Д.Сүхтулга: Хүрз нүүрс ч олборлоогүй манай компанийг хүн амины хэрэгт холбогдуулж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх

“Сауд гоби коэл транс” компанийн менежер, геологич Д.Сүхтулгатай ярилцлаа. Тус компани нь Тост, Тосон бумбын нурууны урд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.

-Ирвэс хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг мэддэг байсан уу. Зарим сайтад түүний үхлийн шалтгааны сэжигтнээр танай компанийг нэрлээд байна. Бодит тайлбар өгөхгүй юу?

-Үнэнээ л хэлье, манай компанийн зүгээс Т.Лхагвасүмбэрэл гэдэг хүнийг огт мэдэхгүй. Харин тэр хүнийг өнгөрсний дараа интернэтээс л олж үзсэн. Хөвсгөлд амиа алджээ гэсэн мэдээллийг бусдын адил мэдээд харамсч суусан. Харин эдгээр мэдээллийн урсгал нь гэнэт эргээд манай компанийг хүний амь захиалгаар хөнөөлгөсөн болж хувирсан учраас тантай ярилцаад сууж байна. Би геологич хүн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь ордыг “Сауд гоби коэл транс” компаниас дагнан хариуцан ажилладаг хүн нь би. Тэгэхээр талийгаачийн үхлийн шалтгааныг манай компанитай холбож байгаа талаар төслийн менежер хүний хувиар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна.  Манай компанийг хүн амины хэрэгтэн мэтээр мэдээлж буй тэр сайтуудад үнэхээр гомдолтой байна.

-Энэ компани чинь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх биз дээ?

-Тийм, тэгж ойлгож болно. Гэхдээ Б.Чойжилсүрэн гишүүнийг энэ ордтой холбосон хүн нь би. Яагаад гэхээр Японд судалгааны ажил хийж байгаад 2010 онд иртэл энэ лицензийг эзэмшиж байсан компани нь хайгуулын ажлын хөрөнгө оруулалт нь дутагдаад, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх чадамжтай компанид зарах гэж байгаа тухай мэдээллийг тухайн үед хайгуул хийж байсан хүмүүсээс нь мэдсэн. Тэгээд хайгуул хийж байсан залуустай нь уулзаад хөрөнгө оруулагч олъё гэж шийдээд олон компанид хандаж үзсэн. Ингээд “Хурд” компанийнхантай очиж уулзаад хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьж, зөвшөөрүүлсэн юм. Тэгж л “Хурд” компани 50 хувийг эзэмших болсон.  Ингээд “Хурд” компаниас хөрөнгө оруулалт хийж, “Хурд” компанийн батлан даалтаар нэмж банкнаас зээл авч хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш би энэ компанийн геологи хариуцсан менежерээр ажиллаж байгаа юм. “Хурд”-ын үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдгийг хүн бүр мэдэх байх.

-Танай компанийн эзэмшдэг талбай чинь Тост, Тосон бумбын нуруунд байрладаг юм уу. Орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан газар, ирвэсийн нүүдлийн замд байрладаг учраас ихээхэн маргаан дагуулдаг гэж ойлгосон. 

-Нэгд, манай талбай Тост, Тосон бумбын нуруунаас маш хол зайтай. Зарим хэсгээрээ 9 км, ихэнх хэсгээрээ 12 км-ын зайд оршдог. Яг уул уурхайн үйл ажиллагаа буюу олборлолт явуулах хэсэг нь бүр 20 орчим км-ын зайтай байдаг юм. Уг нь тэнд очоод харвал нуруунаасаа маш хол зайтай. Зүйрлэвэл Тост, Тосон бумбын нуруу нь Зайсан толгой гэвэл манай талбай Хандгайтын эцэст байдаг гэсэн үг. Хоёрт, орон нутаг манай талбайг тусгай хамгаалалтад авч байсан нь үнээн. Сум болон аймгийн ИТХ-аас хэд хэдэн удаа тусгай хамгаалалтад авч байсан юм. Тэр тусгай хамгаалалтын хил дотор нь хаа байсан хол манай лицензтэй талбайгаас оруулсан байсан. Тиймээс бид шүүхэд хандсан, нуугаад яахав. Аль 2005 оноос төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу хайгуул хийж байхад нь нэмж хөрөнгөө оруулсан, өчнөөн ажлаа хийгээд яг дуусахад нь наад талбайг чинь авна гэж болохгүй биз дээ. Хуультай улсад бол ийм дээрэм байж таарахгүй. Жишээ нь, төр барилга барь, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд өөрсдөө захиалга өгөөд “Буянт Ухаа 2” хорооллыг бариулчихлаа. Тэгснээ наадах чинь тусгай хамгаалалттай Богд уултай ойрхон юм байна, одоо больё, буцаагаад наад барилгуудаа нураа гэж болохгүй биз дээ. Яг үүн шиг юм болсон учраас шүүх ч бас асуудлыг үнэн зөвөөр нь, хууль журмынх нь дагуу шийдсэн. Өөрөөр хэлбэл, хаа байсан 20 гаруй км-ын зайтай талбайг орон нутгийн ИТХ тусгай хамгаалалт нэрийн дор авсан нь хууль бус байна гэж үзсэн. Тэгж л манай лицензтэй талбайг тэр хамгаалалтын бүсээс нь гаргахаар шийдвэрлэсэн. Нэг ёсондоо Тост, Тосон бумбын нуруу Орон нутгийн тусгай хамгаалалтанд хэвээрээ үлдэж, 20 км-ын зайд орших манай талбай ч хүчинтэй хэвээр үлдсэн юм. Ийм байхад бидэнд хэнтэй ч маргалдах шалтгаан байхгүй шүү дээ.

-Шүүх шийдвэрээ эцэслэж гаргаагүй юм биш үү. Тийм мэдээлэл сайтуудаар явж байна лээ?

-2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад эцэслэн шийдэгдсэн зүйл. Шүүхийн шатанд яваа ямар ч маргаан одоо байхгүй. Ер нь юу болсныг илүү ойлгомжтой тайлбарлаж өгье. Манайх хайгуулын лицензийг урьд эзэмшиж байсан компаниас шилжүүлж авсны дараа маш их ажил хийсэн юм. 2011 онд банкнаас зээл авч байгаад хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үедээ бид энэ талбайг тусгай хамгаалалтад авч байгаа гэдгийг огт мэдээгүй байсан. 2011, 2012 онд хайгуулын үйл ажиллагаа талбай дээр явуулж, 2014 онд хайгуулын ажлаа бүрэн дуусгаж ашиглалтын лиценз авах гэтэл Ашигт малтмалын газраас “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Тиймээс лиценз олгох ажил удааширч байна” гэсэн бичиг ирсэн. Иймээс л бид шүүхэд хандсан. Шүүхэд хандсан эхний шалтгаан бол хэрэв тухайн лицензэт талбайг орон нутаг тусгай хэрэгцээндээ авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй бол тухайн компанийн оруулсан хөрөнгийг нөхөж өгөх ёстой юм. Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалтаар бол манай компанийн оруулсан хөрөнгийн нөхөн төлбөрийг сум, орон нутаг гаргаж өгөх ёстой. Ийм боломж орон нутагт байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тиймээс бид гаргасан тогтоол шийдвэрийг нь судалж үзээд хуулийн зөрчил байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай лицензтэй талбайн давхцаж байгаа хэсгийг тэр бүсээсээ гаргаж өгөөч ээ гэсэн. Манай хэсгийг гаргачихвал хамгаалалтад авсан хэсэг нь хамгаалалтдаа үлдэж, манайх ашиглалтаа явуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, аль аль талын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах талаар шүүхэд хандсан. Шүүх ч хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн. Манайд ч Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр бол манай компани аймаг, сумын төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай ямар ч зөрчил байхгүй. Харин ч Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, энэ ордыг ашигласнаар ямар өгөөж орон нутагт үлдэх вэ гэж танилцуулга хийхэд бүгд талархалтай хүлээн авч байсан.

-Танай ордын хэмжээ, үнэлгээ нь хэр юм бэ. Тост, Тосон бумбын нурууны ойролцоохь бусад ордоосоо 4-5 дахин том талбайтай учраас хэрэв улсын тусгай хамгаалалтад авбал танай компани хамгийн их хохирол амсах байсан гэсэн мэдээлэл харсан юм байна. 

-Бид ордоо Баянтэсийн орд гэж нэрлэсэн. Нүүрсний зах зээл уначихсан учраас манай ордын үнэ цэнэ ч буурсан. Одоо нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд маш эрсдэлтэй байгаа. Үндсэндээ чулуун нүүрсний орд. Ихэнх хувийг нь эрчим хүчний чиглэлээр ашиглах л нүүрс эзэлдэг. Яахав, талбайн хувьд хэмжээгээрээ манайх зэргэлдээ талбайнуудаасаа бол том. Энэ үнэн. Тиймээс ч хүмүүс том талбайтай, том орд гэж хараад байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр ордын үнэлгээг талбайн хэмжээгээр нь биш нөөцөөр нь тооцдог. Баянтэсийн ордын нөөц бол зэргэлдээх ордуудынхаасаа хавьгүй бага. Өөрөөр хэлбэл, талбайн хувьд хамгийн том нь байж болох ч нөөцийн хувьд хамгийн жижиг орд нь л доо.

-Бодит байдал ийм байхад талийгаачийн үхэлд яагаад танай компанийг буруутгаж, сэжиглэж байгаа юм бол оо. Ямар шалтгаантай гэж харж байна вэ?

-Би хувьдаа улс төртэй л холбож харж байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр хүндийг унагах гэж л тийм мэдээлэл зориудаар тарааж байгаа болов уу. Ингэж хардах бодитой үндэслэлүүдийг би дээр хэллээ шүү дээ. Нэмээд хэлэхэд, тэр хавьд манай ордтой айлсаад үйл ажиллагаа явуулж байгаа олон уурхай бий. “МАК”, “Эс Жи Эс”, “Өсөх зоос”, “Чинхуа МАК”-ийн ордууд бий. Яг зэргэлдээ, үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын олон уурхай байхад ганц ч хувин нүүрс олборлоогүй манайхыг онцолж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх гэсэн хувийн бодол надад байна.

-Арай нэг улстөрчийн нэр хүндийг унагах гэж нэг компанийг хүн амины хэрэгт буруутгахгүй байлгүй дээ. Та бүхэн тэр хавийн байгаль хамгаалагч нартай сөргөлдөж байсан тохиолдол бий юү?

-Тэр талбай дээр үйл ажиллагаа явуулж байх хугацаанд би байнга байдаг байсан. 2011 оноос хойш гэсэн үг л дээ. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө сум, орон нутгийн удирдлагуудтай очиж уулзаж байсан. Байгаль орчны төлөвлөгөө батлуулах гэж, орон нутгийн байгаль орчны байцаагч болон байгаль хамгаалагчтай уулзах гэж очиж байсан. Бүх ажлаа хуулийн дагуу л явуулж ирсэн. Үнэндээ 2011 оноос хойших өнгөрсөн бүх хугацаанд төрийн бус байгууллага байтугай төрийн байгууллагаас ч ямар нэгэн дарамт ирж байгаагүй. Харин ганц л удаа буюу тухайн орон нутгийн “Гурван тэс эх нутаг” төрийн бус байгууллагын Шинэхүү тэргүүтэй залуус 2014 онд хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад ирж уулзсан. Нөхөн сэргээлтээ сайн хийхийг сануулж ирсэн юм.  Тэдэнтэй ярилцаад санал хүсэлтийг нь бичгээр авч, холбогдох мэдээллээ ч бид бичгээр өгсөн. Өөрөөр бол бидэнтэй ирж уулзсан төрийн бус байгууллага 2011 оноос хойш өөр нэг ч байхгүй. Өөр санал, шаардлага ч ирээгүй. Иймээс ямар нэгэн төрийн бус байгууллагатай маргалдах, муудалцах нэг ч шалтгаан бидэнд байхгүй. Онцолж хэлэхэд, Ирвэс хамгаалах байгууллагаас бидэнтэй ирж уулзсан хүн битгий хэл холбогдох өчүүхэн сэжим ч байхгүй.

-Тэгвэл худал мэдээлэл тарааж байгаа сайтуудыг яая гэж бодож байна вэ. Энэ талаар танд бодсон зүйл байна уу. Цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Ер нь бол хэрэг гарсны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн намайг дуудан уулзаад энэ гараад байгаа мэдээлэлтэй холбоотой хууль хяналтын байгууллагад шаардлагатай мэдээллийг өгөөрэй гэж даалгасан. Мөн  тэр хавьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас хууль хяналтын байгууллагынхан тайлбар, мэдүүлэг авсан. Иймээс би шаардлагатай гэсэн бүх мэдээллийг нь гаргаж өгсөн. Харин одоо компанийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандъя гэсэн бодолтой байгаа. Бусад компанийн зүгээс бас мэдээлэл өгөх байх гэж найдаж байна. Яагаад гэхээр болоогүй юмыг болсон мэтээр, болсон юмыг болоогүй мэтээр бичиж байгаа хэвлэл, мэдээллийн зарим байгууллагад үнэхээр харамсч байна. Талийгаачийн үхэлд манай компанийг хардаж, сэжиглэж бичиж байгаа нь нэг талдаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, цаашилбал манай компанийг гүжирдэж байгаа хэлбэр. Иймээс компанийн зүгээс энэ худал, хуурмаг мэдээллээ залруулахгүй бол, улс төрийн зорилгоор ч юмуу өөр ямар нэгэн зорилгоор дахин дахин тараагаад байвал холбогдох хууль хяналтын байгууллагад нь хандах болно. Хууль хяналтын байгууллагууд энэ бүх гүтгэлэгийг няцааж, үнэн мөнийг нь олж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Тэгж нэр төрөө сэргээлгэнэ. Яагаад гэвэл, худал бичсэн нэг мэдээллийн ард хүний амьдрал цаашлаад компанийн бизнесийн ирээдүй яваа гэдгийг тэр хүмүүс ойлгомоор юм. Сэтгүүлчдийн дунд “Үзэгний чинь үзүүрт хүний амьдрал яваа. Ижийгээ бодож бичээрэй” гэж нэг үг байдаг гэж сонссон. Нягтлалгүйгээр, худал хуурмагт итгэж, захиалгаар бичсэн нэг үг, нэг өгүүлбэрийн чинь ард дандаа хүний нэр төр, аж амьдрал, ирээдүй хамт явж байдаг гэдгийг л санаж яваарай гэж хүсье.

-Таны хувьд ийм байж. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ямар бодолтой байгаа бол?

-Би хүний өмнөөс тааж хариулж мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэж байгаа нэг зүйл бол Б.Чойжилсүрэн гишүүн үнэхээр залхсан байна лээ. Түүнтэй уулзахад нөхөн төлбөрөө өгөөд төр нь буцаагаад авдаг бол бушуухан өгье гэж байсан. Аргагүй ш дээ. Ийм их гүтгэлэг дор яваа хүн тэгж бодохоос өөр яахав. Ер нь бол энэ төсөл л зогсчихвол манай компанийг хохирчих гээд, байдгаа алдчих гээд байгаа юм шиг бичсэн байна лээ. Гэтэл бодит байдал дээр бол Тост, Тосон бумбын нурууг улс тусгай хамгаалалтад аваад, тэгж авахдаа манай талбайг тэрэндээ оруулсан ч түрүүнд хэлсэнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрөө бид авах хуультай. Нүүрсний зах зээл уначихсан, улам уруудах магадлалтай байгаа энэ үед төр хамгаалалтдаа аваад нөхөн төлбөрөө өгвөл харин ч бидэнд хамгийн амар байхаар л санагдаж байна. Гэвч асуудал ингэж шийдэгдлээ ч энэ гүтгэлэг зогсохгүй биз. Бас л “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн эрх мэдлээ ашиглан нөхөн олговор авчихлаа” гэсэн хэл ам гарах байх. Яагаад гэвэл, энэ гүтгэлэг эхнээсээ л хувь компани гэхээс илүүтэй улстөрч рүү нь хандсан байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, жирийн бизнес хийж байгаа залуугийн хувьд нэг зүйлд их харамсч байгаагаа хэлмээр байна. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд яахав энэ гүтгэлэг нэг тийшээ шийдэгдээд, лицензээ буцаагаад өгч болно. Харин цаашдаа яах вэ. Улстөрч эзэнтэй гээд худал, хуурмаг мэдээллээр дайрсаар байгаад лицензийг нь булаагаад авчихаж болдог юм гэхэд улстөрч эзэнгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бусад компанид ийм явдал битгий давтагдаасай билээ. Ажил хийж байгаа нэгнээ татаж унагадаг муухай монгол зангаас болж өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байдалтай болсон билээ. Үүнийг хаа хаанаа бодох л ёстой юм шиг ээ.

Ер нь бол ингээд улс нөхөн олговроо өгөөд талбайг хамгаалалтад авбал түүн шиг сайн зүйл манайд байхгүй болж байх шиг байна. Ийм хэл амтай төсөлд бидэнтэй хамтарч ажиллах гадна, дотнын ямар нэгэн компани одоо бараг олдохгүй биз дээ. Ер нь бол бизнес итгэл, нэр хүнд, туршлага, мэдээлэл гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ янзаараа худал мэдээллийг гаргасан хүний зорилго бараг биелж байх шиг байна. Төслөө анхнаас нь эхлүүлээд хөгжүүлэхээр зүтгэж явсан залуу хүний хувьд шал худал мэдээллээс болж төсөл бүтэлгүйтэх вий гэхээс үнэхээр харамсалтай байна. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх ажил хийх зоригтой хүн л ховордох байх даа. Үнэхээр харамсалтай.

Г.ХүрлээЭх сурвалж: Ардын эрх


URL:

Нэр: баагии Огноо: 11 January 2016

Танай сайт Твитер ыулан нээлдээ

Сэтгэгдэл бичих