй хэвээр. Уиттэйкер саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Тэр муу азын сугалааг ураад хаяагүйдээ харамсдаг. Одоо өөрийгөө харахаар сэтгэлээр унадаг” гэж ярьжээ.

Барлагаас язгууртан болсон ч буцаад л ядуугийн замдаа

Хар тамхичин, эрүүгийн хэрэгтэн Дэвид Ли Эдвардсын амьдрал 2001 онд 27 сая доллар хожсоноор эрс өөрчлөгдсөн юм. Тэр эхлээд 1.6 саяар хувийн онгоц, гурван хурдан морь, үйлдвэрийн газар, лимузин авлаа. Дараа нь 200 мянган доллараар Lamborghini Diablo машин унав. Гэвч хуучин зангаа орхисонгүй. Эхнэртэйгээ цуг дахин хар тамхи хэрэглэж эхэлсэн. Хэдэн жилийн дараа саятан Дэвид машины гараашт орон гэргүйчүүдтэй цуг амьдарч байлаа. Тэр 58 насандаа асрамжийн газарт нас барсан юм.

Алуурчин хамаатан

Сугалаагаар 20 сая доллар хожсон Иллинойс мужийн Жеффри Дампьер ах дүү, хамаатан садан, найз нөхдөө үнэтэй бэлгээр дарж байлаа. Гэвч түүний эхнэрийн дүү Викторияд энэ нь хангалтгүй байв. Мөнгө хожсоноос долоон жилийн дараа Виктория найз залуугийн хамт саятаныг алсан юм. Одоо тэд шоронд бүх насаараа хоригдох ялаа эдэлж байна.

Хорлолт

Чикаго хотын жирийн нэгэн эр Уруж Хан уг нь нэг их мөнгө хожоогүй. Дөнгөж ганцхан сая доллар хожсон тэр мөнгөө авсныхаа маргааш нь л алуулсан юм. Задлан шинжилгээгээр түүнийг цианидаар хордуулсан нь тогтоогдсон. Цагдаагийн газраас ойрын хамаатан садныг нь сэжиглэн, мөрдсөн ч хэрэгтэн олдоогүй.
Шоронд
Майкл Кэррол хэмээх 26 настай залуу хожлын 15 сая доллараа үдэшлэг найр, хар тамхи, хурдан машин, хөнгөн явдалт хүүхнүүдэд зарцуулсан юм. Үлдсэн мөнгөөрөө тэр Испанид байшин худалдан авсан ч тэндээ амьдарч амжаагүй. 2006 онд түүнийг хар тамхины хэргээр шоронд хорьсон.

Хоёр удаа хожсон ч

Нью-Джерсигийн Эвелин Адамс тун азтай нэгэн. Эвелин 1985, 1986 онд хоёр жил дараалан, олон сая доллар сугалаагаар хожжээ. Гэвч бүсгүй бүх мөнгөө мөрийтэй тоглоомонд үрж, амьдралын сүүлчийн мөчөө вагончикт өнгөрөөсөн юм.
Ах нь дүүгээ
Уилльям (Бад) Поуст 16.2 сая доллар сугалаагаар хожсон ч ганц жилийн дараа банканд нэг сая долларын өртэй болсон байв. Ингээд дампуурлаа зарлалаа. Гай зовлон үүгээр дууссангүй. Төрсөн ах нь түүнийг алуулахаар алуурчин хөлсөлсөн нь илэрч, азаар амьд үлдсэн ч буу зэвсэг хэрэглэснээр шоронд хоригдож, хүнсний талоноор хоолоо залгуулсаар нөгөө ертөнцөд одсон.

Курт Кобейн шиг л

Билли Боб Харрел 31 сая доллар хожоод хоёр жилийн дотор буяны ажил болон ах дүү, хамаатан садандаа мөнгөө тараагаад дуусгажээ. Гэвч өгөөмөр зан нь түүнийг аварсангүй. Эхнэр нь салан одож, удалгүй Боб духандаа сум зоон, амиа хорлосон.

Вампируудтай тэмцэв

Их мөнгө хожоод ухаан санаагаа алдаагүй ч маш их зовлон зүдгүүр туулах тохиолдол олон. Миссури мужийн бүсгүй Сандра Хэйс 224 сая доллар аваад, ажлын найзуудтайгаа хуваалцсан байна. Гэвч ингэлээ гээд баян хүний зовлон тэр дороо дууссангүй. “Надаас мөнгө салгах гэсэн шуналтай хүмүүсийг тэвчихээс өөр аргагүй болсон. Энэ нь миний сэтгэл зүрхийг шархлуулсан. Миний хайртай хүмүүс надаас амь насыг минь салгахаар цусыг минь сорж буй вампир болон хувирсан” гэж тэр ярьж байв. 34.5 сая доллар ялсан Лонг-Айлендийн бүсгүй Донна Миккин өөрийгөө их мөнгө хожсоны гайгаар “сэтгэлийн дампуурал”-д орсон гэж үздэг.  Донна байнга л “Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол”гэж санаа зовнин, жирийн үйлдэл хийхдээ ч хүмүүсээс айж зовдог нэгэн төрлийн өвчтэй болжээ.

Нэг үгээр хэлэхэд “Powerball”-ийн ялагчдад ямар машин, байшин худалдан авахаа шийдэх асуудлаас гадна өөр олон асуудал, зовлон тулгардаг гэсэн үг. Харин азаар “Powerball”-ийн зургаан тоог бүгдийг таах нь аянга цахилгаанд цохиулан үхэхээс магадлал бага буюу 292 саяд ганц тохиолддог.


URL:

Сэтгэгдэл бичих