Баянгол дүүрэг “ягааны гудамж”-тай болчихоогүй биз
“Ягааны гудамж” гэж насанд хүрсэн залуусын зорьдог газрыг хэлдэг. Ер нь Монголоос бусад оронд ийм нэртэй гудамж бий. Азийн орнуудад бол дээд зэрэглэлээр хөгжсөн харагддаг. Зам-Үүдтэй залгаа Эрээн хотод ч ийм нэртэй гудамж байдаг гэж хүмүүс ярих юм билээ.
Монгол Улс “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-тай. Энэ хуулиар садар самууныг сурталчлахыг хориглох, биеэ үнэлж, явалдахтай тэмцэх, эротик сурталчилгаа, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулдаг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсад “ягааны гудамж” байгуулахыг албан ёсоор хориглодог гэж ойлгож болно.
Гэвч албан бусаар “биеэ үнэлэх явдал” оршин тогтносоор л байна. Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай, Саппоро, Зайсан гээд л биеэ үнэлэгчдийн “зогсдог газар”-ууд ч нүдээ илхэн. Гэтэл зохицуулалт, хуулийн хэрэгжилт хангалтгүй байсаар.
Сүүлдээ ч зарим дүүрэгт “ягааны гудамж” бий болоод байна уу ч гэж хардахад хүргэх боллоо. Тодруулбал, хяналт шалгалтаар яваа албан хаагчид Баянгол дүүргээс биеэ үнэлэгчдийг олноор барьж, саатуулсан тухай мэдээллүүд их гарах болж. Ихэнх биеэ үнэлэгчид Баянгол дүүрэгт байрлах “саун, массаж”-ны газраас баригдсан байх юм. Заримдаа цагдаагийн албан хаагчид зориудаар Баянгол дүүргийг сонгож, хяналт шалгалт хийгээд байна уу ч гэж хардахад хүргэж байна. /Хуулийн дагуу саун массажны газрын нэр, хаягийг нууцлав./
Саяхан буюу өнгөрөгч баасан гаригт цагдаагийн албан хаагчид БГД-ийн 5 дугаар хороонд байрлах нэр бүхий саунд хяналт шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн харьяат 28 настай, эмэгтэй Б гэгч нь бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж байсныг илрүүлжээ.
Тэгвэл оны өмнөх нь буюу 2015 оны 11 дүгээр сарын дундуур мөн л Баянгол дүүрэгт айлын хашаа түрээсэлж, түүндээ караоке ажиллуулах нэрээр 20-25 насны эмэгтэйчүүдийн биеийг гадны иргэдэд үнэлж, ашиг олдог байсан хэргийг илрүүлж байв. Мөн 2015 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах зочид буудалд хяналт шалгалт оруулахад мөн л биеэ үнэлэх явдлыг зохион байгуулж байсныг илрүүлсэн банйа. Энэ мэтчилэн “биеэ үнэлж байсныг илрүүлэв” гээд л google-дээд хайхад Баянгол дүүргээс илрүүлсэн гэх мэдээлэл маш их гарч ирж байна.
Эндээс Баянгол дүүргийн цагдаа нар “маш сайн ажиллаж байна” гэж дүгнэж болно л доо. Гэхдээ нөгөө талаас энэ дүүрэгт хууль хяналтаас гадуур “ягааны гудамж” бий болчихоод байна уу гэж бодогдохоор. Хууль хаана, хэнд үйлчлээд байна вэ. Цөөхөн хүнтэй жижиг улс самуун явдлыг яавч зөвшөөрч болохгүй.
Амар
URL: