ЗГ-ыг барьцаалсан “Сентерра гоулд Монголиа” ХХК ба Ирвэс хамгаалагч залуугийн үхлийн тайлбар үргэлжилсэн долоо хоног
Өнгөрч байгаа долоо хоногт нийгэм эдийн засаг, улстөрийн хүрээнд ихээхэн сүр дуулиантай өнгөрлөө. Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор амтат зүүднээсээ сэрсэн улстөрчдийн хүрээнийхний ард түмэндээ хайр зарлах шинэ урайтай ч гэж болно.
Гацууртын ордыг хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд орно гэв
Засгийн газраас өргөн барьсан “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар хариулт өгсөн юм. Гишүүдийн зүгээс Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг хэлж байлаа.
Мөн энэ үеэр энэхүү тогтоолын төслийг дэмжиж батлахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгнө гэдгээ “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн удирдлагууд мэдэгдсэн гэв.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
АТГ-аас Г.Шийлэгдамбын хэргийг прокурорт шилжүүллээ
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.
Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.
Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм.
Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.
УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва ажлаа өгөхөөр саналаа хүргүүллээ
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх талаар намын нөхөддөө хүргүүлсэн нь энэ долоо хоногийн бас нэгэн сонин хачин үйлдэл боллоо.
Тэрээр уг ажлаа өгөх шалтгаанаа “Хоёр дэд дарга байх шаардлагагүй гэж үзсэн. -МАХН-ын үйл ажиллагаа одоо бүрэн жигдэрлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын дэд Ц.Цолмон дарга байна. Түүнчлэн нарийн бичгийн дарга нар байгаа тул намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргалаа. Цаашдаа намын үйл ажиллагаа намаа бэхжүүлэх ажилд анхаарч ажиллана” гэсэн юм.
“Талийгаач үг хэлэх биш” ирвэс хамгаалагч залуу Л бага зэргийн согтолттой байсан
Өнгөрөгч 11 сард Хөвсгөл далайд живж амь насаа алдсан ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэлийн талаар сүүлийн нэг сарын хугацаанд олон янзын таамаг дэвшүүлсэн.
Таалийгаач нь өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан гэж ойр хамт ажилладаг байсан хүмүүс мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт цагдаагийн байгууллагаас Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Т.Лхагвасүмбэрэлийг алга болсон талаарх мэдээлэл 2015.11.05-ны өдөр ар гэрийнхэнээс нь ирүүлжээ. Эрэн сурвалжлах явцад талийгаачийн машиныг 2015.11.11-ний өдөр түүний олсон. Хэргийн газар үзлэг хийхдээ 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас ч бас байсан. Мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шалгалтын явц одоо хүртэл үргэлжилж байна.
Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Живэлт болон хөнгөн зэргийн согтолтийн улмаас нас барсан гэсэн шинжилгээний хариу гарсан” гэх мэдээллийг өгсөн юм.
Мөн олон нийтэд хүрээд буй гар утасны бичлэгийг шалгаж үзэхэд нэг хүний дуу хоолой байна гэж шинжээчид дүгнэсэн гэнэ. Гэхдээ уг хэргийг шалгах үйл явц үргэлжилж буй бөгөөд бүх баримт, нотолгоонуудыг дахин нарийн шалгана гэлээ.
Эх сурвалж www.bolod.mn
URL: