ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ИХЭСЛЭЭ
Сүхбаатар дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхийн аманд энэ сарын 22-ний өдөр гал түймэр дэгдсэн байна.
Энэ нь ой модонд гарсан бус харин газрын хөрсөөр өргөөшөө 50 см, уртаашаа 350 метр газар хамарсан хөрсний түймэр гарсныг СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Дамбадаржаа дахь 34 дүгээр анги, Аврах отрядын нийт 50 гаруй албан хаагч, НБХГ-ийн 20 гаруй албан хаагчид нийт 70-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр унтрааж, НБХГ-ын Бэлхийн амыг хариуцсан байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ё.Амарбаясгалангаас энэ талаар тодруулбал «Манай хэлтэстэй гэрээгээр ажилладаг «Эко натур» нөхөрлөлийнхөн анх энэ түймрийг дэгдэхэд нь олж мэдээд дөлийг нь дарж, газар нутгийг нь хамгаалалтдаа авч, тархалтыг нь хязгаарлаж чадсанаар энэ түймрийг улам ихээр дэгдэж, байгаль орчинд хохирол учруулахаас нь сэргийлж чадсаныг зориуд тэмдэглэн хэлье» гэсэн юм.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ой, хээрийн хуурайшилт ихэссэн тул самар жимс түүх, ойгоор аялан зорчих үедээ тамхины ишээ бүрэн унтраах, гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
С.Энх-Амар
URL: