Улаанбурханаас урьдчилан сэргийлье
Өнгөрсөн оны гуравдугаар сараас дэгдэлт нь эхэлсэн улаанбурханы тархалт одоо ч үргэлжилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс анхаарууллаа.
Хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар халддаг өвчлөл нэмэгддэг учраас шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар зорчихгүй, аль болох даарч хөрөхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилжээ. Нийт тохиолдлын 80 хувь нь нийслэл хотод байгаа бөгөөд өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг 0-8 сартай вакцины тун нь гүйцээгүй хүүхдүүд байгаа юм. Мөн 15-25 насныхан буюу вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа залуус өвчилж байна.
Иймд бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэхийг ХӨСҮТ-өөс анхааруулж байна. Мөн улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах, улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгээж болох аж. Харин 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах, А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх, амны хаалт зүүх, даарахгүй дулаан байх, гараа савандаж угаах хэрэгтэй.
ХӨСҮТ-ээс хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул иргэд эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн тус төвөөс зөвлөж байна.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: