ОХУ дахь Залуучуудын Зөвлөл байгуулагдлаа

Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч 2015 онд Азийн болон бусад орнуудад залуучуудын зөвлөл байгуулж, тус улс оронд ажиллаж амьдарч буй Монгол залуусын дуу хоолойг нэгтгэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах зорилго тавин ажилласан. Энэ хүрээнд  Канадын Торонто хот, БНХАУ, Япон, Солонгосын Инчеон, Бельги, Швейцарь, Герман,  Тайваньзэрэг оронд залуучуудын зөвлөл байгуулсан юм.

Тэгвэл энэ удаад ОХУ-ын Москва хотод ажиллаж амьдарч буй Залуучуудын зөвлөл байгуулагдаж,  өнөөдөр / 2016. 01. 06/ салбарынхаа тамга гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Анх 2013 онд “Ле Мон” клуб нэртэйгээр байгуулагдаж байсан тус залуучуудын нэгдэл нь өдгөө илүү олон залуучуудад хүрч ажиллах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Зөвлөл болон үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэхээр болсон байна. Зөвлөлийн тэргүүнээр Г.Билгүүн сонгогдож, тэргүүлэгч гишүүдээр Ж.Эрдэнэзул, Б.Энхмаа, Л.Долгормаа, Б.Хулан, Х.Хатанболд, Ж.Отгонгэрэл, О.Буянхишиг, Б.Алтансолонго нар сонгогдлоо. Цаашид тус зөвлөл нь Монголын Залуучуудын Холбооны бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Москва хотод сурч хөдөлмөрлөдөг Монгол оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нөхөрлөлийн аян”, “Спорт өдөрлөг”, “Соёлын довтолгоо”, “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг 2016 онд зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн 2 улсын залуучуудын уламжлалт, найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхийг зорьж байна.

Ийнхүү Залуучуудын зөвлөлийг  байгуулснаар аж ахуйн нэгж байгууллага, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй залуучуудын нийтлэг эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын нийгмийн идэвхи  оролцоог сайжруулах онцгой ач холбогдолтой юм.


URL: http://www.fact.mn/256091.html

Сэтгэгдэл бичих