Амьдрал юм даа

Нар гудайхын хирд тэнгэрийн хаяа улайран
Намар цагийн нэгэн налгархан үдэш эхлэхэд
Настан буурлууд гэрийн хаяанд даалуу үйлүү тоглож
Найрын дуу түрэх мэт гуншин дуудан баясана

Залуу насных нь цэнгэл цээжний гүнд нь амтагдаж
Жаргах насны дунд хөөрөн суугаа настангууд
Жаахан шаргын аялгуунд сэтгэл халамцан наадахдаа
Жаран дамжсан насаараа нэгнээ дарж аархана.

Намар намрын нүүдэл ар араасаа дарж
Налгар зуны зуслан эзэнгүй харлан үлдэхэд
Ирэх хаврын сүүлээр болзоо товлон сална
Ирэх жилийн зун эндээ уулзахаар тохиролцоно.

Хаврын сүүл сард наран илчээ цацсаар
Хайтан цэцэгсийн дэлбээ салхины аясаар найгахад
Зусландаа яарах цуваа өдөр өдрөөр үргэлжилсээр
Зун цагийн эхэнд цагаан гэрүүд ярайсаар

Болзсон газраа хөгшчүүл олбогоо чирэн ирээд
Босон суун нэгнээ үгүйлэн сураглан хөөрөхөд
Өнгөрсөн намрын болзоог өндөр дуугаар хөгжөөсөн
Өвгөн буурал ахын суудал хоосон байлаа.

Насны эрхээр өтөлж нартын жамыг дагасаар
Настан буурлуудын суудал жилээс жилд эзгүйрэхэд
Нилээд хэдэн жил ижилдэн дассан настангууд
Нэгнээ үгүйлэн дурсангаа даалууны уутаа задлана

Амьдрал юм даа.

————————————————

Час улаахан уруулын минь будгийг арчаарай
Чамаас өөр хэнд ч өгөөгүй юм шүү
Чавга шиг ягаахан хацрынхаа туяаг шингэтэл
Чамирхаж будсан будгийг минь бас арчуулаарай.

Эхээс төрсөнөөрөө л чиний өмнө байя.

Дэгжин гоёмсог даашинзыг минь тайлаарай
Дэндүү үнэтэй гоёлыг минь тайлуулаарай
Эхээс төрсөн амьнаас илүү үнэтэй нь
Энэ ертөнцөд байхгүй шүү дээ амраг минь

Нүцгэн биений үнэ цэнийг мэдэр

Гундуу харагдвал гутарт бүү зугтаарай
Гунхаж явахад унаж дурласанаа санаарай
Өнгөлөг байлаа ч сэтгэл өөр өөр байдаг юм
Өнөд дотроос гэрэлтэх халуухан хайрыг минь л хайгаарай.

Би дотроосоо л гэрэлтэй байя.

——————————————-

ЧАМДАА Л ЭРХЛЭН ЖАРГАМААР.

Хүрдэн хээтэй хантаазны
Мөнгөн товч мултарч
Хүрэн торгон дээл
Энгэр задгай тосоход
Хүдэр чийрэг цээж
Мэлмий баясган догдлуулан
Хүүхэн хонгор заяа
Эрхгүй чамдаа уусна

Шаглаж урласан дээлээ
Чамдаа л зориулах азтай
Шатаж ассан хайраа
Чамдаа л өгөх заяатай
Шаргал хорвоогийн өдрүүдэд
Хамтдаа л жаргах хувьтай
Сайхан хонгор чамдаа
Эрхгүй тэмүүлээд байх юм.

Хос жороо мориндоо
Мөнгөн эмээлээр гангарч
Хосгүй залуу насаа
Сайхан чамаараа чимж
Хонгор хайрын сэтгэлдээ
Мөнхөд чамайгаа аргамжин
Хорвоогийн гэрэлт өдрүүдэд
Чамдаа л эрхлэн жаргамаар

Амараа Гарьд


URL:

Сэтгэгдэл бичих