Оргосон байлдагчдыг эрүүгийн хуулийн 279.1-ээр буруутгажээ

4ebd2bea51b742145955a68879c800c0original

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хоёр байлдагч албан үүргээ биелүүлж байх явцдаа оргож, жирийн иргэнд буу тулган авто тээврийн хэрэгсэл дээрэмдсэн хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Бнар хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байх явцдаа оргосон байна. Тэднийг Сэлэнгэ аймгийн Гэгээлэг гэх газарт явж байхад нь цагдаа нар зогсохыг шаардахад зугтаж, Шаамар сумын нутаг Бүүрэг толгой гэх газраас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч баривчилжээ.

Зугтах үедээ байлдагчид унаж явсан тээврийн хэрэгслээрээ цагдаагийн автомашиныг мөргөөд зогсохгүй айлын хашаанд байсан портерыг мөргөж сүйтгэжээ. Тэднийг одоогоор Сэлэнгэ аймаг дахь цагдан хорих ангид саатуулж, эрүүгийн хуулийн 279.1 дүгээр зүйл заалтын дагуу шалгаж байгааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эх сурвалж мэдээллээ.

Дээрх заалтад “Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсвэл албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Цэргүүд оргосон шалтгаанаа “Гэрээ санасан учраас оргох төлөвлөгөө боловсруулсан” гэж мэдүүлсэн байна. Алба хаагчид хилийн манааны зэвсэг, морин уналга, буу, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрөх иргэний суудлын автомашиныг буу тулган дээрэмдэж, оргох ажиллагааг үргэлжлүүлсэн байна.

Цэргийн ангийн эх сурвалжийн хэлж байгаагаар “Цэргүүд хилийн манааны харуулд гарч байх үедээ оргон зайлах оролдлого хийсэн. Бид шуурхай ажиллаж тэднийг саатуулан ямар шалтгаанаар оргож, тээврийн хэрэгсэл дээрэмдэх болсныг тодруулахаар хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн” гэв.

Б.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих