Б.Болор: Б.Хурц дарга ажлаа үргэлжлүүлээд хийнэ
Б.Хурц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Британийн шоронд 2010 оны есдүгээр сарын 17-ноос энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоригдсон тэрбээр Берлиний шоронгоос 22-ны өдөр суллагдаж ийн Монголд ирж байна. 2003 онд Д.Энхбат агсныг баривчилж авчрахдаа Европын орнуудын хууль журмыг зөрчин хулгайлж авчирсан гэх үндэслэлээр буруутгагдан, Европын холбооны баривчлах ордерын дагуу Английн нутаг дэвсгэр дээрээс баригдсан тэрбээр Берлиний хууль хяналтынхнаас “Та чөлөөтэй” гэдэг үгийг дуулаад ийн Монголдоо ирж байгаа юм байна. Эрүү үүсгээд байсан Германы тал чухам ямар үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болор хэлэх боломжгүй гэж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Б.Хурцыг Монголд авчрах зорилгоор ажиллаж ирсэн Ажлын хэсгийн ахлагч Б.Болор Б.Хурцыг тоссон гэдгийг мөн өмнө нь мэдээлсэн. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар тэрбээр хэвлэлийнхэнд цөөн асуултад хариулсан юм.
Б.Хурц Монголд ирлээ. Тэгэхээр Б.Хурц суллагдсан гэх мэдээлэл өнөөдөр ийн баталгаажиж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Та юу хэлэх вэ?
Сая Сөүлийн онгоцоор Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц ирж, Монгол Улсдаа газардлаа. Ямар ч байсан Б.Хурц дарга эх орондоо ирлээ гэж хэлмээр байна.
Б.Хурцад холбогдох хэргийг Германы хууль хяналтын байгууллага хэрэгсэхгүй боллоо гэсэн мэдээлэл цацагдаад байсан нь үнэн байж?
Ямар ч байсан манай хүнийг “Та чөлөөтэй” л гэсэн байгаа. Тэрний дагуу Б.Хурц чөлөөлөгдөж эх орондоо ирлээ. Би дөнгөж сая 2 минут л уулзлаа. Тиймээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломж байхгүй.
Тэгэхээр Герман Улс 2003 оны асуудлыг дахин сөхөхгүй боллоо гэсэн үг үү? Хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл нь яг юу юм бэ?
Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.
Тэгвэл Ажлын хэсгийн жилийн ажлын үр дүн гэж ойлгож болох уу?
Ямар ч байсан л хүн маань ирлээ шүү дээ.
Б.Хурц өөрөө албан ёсны мэдээлэл хийх болов уу?
Б.Хурц өөрөө мэдээлэл хийх байх. Биеийн байдал нь бол сайн байгаа. Өөрөө бол миний төлөө санаа зовж байсан бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлээрэй гэсэн. Энэ үгийг нь би дамжуулъя. Мэдээж энэ хүн гэр бүлтэйгээ хамт байхыг яарч байгаа байлгүй. Тийм учраас сая надтай бол маш товчхон уулзалт хийлээ. Өөрөө мэдээлэл тодорхой хэмжээгээр хийх байх. Гэхдээ та бүгд тэр хүнийг ойлгох хэрэгтэй. Өөрт нь жаахан хугацаа өгөх нь зөв болов уу гэж бодож байна.
Ерөнхийлөгчтэй нэг онгоцоор ирлээ. Сөүлээс хамт иржээ?
Сая миний харсанаар ганцаараа л бууж ирлээ. Ерөнхийлөгч өнөөдөр ирсэн. Гэхдээ тэд тохиолдлоор л таарсан байх.
Германы тал 2003 оны хэргийг уучилсан гэдэг. Уучилсан учраас Б.Хурцыг суллалаа гэж харж болох уу?
Үүнийг хэлж мэдэхгүй байна.
Мөн Германы Канцлерын айлчлалтай холбон тайлбарлаж ч байгаа. Улстөрийн тохиролцоо хийлээ гэж?
ХБНГУ-ын Канцлерын айлчлалтай ямар ч холбоо байхгүй. Бид улстөрийн тохиролцоо гэж үзэхгүй байна. Ямар ч байсан хүн маань эрх чөлөөтэй боллоо. Одоо ажил үүргээ гүйцэтгээд явах байх.
Тэгвэл суллуулахад хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?
Бид ямар ч байсан хүнээ чөлөөлүүлэх тал дээр ажиллаад явсан. Суллуулахад юу нөлөөлчихөв гэдгийг хэлэх боломжгүй байна. Тодорхой хариулт өгөх боломж алга байна. Нарийн мэдээлэл яваандаа өгнө. Хүн маань дөнгөж сая ирлээ шүү дээ.
2003 оны хэргийн хохирогч Д.Энхбат агсны ар гэрийнхэн хариуцлага гэдэг юм байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг. Хүү нь Германы Прокурорын газрын дэргэдэх өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан нь манай сайтад нийтлэгдсэн. Танд өргөдөл явуулсан гэх мэдээлэл өмнө нь байсан уу?
Өргөдөл гаргасныг танай сайт л мэдээлсэнээс биш, надад албан ёсоор мэдээлэл ирээгүй. Ерөнхийдөө бол би тэр асуудлыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Ажлын хэсэг ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг авчрах тал дээр л ажилласан.
Та Б.Хурцыг ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж хэллээ?
Энэ хүн албанаасаа хэзээ ч чөлөөлөгдөөгүй шүү дээ. Тийм учраас ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах байх.
Тэгэхээр Б.Хурц одоо Европын холбооны аль ч оронд чөлөөтэй зорчиж болно гэсэн үг үү?
Тэрийг тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.
Э.Болор
http://www.shuud.mn/
URL: