Инфляци энэ оны сүүлээр өсөх хандлагатай байна
Дэлхийн банкнаас гаргасан ээлжит судалгаагаар Монгол Улсын эдийн засаг энэ онд маш хурдацтай өсч байгааг дурьджээ. Эхний улиралд 9.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар хагаст өмнөх оны мөн үеийнхээс огцом дээшилж, 17.3 хувьд хүрсэн байна. Мөн уул уурхай болон аж үйлдвэрийн салбар энэ оны хоёрдугаар улиралд 12.9 хувиар тэлжээ. Гэхдээ дээрх өсөлт тийм ч сайн зүйл биш аж. Төсвийн зардал 27 хувиар нэмэгдсэн ч голчлон цалин болон бэлэн мөнгө тараах зардал болж хувирсан нь эрсдэл учруулах гэнэ. “Инфляцийн төвшин өндөр. Эдийн засаг нь хэт халсан энэ үед дэлхийн эдийн засгийн хямрал дахин гарч бид нэрвэгдэхэд хүрвэл, экспорт маань зөвхөн БНХАУ-аас хамааралтай болно” гэж Дэлхийн банкныхан сануулжээ. Хэрвээ үүнийг яаралтай анхаарахгүй бол энэ оны сүүлээр инфляци 20 хувьд хүрч болзошгүй аж. Албаны хурлуудын үеэр Төв банк ч үүнийг нэг их үгүйсгээгүй билээ. Ямар ч байсан энэ намрын чуулган Дэлхийн банк, Монгол банк зэрэг санхүүгийн бүтцүүдийг нэлээд айлгах нь. Бид эдийн засгийн өсөлтийн зурвас үед мөнгөний зарцуулалтдаа анхаарахгүй бол импортын бодлого нь урд хөршөөс бүрэн хамааралтай шиг экспорт нь ч адилхан болох эрсдэл байгаа юм байна.
Б.Өнөр
URL: