Орон сууцны ханшийг “барья”
Ипотекийн зээл тойрсон яриа үргэлжилсээр. Төрөөс шийдвэр хүлээсэн иргэд, шийдэлд хүрэх гэсэн хууль тогтоогчдын хооронд багагүй цаг хугацаа өнгөрөх бололтой. Өнгөрсөн долоо хоногт 8 хувийн ипотекийн зээлийг хууль зөрчихгүйгээр үргэлжлүүлэн олгох төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгээр батлагдах зарчмын санал гарган шийдвэрлэх магадлалтай. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг ч хэлэлцэхийг дэмжсэн байгаа. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд Сар шинээс өмнө орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах шийдвэрийг парламент батална гэж ам гарсан удаатай.
Ер нь шинэ он гарсаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ онд 90 жилийн ойтойгоо золгож байгаа их барилгын салбарт онц ач холбогдол өгч, тус салбарынхантай биечлэн уулзаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг” уулзалтыг тэрбээр барилгын салбарынхантай хийсэн. “Ипотекийн тогтолцоо барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөж байдаг чухал хэрэгсэл. Барилга бол уул уурхайн салбараас илүү эдийн засгийн үр өгөөжтэй” хэмээн тэрбээр онцолж байсан.
8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр барилгын материал үйлдвэрлэл хөгжиж, барилгын салбарт ажиллагсдын тоо өсч, жилд шинээр ашиглалтад орж буй орон сууцны тоо нэмэгдэн, энэ хэрээр иргэд орон сууцтай болж байгаа зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын эерэг үр дүнг гарсан байна.
Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохдоо дотоодын барилгын компани монгол ажилчдыг цалинжуулан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан орон сууцыг худалдан авахад олгох, ингэснээр Монголын эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлэх бололцоотой гэж тооцжээ.
Нөгөөтэйгүүр барилгын салбараар дамжуулан нэг хэсэг иргэдээ орон сууцтай болгохын зэрэгцээ барилгачид, барилгын салбарын үйл ажиллагаатай хамааралтай бусад төрлийн бизнесийн байгууллагуудад ажиллаж буй иргэдээ баталгаатай, тогтвортой, цалинтай ажлын байртай байх нь чухал үзэж байгаа аж. Тиймээс цаашид шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчнээс бусад төрлийн ажилчдыг гадаадаас авч ажиллуулахгүй байх чиглэлийг Засгийн газарт өгч байгаа юм билээ.
2012 оноос хойш үнэ нь тасралтгүй нэмэгдсэн орон сууцны үнэ өнгөрсөн хоёр жил бага боловч буурсан билээ. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгохтой зэрэгцэн барилгын салбарынхан орон сууцны үнийг нэмчих вий гэсэн болгоомжлол хардлага нийгэмд бий.
Өнөөдөр 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээл дээр бэлэн болсон болон 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа 30 мянган орон сууц байгаа аж. Тиймээс “Нийлүүлэлтийн энэ эрчийг эрэлт гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан энэ юм” гэдгийг барилгын салбарынхан хэлж байна лээ. Гэхдээ итгэхэд бэрх. Ер нь аливаа зүйлийн үнэ ханш зах зээлийн хуулиар явагддаг. Үнийг төр, засгаас барьж тогтоож болохгүй гэдэг зарчим үйлчилдэг. Гэхдээ төрөөс бодлогоор хэрэгжүүлж байгаа дотоодын зарим асуудалд үнэ ханшийг нь хэлбэлзэлтэй тогтоочихвол ямар вэ. Наанадаж ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ханшийг хууль хэрэгжих үеийн үнэ ханшаас нэмэгдүүлэхгүй байх заалтыг тогтоол, журамдаа тусгачимаар. Ипотекийн зээлд хамрагдахад орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээр хязгаарласан байсан. Зээлийн хүүг 5 болгон бууруулахтай зэрэгцээд орон сууцны талбайн хэмжээг ч хязгаарлахааргүй болгож байгаа. Тиймээс л ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ханшинд зохицуулалт хийчихвэл барилгын үнэ хөөсрөөд байхгүй биз. Бусад нь зах зээлийн ханшаараа үргэлжлэх нь чөлөөтэй шүү дээ.
Н.Энхбат
URL: