Бидэнд хүртээлгүй хямдрал

177501-14012016-1452751794-1909350117-1Газрын тосны үнэ 10 ам.доллар болсон ч Монголд хямдрахгүй

“Газрын тосны ханш 20 ам.долларт хүрнэ” гэж хоёр жилийн өмнө зөгнөсөн шинжээчид одоо их л додигор байна. Учир нь “UBS” банк шинэ оны босгон дээр эл түүхий эдийн ханшийн төлөвөө 20 ам.доллар болгосон бол “Goldman Saсhs”, “Morgan Stanley” зэрэг санхүүгийн “үзмэрчид” ч ижил таамаг дэвшүүлэв.

2015 оныг эс тооцвол сүүлийн таван жилд 100 ам.доллараас дээш байсан газрын тосны ханш өдрийн хоолны үнэтэй тэнцэх нь. Гэвч цагтаа хоёр ам.долларт хүрч байсан баррель түүхий нефть 20 ам.доллар болоход гайхах хэрэггүй гэж шинжээчид онцолж байна.

Газрын тосны үнэ хямдрахад Ойрх Дорнод дахь хурцадмал байдал, Европ, Хятадын эдийн засаг зэрэг олон шалтгаан нөлөөлж буйг эдийн засагчид хэлдэг. Гэвч газрын тосны ханш буурах нь дамжиггүй аж.

Тэгвэл газрын тос экспортлогч бөгөөд импортлогч Монгол Улсад энэ уналт хэрхэн нөлөөлж байна вэ?

Түүхийн нефтийн үнэ бараг дөрөв дахин хямдарлаа, танд нөлөөлсөн үү гэж таксины жолоочоос асуувал гайхсан янзтай харж магадгүй. Учир нь иргэд энэ хямдралыг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдэж буйгаа учирладаг.

Монголд нефтийн бүтээгдэхүүний үнэ ихэнх төрөлдөө багадаа 200 төгрөгөөр буух боломжтой

Харин хямдрал манай улсын төсөвт нийт 360 орчим тэрбум төгрөгийн орлого оруулсан гэвэл та итгэх үү. Уншигч та сонссон байх. Шатахуунд өндөр татвар шингэдэг болсон талаар. Өөрөөр хэлбэл, нефть импортолдог компаниудад Монгол Улс хэд хэдэн татвар ногдуулдаг. Үнэ нь өндөр байхад шатахууныг импортын татвараас чөлөөлж, иргэдээ үнийн дарамтаас хамгаалдаг байсан бол хямдрахтай зэрэгцээд татвар ногдуулж эхэлсэн юм.

Үүнийгээ түүхий эдийн уналтаас үүдсэн төсвийн цоорхойг нөхөх арга гэж албаныхан тайлбарладаг. Тодруулбал, шатахуун импортлогч компаниудад дөрвөн төрлийн татвар ногдуулдаг. Харин нэмэгдсэн өртгийн албан татварыг эс тооцвол 360 орчим тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрчээ.

Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ буурснаас монголчуудын хүртэж буй ашиг нь энэ. Энэ хөрөнгөөр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө зэргийг төр төлдөг.

Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү “Газрын тосыг шууд автомашинд хийчихдэггүй. Энэ бол түүхий эд. Түүнийг тээвэрлэнэ, боловсруулна, дахин зөөнө. Шат дамжлага бүр зардалтай. Тиймээс шатахуун, газрын тос хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарлав.

Тэгвэл монголчууд хямд үнэтэй шатахуун хэрэглэж болдоггүй юм уу гэсэн асуултад Х.Наранхүү дарга баруун аймгуудын нөхцөл байдлыг жишээ болгон хариулсан юм. Баруун аймгуудад шатахууны үнийг буулгаж, нийслэлийнхтэй адил болгосон. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ дагаж буураагүй гэв.

Тэгэхээр шатахууны үнэ буурлаа гээд бусад бүтээгдэхүүн хямдрах боломж Монголд хэр байгааг энэ жишээ харуулж байгаа аж. Тиймээс Засгийн газар шатахууны үнийг бууруулах бус тогтвортой байлгахыг зорьж буй аж.

Тэгвэл Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард авто бензин, дизелийн онцгой албан татварыг нэмснийг бас тогтвортой байлгах бодлогынх нь нэг хэсэг гэж ойлгож болох уу?

Тодруулбал, төвийн боомтуудаар импортлох авто бензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 520 мянган төгрөгөөр тогтоосон. Ингэснээр нэмж 50 гаруй тэрбум төгрөг шинээр төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яамнаас тооцоолжээ.

Харин энэ шийдвэрийг гаргах үеэр өдгөө бараг биелэх нь тодорхой болсон 20 ам.долларын газрын тосны тухай яриа, таамаг дэлхийн зах зээлд ид хүчээ авч байсан юм.
Тэгэхээр газрын тосны ханш хямдрахтай уялдан Засгийн газар татвараа нэмчихэж байгааг үүнээс харж болно. Тэгэхээр шатахууны үнийн хямдрал иргэдэд хүртээлгүй байх нь. Харин ашгийг нь төр, засаг хүртэж байна. Хэрэв шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулбал Монголд нефтийн бүтээгдэхүүний үнэ ихэнх төрөлдөө багадаа 200 төгрөгөөр буух боломжтой гэдгийг зарим эдийн засагч хэлдэг.

Гэвч шатахууны хувьд дэлхийн зах зээл бидэнд нөлөөлөхгүй бололтой. Газрын тосны ханш 10 ам.доллар болсон ч OPEC-ийн орнууд ашиг хүртэх боломжтой гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ үнэ ч бидэнд нөлөөлөхгүйнэ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих