Энэ сарын 10-ны дотор хүүхдийн мөнгийг бүрэн олгож дуусгана
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Халамж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Даваасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-наас өмнө олгоно гэсэн мэдээлэл гарчээ. Энэ үнэн үү?
-Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын мөн-гийг энэ сарын 10-ны дотор бүх хүүхдийн дансанд хийхээр болсон. Сар бүрийн 20-нд бүх санхүүжилт бүрдсэн үед хүүхдийн мөнгийг зэрэг олгодог. Оны өмнө хүүхдийн мөнгөний тал санхүүжилт бүрдээгүй учраас хойшилсон юм. Энэ мөнгийг нэг сая 35 мянган хүүхэд авна. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сарынхаа мөнгийг аваагүй хүүхэд бий. Учир нь бичиг баримт болон бүртгэлийн алдаатай учраас хоцорсон байх. Үүнийг нөхөж олгоно.
-Шинэ оны эхний сарын мөнгө хугацаандаа орох уу?
-Нэгдүгээр сард олгох мөнгийг одоогоор УИХ-ын тогтоолын дагуу 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд өгнө. Хэрвээ санхүүжилт нь бэлэн байвал энэ сарын 20-нд шууд олгоно, үгүй бол хэд хоногоор хойшилж таарна. Тэр хүртэл манай байгууллага хүсэлт тавьсан иргэдийн дахин үнэлгээ, 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийн бүртгэлийг хийж байна.
-Судалгаанд хамрагдаагүй гэдгээ энэ сарын сүүлээр мэдээд хүүхдийн мөнгөө авч чадаагүй хоцорсон өрхөд нөхөж олгох уу?
-Судалгаанд хамрагдчихсан хэрнээ авч чадаагүй, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд мөнгийг нь нөхөж олгоно. Харин судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй. Өрхийн судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдаагүй гэдгээ мэдээд хүсэлтээ өгнө. Хүсэлтийн дагуу манай байгууллагынхан гэрт нь очиж судалгаа хийж, аль бүлэгт орохыг тодорхойлох юм. Уг тодорхойлолтоор тухайн өрх 1-17 дугаар бүлэгт орсон байлаа ч нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөж авах эрхгүй. Учир нь, судалгаанд хамрагдсаны дараагаар тухайн өрхийн хүүхдийн мөнгө авах эрх нь нээгдэнэ гэсэн үг.
Ц.Заяа
URL: