Шатахууны үнэ дөрөв дахин буух уу

shat01
-Шатахууны үнэ дөрөв дахин буурвал сав л хийвэл автомашинтайгаа нууранд живсэн тухай чих дэлсдэг мэдээ дөрөв дахин буурна-
Дотоодын шатахууны хэрэглээнийнхээ 98 хувийг ОХУ-аас авдаг Монгол Улсад хойд хөршид шатахууны үнэ нэмэгдлээ гэх сургаар шатахууны үнэ нэмэгддэг. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хаа сайгүй үнийн хөөрөгдөл бий болдог.
Хамгийн хачирхалтай нь, хойд хөршид шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө нөөцөлж авсан шатахууныг нэмэгдсэн үнээр зардаг бөгөөд эргээд ОХУ-д шатахууны үнэ буухаар Монгол Улсад дагаад буудаггүй. Тэгвэл бүтэн жил гаруйн өмнөөс хойд хөрш болон олон улсад шатахууны үнэ огцом хурдаар тогтмол буурч байхад Монгол Улсад яагаад шатахууны үнэ өндөр байсаар байна вэ. Үүнд улстөрийн хүрээнээс хэд хэдэн хүн тайлбар хийсэн бөгөөд ард түмэнд өндөр үнэтэй шатахуун шахаж түүнээс олж буй илүү ашгийг Засгийн газрын хэд нөхөд шатахуун импортлогчидтой хуйвалдан хувааж авдаг хэмээсэн юм. Тэгвэл дэлхийн зах зээл болон хойд хөршид 1 баррель /торх/ газрын тос 30 ам.долларт хүрч 120 ам.доллараас дөрөв дахин буурлаа. 1 торх газрын тос 160 литртэй тэнцдэг бөгөөд Монгол мөнгөөр 60 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 1 литр газрын тос 375-хан төгрөг байна. Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ам.долларын ханш 2000-д хүрээгүй бол үүнээс ч бага үнэтэй байж болох байлаа. Гэсэн ч 1 литр газрын тос 375 төгрөг хангалттай бага тоо юм.
Нөгөө талаас хэдэн сарын өмнө ОХУ-д 1 литр шатахуун Монгол мөнгөөр 800 төгрөг байгааг эх сурвалж хэлж байсан юм. Нөгөө талаас Монгол Улс дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж буй орон гэхэд хилсдэхгүй болжээ. Адаг сүүлд нь ордоггүй юм аа гэхэд анти тэргүүллийг булаацалдаж буй хэдэн орнуудын нэг, Африкийн дайн тулаант хэдэн улсуудын л өмнө байгаа гэж учир мэдэх хүн хэлэв. Тайван Монгол орон шүү дээ. Эрх баригч хэдэн нөхдүүдийн халаасыг зузаалах гэж өндөр үнэтэй шатахуун шахдагийн улмаас шатахуунаа хэмнэх гэсэн жирийн хөдөөгийн залуус маань замаа товчилж байна гээд мэдэхгүй замаар явсны улмаас өвлийн цагт төөрөх, осгож байна. Түүнчлэн тэдгээр залуусаас асуухад шатахуундаа гороосны улмаас замаа товчлон амь өрсөн нууран дээгүүр явдаг хэмээсэн юм. Аз болж мөс зузаан бол амь гарч, азгүй нь автомашинтайгаа цөмөрч байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ. Шатахууныхаа үнийг байх ёстой хэмжээнд нь хүртэл буулгаад өгөлдөө. Ганцхан ам.доллараар автомашины банк дүүрдэг Венесуэль гэж орон байхад Монголд яагаад литр шатахуун ийм үнэтэй байна вэ. 20-иод жилийн өмнө Монголын хөрснөөс газрын тос “намайг эртхэн гаргаж байхгүй яасан юм” гэсэн шиг дээш цойлж олгойдон асгарч байхыг үзсэн төрийн тэргүүн нь цоо шинэ цагаан дээлийнхээ энгэрт хар гэлтгүй түрхэн мялааж байв. Гэсэн ч өдгөө шатахууны хөлд сөхөрч, сархад савнаасаа бусдыг бус шатахуун савтай юутай ийтэй нь дийлдэг болсон цаг болжээ.
Нинж

URL:

Сэтгэгдэл бичих