Бухимдал дагуулсан бар кодтой баримт

http://www.bolod.mn/Upload/news/%D0%BD%D3%A9%D0%B0%D1%82.jpg

Төлсөн НӨАТ-ынхаа хоёр хувийг жилийн эцэст эргүүлэн авах тухай сайхан мэдээ хүмүүст таалагдсан. Гэхдээ энэ ажил дуулиан ихтэй үргэлжилж байна. Учир нь хэвлэх болон кассын машин авах нь эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Уг нь 9000 гаруй цэгээс баримт авч болно хэмээн албаныхан хэлсэн боловч хэрэгжилт тун тааруу байгаа нь ажиглагдлаа.

 “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” (хүнс), “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр, “Замбала” дэлгүүр “Модерн номадс”-ийн салбар ресторан, “Интер ном”-ын салба­рууд, “Өргөө 1,2” “Тэнгис” кино театр зэрэг газруу­даас сугалаатай баримт хэвлэж эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар НӨАТ-ын системд 1,185,602 борлуултын гүйлгээ бүртгэгдээд байна. Та зөвхөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас бар код бүхий тасалбар авна гэж бодох хэрэггүй. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүхий л газраас худалдан авалт хийх бүртээ бар кодтой баримт авах эрхтэй хэмээн төсөл хэрэгжүүлэгч багийнхан хэлэв.

ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч…

Баянзүрх худалдааны төвд өнгөрсөн сард туршилтын журмаар сугалаатай баримт хэвлэх машин ажиллуулж байсан. Энэхүү туршилт үр дүнтэй болсныг “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Гэвч өдгөө ажиллахгүй байгаа аж. Баянзүрх худалдааны төвийн дарга Э.Энхтөр “Хамгийн анх манай төвд бар кодтой баримт хэвлэх машин суурилуулан туршсан. Одоогоор ажиллахгүй байгаа нь үнэн. Учир нь манайх 500 гаруй худалдагч, түрээслэгчээ коджуулах ёстой. Үүний дараа дээрх машинаас баримт авах боломж бүрдэнэ. Гэхдээ ганц машин ажиллуулахад дараалал үүсэх магадлал­тай. Тиймээс энэ талаар харилцан ярилцаж байгаа” гэв.

Ер нь энэхүү баримтыг авахын тулд ТҮЦ машин шиг төхөөрөмж нэгдсэн журмаар байрлуулах уу, кассын машиндаа систем суулгуулах уу гэдэг сонголт байгаа талаар худалдаачид ярьж байна. Гэхдээ ухаалаг утастай хүн аппликейшн суулган ашиглаж болох тухай албаныхан хэлж байлаа. Гэсэн хэдий ч тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байгааг хүмүүс хэлсэн юм. Хэ­дий­гээр өнгөрсөн сард хийсэн туршилт амжилт­тай болсон гэх боловч мэдээлэл түгээлт тааруугаас хэрэгжилтэд саад учруулж байгаа болол­той. Тиймээс энэхүү аж­лын алхам бүрийг нийтэд танин мэдүүлэх учиртай юм.

БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА ГЭВ ҮҮ?

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна хэмээн иргэд бухимдаж байна. Худалдаа эрхлэгчд болон худалдан авагчдын дунд үл ойлголцол үүссэн байлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Уртын чандмань” дэлгүүрийн худалдагчийн хэлж буйгаар “Аливаа бараа бүтээгдэхүүн борлуу­лахдаа манай дэлгүүр НӨАТ-ыг шингээдэггүй. Харин баримт олгохын тулд зайлшгүй 10 хувийг нь нэмэхээс аргагүй” гэх. Харин үйлчлүүлэгч “Тэгээд л барааны чинь үнэ өсч байгаа биз дээ” хэмээн маргаж байв. Иймэрхүү үл ойлголцол нэлээд бий. Энэ нь хувиараа худалдаа эрхлэгч болон хүнсний дэлгүүр, мухлагуудад энэ мэтчилэн бэрхшээл тулгарч байна. Харин супермаркет, сүлжээ дэлгүүр, томоохон үйлчилгээний газруудын хувьд арай өөр. Тэд аль хэдийн бар код бүхий тасалбар олгоод эхэлсэн байгаа юм.

ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВАХ НЬ

Жижиг аж ахуйн нэгж, хувиараа худалдаа эрхлэгчид болон хүнсний дэлгүүр, мухлагууд бар кодтой баримтын та­лаар мэдээлэлгүй бай­на. Кассын машин, компьютергүй газрууд заавал кассын машин авах ёстой гэнэ. Үүнд гурван төрлийн төхөөрөмж баг­тана. Тухайлбал, ком-пьютер, бар код уншигч, кассын принтер. Түүнчлэн компьютерт шаардагдах үзүүлэлтийг хүртэл заажээ. Кассын машин авснаар татварын системд холбогдох тусгай кассын программ уншуулан таниулна. Ингэснээр тухайн байгууллагаас худалдан авалт хийж, үйлчилгээ авах бүртээ бар код бүхий баримт авч болох юм. Тиймээс дээрх төхөөрөмжийг авахын тулд 20 байгууллагаас сонголтоо хийж болно. Мөн сар бүр 15 мянган төгрөг төлөөд бааз пос буюу кассын программ суулгах учиртайг албаны­хан онцоллоо. Уг нь энэ систем рүү шилжихийн тулд ямар нэг машин, тоног төхөөрөмж шахах­гүй хэмээн тэд хэлж бай­сан. Гэвч бодит байдал өөр байгаад хүмүүс бухимдаж буй юм.

ТӨВ БОЛОН ЗАХЫН ЯЛГАА

Татварынхан шинээр хэрэгжүүлж буй ажлаа сур­талчлан таниулах ажлыг бүхий л үйлчилгээний газруудад танилцуулж байгаа ажээ. Иргэн Гантулга “Би  ихэвчлэн Петровисын шатахуун түгээхээс бензин авдаг. Сугалаанд оролцох баримтаа ч авч байгаа. Зарим газар баримтаа өгч эхлээгүй байна лээ. Тэгэхдээ бас нэг хүндрэлтэй тал нь баримт нэхсэн хүн өөрөө заавал шатахуун түгээгүүрийн байр руу нь орж хэвлүүлж авдаг юм байна лээ. Нэхсэн нэхээгүй бүгдэд нь шатахуун түгээгч нь шууд хэвлээд өгдөг бол амар байна” гэв. Энэ бол хамгийн наад захын жишээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа ч төгс хэвшүүлэх горим үйлчлэхгүй байгаа нь хувь хэрэглэгчдэд хүндрэл учруулж буй юм.

Ер нь хуулийн сурталчилгаанд төв болон захынхны ялгааг сайтар ухуулж буй. Тухайлбал, “Төвийн хэсгээр үйлчилгээ эрхлэгчид бидний санал болгосон төхөөрөмжийг төвөггүй авч байгаа” хэмээн захын хэсгийнхэнд ухуул­жээ. Гэхдээ энэ нь үнэнд нийцсэн ухуул­га биш бололтой. Учир нь эдийн засгийн хүнд­рэл үйлчилгээ болон худал­дааны газруудын бор­луулалт, орлогод илтэд нөлөөлсөн. Тиймээс өдрийн орлого 2-3 дахин унаж байгааг бизнесийнхэн хэлсээр байгаа юм. 1.5 сая төгрөгөөр төхөөрөмж худалдаж авч чадахгүй газрууд нь нийт аж ахуйн нэгжийн 60-70 хувьд хүрнэ хэмээн зарим нэг нь хэлсэн юм. Ер нь энэ талын мэдээлэл тун тааруухан явж байгаагийн илрэл нь нийтэд ойлголт өгч чадаагүйгээс харагдана. Иргэн н.Батболд “Баримт өгч байгаа үгүйг мэдэхгүй байна. Авч үзээгүй л явна. Нэгдүгээр сарын 18-наас албан ёсоор өгч эхэлнэ гэж байсан. Энэ талаар тодорхой ойлголтгүй л байна” гэв. Энэ мэтчилэн энгийн иргэнээс эхлээд бизнесийнхэн ч төдийлөн ойлголт авч чадаагүйдээ бухимдсаар.

У.Цогтбилэг, С.Дуламсүрэн

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих