Зам, тээврийн сайд салбараа “ниргэсээр” байх уу
Зам, тээврийн яам ажлаараа хамгийн түргэн шуурхай, хамгийн бүтээмжтэй гэсэн нэр “зүүгээд” байгаа гэнэ. Энэ бол сайдынх нь ярилцлагадаа хэлсэн үг шүү. Хойш татдаг хүмүүс нь “УБТЗ”-ын дарга “таалагдахгүй” байгаа явдал хийгээд “Туркиш Эйрлайнс”-ын асуудлаар бодлогыг нь сөрөөд байгаа “МИАТ”-ынхан. УБТЗ-ын тухайд өнгөрсөн жил 1 сая тонн экспортын тээвэрлэлт хийсэн бол энэ онд 3.4 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн зорилттой байгаа. Тус байгууллагын нэр төрд салбарын сайд нь удаа дараа халдаж, УБТЗ руу намайг оруулдаггүй, сайдын шуурхайд ирж оролцдоггүй, УБТЗ-ын хувьцааг урд хөршид зарах гээд байна гэхчлэн хариуцлагагүй мэдэгдэл хийж байв. Гэтэл Л.Пүрэвбаатар даргыг шуурхай хуралдаанд оролцдог гэж хамт хуралдаанд оролцсон хүмүүс хэлэх юм. Тийм бол “Яагаад УБТЗ-ын хувьцааг Хятадын талд зарах гээд байгаа юм бэ” гэж асуухгүй яасан юм бол. Тэгсэн мөртлөө хэдийгээр нууцын тэмдэггүй ч тэрхүү учрыг нь олоогүй албан бичгээ олон нийтийн сүлжээнд цацсны үр дагаврыг төрийн сайдын хувьд тооцоолсонгүй гэж үү. Түүгээр ч барахгүй тал талд өнөөх буруу ойлголтынхоо дагуу албан бичиг шидээд суусан байгааг та бүхэн харж байна.
Энэ бичгийг “төрийн албаны хов” гэх үү, төрийн сайдын андуурал гэх үү. Ингэтлээ андуурсныхаа төлөө М.Зоригт сайд ямар хариуцлага хүлээсэн юм бэ.
Энэ бүхний төгсгөлд “дан дээлтэйгээрээ” Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хариуцлага хүлээсэн ч “давхар дээлтэй” М.Зоригт огт хариуцлага хүлээсэнгүй. Тэгээд ч ажлаас хойш татаад байгаа гэж саяхан хэлсэн сайд УБТЗ саяхан туршилтаар 20 мянган тонн нефть тээвэрлэсэн, цаашид транзит ачаа тээвэрлэлтийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, ямар зорилттой байгаа талаар бараг мэдээлэлгүй байсан болоод ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн болов уу.
МИАТ ТӨХК-ийн хувьд мөн адил. “Туркиш Эйрлайнз”-ийн нислэгийн тоог нэмэгдүүлэхийн эерэг, сөрөг талуудыг МИАТ-ийн ажилтнууд илүү мэднэ. Тиймээс ч “Туркиш Эйрлайнз” орж ирлээ гэхэд зорчигчийн тоо цөөрчихнө, өрсөлдөөнд ялагдана гэж айх юмгүй. Мэдээж ашиг, орлогын хувьд багасна, цаашдын ирээдүй бүрхэг. Учир нь Европ руу гарах гарцууд Аэрфлотын нислэг цаашаа задраад, өрсөлдөөнд тэсээд үлдлээ гэхэд МИАТ гарцаагүй шахагдана. Энэ нөхцөл хэнд хэрэгтэй вэ гэдгийг л гайхаж буй. Хэрэв салбарын эрх ашгаа бодоогүй бол МИАТ-ийн ажилтнууд ингэж ярих байсан уу гэдэг бас эргэлзээтэй. Тэд дотор нь ажиллаж байгаагийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй.
М.Зоригт сайдын МИАТ ТӨХК-ийн ажилтнуудтай хийсэн уулзалт
2016 – 1-8
Тэд авиакомпаниудын ширүүн өрсөлдөөнөөс айсандаа бус, Үндэсний агаарын тээвэрлэгч статустай МИАТ ТӨХК-ийн эрх ашиг, цаашдын ирээдүйн тухай ярьж байна.
Яагаад М.Зоригт сайд “Туркиш”-тэй өрсөлдүүлье хэмээн зүтгэж МИАТ-ыг сөхрөөхөөс эмээхгүй байна вэ. МИАТ-ийн Гүйцэтгэх захирал асан, гавьяат нисэгч Г.Жаргалсайхан юуны учир түүнийг АТГ-т өгөх болов.
Г.Жаргалсайхан гавьяатын АТГ-т М.Зоригт сайдыг шалгуулахаар өгсөн өөр нэг асуудал нь “Голомт” банктай холбоотой. ТӨХ-ны даргын өрөөнд болсон уулзалтын протколуудыг уншаад үзэхэд МИАТ-ын экс захирал худлаа хэлээгүй байхнээ гэж өөрийнх эрхгүй бодогддог.
М.Зоригт сайдын хувьд салбартаа “од” байхыг хүссэн ч асуудлын мөн чанараа мэдэхгүй байна гэсэн үнэлгээгээр хучуулчихаад явааг олонтаа сонслоо. Мөн саяхан өгсөн ярилцлагадаа намынхнаа, фракцийнхнаа ч өөрийг нь сайд болгоход дэмжээгүй гээд хэлчихсэн байна билээ. Өмнөх сайдынхаа араас хутга шидсэн үгс ч харагдсан. Хэн нь юу хийчихээд явсныг салбарынхан нь сайн мэднэ. Хийсэн ажлуудаа ярьж байгаагаас нь харсан ч ойлгомжтой байна лээ. Сайд салбартаа гологдоно гэдэг гутамшиг. Мэдэхгүйдээ дайсагнах нь улс орны эрх ашигт хортойг хангалттай харж байна. Одоогоор энэ хүн огт мэдэхгүй асуудлаараа хэт цэцэрхэж, “фантазыг” нь шүүмжилснийг хөөж явуулаад гаа нь харагдаж буй. Гэвч Ерөнхий сайд “давхар дээлтэй” сайдад “дан дээлтэй”-д ханддагаасаа өөр байдаг, хариуцлага хүлээлгэхдээ ч харам байдаг нь амь нэгтэйх үү, ашиг нэгтэйнх үү.
Л.Мягмар
ZALUU.COM
URL: