Т.Өмирбек: Цас хайлуулагч бодисын нөөц багассан

Нийслэлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгах бодисын нөөц багасч зарим дүүргүүдэд дуусч байгаа гэсэн мэдээллийн талаар Улаанбаатар нэгтгэлийн Зам цэвэрлэгээ үйлчилгээний ахлах инженер Т.Өмирбекээс тодрууллаа.

-Зам, талбайн мөсийг хайлуулах зориулалтын давс, бодисын нөөц хэр байна вэ?

-Энэ жил манай нэгтгэл 528 тонн бодис нөөцөлсөн. Сүүлд нэмж 133 тонн бодис авсан. Нийтдээ 661 тонн бодис авснаас өнөөдрийн байдлаар 75 тонн үлдээд байна. Ерөнхийдөө цас хайлуулах бодисын нөөц багассан. Манай албан хаагчид нийслэлийн халтиргаа гулгаа ихтэй авто замын тодорхой уулзвар, өгсүүр зам, гол гудамжуудад цас хайлуулагч бодис цацсан. Сүүлийн хоёр, гурван жил элсийг аль болох хэрэглэхгүй байгаа. Учир нь замын халтиргааг ихэсгэж мөсний зузаарлыг нэмэгдүүлдэг. Хайлж алга болохгүй учир зам дээр үлддэг. Энэ жил зөвхөн давс, хайлуулагч бодис цацаж байна.

-Цас хайлуулагч бодисын нөөцөө нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нөөцөө нэмэгдүүлэх талаар албан бичиг хүргүүлээгүй байна. Одоо байгаа 75 тонн бодис хэсэгтээ хэрэглэхэд хүрнэ. Бид хэлэлцэж байгаад нөөцөө нэмэгдүүлэх талаар нийслэлийн Худалдан авах үйл ажиллагааны газарт мэдэгдэнэ.

-Өдөрт хэчнээн үйлчлэгч зам талбайг цэвэрлэж байна вэ?

-Нийслэлийг баруун, зүүн гэж хоёр хуваасан. Нэгтгэлийн зүгээс энэ хоёр хэсэгт 270 зам талбайн үйлчлэгчийг 12 хэсэгт хуваан ажиллуулж байна. Инженер техникийн ажилчид гээд өдөрт нийтдээ 300 гаруй хүн ажилладаг. Цэвэрлэгээний багаж хэрэгслийн хувьд цас түрэгч, үлээх төхөөрөмж, хүрз, жоотуу, цас цохигч ашиглаж байна. Мөн зам дээр цас хайлуулах бодис цацсан ч өглөө оройны жаварт жиндэж хөлддөг. Энэ нь хүйтний эрч чангарч байгаатай холбоотой.

Д.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих