Монгол тэмээ өсч байна
Ардчиллын дараахан 5-10 тоо толгойгоороо айл бүрт хувьчлагдан очиж байсан тэмээг тухайн үед олноор нядалж, бууз, хуушуурын маханд явуулж байсан тэр үед монголын тэмээ эрс хорогдож эхэлсэн гэдэг. Тухайлбал, нэг сая тоо толгой байсан монгол тэмээ 200 мянга болтлоо буурсан гэдэг тоо баримт байна. Ийнхүү тоо толгой нь буураад байсан тэмээг өсгөхөд Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбоо чухал үүрэг гүйцэтгэжээ.
Өөрөөр хэлбэл, “Тэмээн поло”-гийн аварга шалгаруулах улсын, бүсийн, аймгийн уралдааныг жил бүр зохион байгуулсаар ирсэн нь одоо уламжлал болон тогтсон юм. Үүнээс гадна дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг хамгаалах, сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулснаар малчдын тэмээ өсгөх сонирхол нь нэмэгдсэн аж. Мөн арван таван жилийн турш зохион байгуулсаар ирсэн энэ тэмцээний ачаар тэмээнд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн гэдэг. 200-хан мянга болтлоо буураад байсан тэмээний тоо толгойг эдүгээ бараг 400-аад мянгад хүрээд байгаа юм.
Энэ жилийн “Тэмээн поло” тэмцээн 2016 оны гуравдугаар сарын 05-07-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болох тов гарчээ. Энэ тэмцээн мянган тэмээг анх удаа уралдуулна гэдгээрээ онцлог юм байна. Мянган тэмээ уралдуулах санаачилгыг Монгол Улсын Шадар сайд, Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар гаргажээ.
Д.Жаргал
URL: