Антибиотик хүчгүйдэж эхлэв
Эмийн замбараагүй хэрэглээнд бүх хүн хариуцлага хүлээх ёстой
Антибиотикийн хэрэглээг хязгаарлахыг ДЭМБ улс орнуудад анхааруулдаг боллоо. Ганц манай улс биш, өндөр хөгжилтэй орнуудад ч эмийн замбараагүй хэрэглээ тулгамдсан асуудал болоод байна. Хүн төрөлхтөн 1943 онд анх хүнд уудаг, тарьдаг антибиотикийг гаргаж авчээ. Тэр цагаас хойш анагаах ухаанд антибиотикийн 100 гаруй бүтэцтэй эм гаргаж үйлдвэрлэсэн ч өдгөө 60 гаруйг нь эмчилгээнээс бүр мөсөн хасчээ.
Учир нь эрдэмтдийн эмчилгээнд нэвтрүүлсэн 60 гаруй антибиотик хүний биед дасал болж, нянг устгаж хүчрэхээ больжээ. Цаашдаа энэ янзаараа антибиотикийн хэрэглээ замбараагүй хэвээр байвал 2050 онд бүх нянг устгаж чадахаа болино гэсэн дүгнэлтэд дэлхийн томоохон эрдэмтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчилж чадахаа болино гэсэн үг. Тиймээс 2011 онд ДЭМБ эмэнд дассан нянтай тэмцэх уриалга гаргаж байлаа. ДЭМБ эцэст нь эмийн зохистой хэрэглээ, тэр дундаа нянгийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний асуудалд бүх хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Эм судлаач, профессор Г.Чойжамц “Хүн төрөлхтөн эмтэй болох гэж асар хүнд замыг туулсан. Нэг зүйлийг сонирхуулахад сүрьеэг эмчлэх гэж формальдегид гэх ариутгалын бодисыг уулгадаг байж. Үүнийг хэрэглэсэн хүн элэгний хурц хордлогоор нас бардаг байлаа шүү дээ. Энэ их зовлонг туулж, арайхийж хэдэн эмтэй болсон учраас хүн бүр л хариуцлагатай байх хэрэгтэй. Эмийн зохистой хэрэглээг хязгаарлахад олон талын үүрэг оролцоо чухал. Тухайн эмэнд байдаг ашиггүй бодисыг гаж нөлөө гэж хэлдэг. Гаж нөлөө бага, эсэх нь эмийн чанараас хамаарна. Дэлхий дахинд хэрэглэж буй эмүүд гаж нөлөө харьцангуй багатай. Технологийг нь өөрчлөөд, гаж нөлөөг нь арилгаад байгаа. Гэхдээ бүх л эм гаж нөлөөтэй. Зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор болдог. Нэг эмийг хэт өндөр тунгаар эсвэл, удаан хугацаагаар хэрэглэхэд заавал гаж нөлөө илэрнэ. Иймээс л эмчийн жорыг чухалчилдаг” гэв.
Олон эмэнд дасалтай сүрьеэ, бүр олон эмэнд дасалтай гээд антибиотик ч дийлэхээ больсон өвчний тархалт газар авсан нь хүмүүсийн эмийн буруу хэрэглээтэй шууд холбоотой гэдгийг эмч нар хэлж байсан. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа нь ч эмийн хэрэглээтэй хамаатай юм. Учир нь зарим халдварт өвчний нян антибиотикт дасаж, устахаа байжээ. Эм хүчтэй эм учраас хүний биед байх ёстой эсүүдийг хүртэл үхүүлчихдэг тал бий аж.
Монголчуудын эмийн замбараагүй хэрэглээнд эмч хийгээд эмийн бизнес эрхлэгчид ч буруутай гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон. Эмийн санч тухайн хүнд ийм эм хэрэглэ гэж зөвлөх эрхгүй. Түүнчлэн өвчтөн эмийн санчаас эм нэхэж, шаардаж авах албагүй. Манай улсад эмийн сангийн борлуулалтад хяналт тавьдаг газар байхгүй учраас л эмийг хэрэглээг зохистой түвшинд хүргэж чадахгүй байгаа юм. Гэтэл эмийн санч нар сайн эм хэмээн магтаж, худалдан авахыг санал болгох нь энгийн үзэгдэл болсон. Уг нь эмийг сурталчилж борлуулах биш, эмчийн заавар буюу жороор л худалдах ёстой. Нөгөө талаар иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх элдэв төрлийн сурталчилгаа ч эмийн зохисгүй хэрэглээг өдөөж буй. Эм хүмүүнлэгийн бизнес байх учиртай. Эмийн бизнес эрхлэгч, эм зүйчид хүмүүсийг эм худалдан авах, албадлагын аргаар борлуулж болохгүй онцгой бараа гэдгийг үргэлж санах хэрэгтэй билээ.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL: