Төв банкны түүхээс -1

2016 оны эхний “лекц маягийн” өгүүллийг банкны асуудлаас эхэлж байна. Ямар ч юмыг тулхтай үзэхийн тулд түүний үүсэн бүрэлдсэн түүхэн хөгжил хийгээд гол “онолыг” нь үзэх ёстой гэдэг бол зарчим юм. Энд улс төр огт байхгүй, зөвхөн шинжлэх ухаан л байгааг онцлон дурдаж байна.

 91ac6579cc9828a2original mbank1924
Манайхан зах зээлд ороод 25 жил болсон гэж онгирох атлаа банк гэвэл ёстой тас харанхуй. Ганц нэг юм уншсан нь арилжааны банкыг гадарлана, харин төв банкыг бол ор тас мэдэхгүй. Нөгөө талаасаа монголчууд их баян хүнийг олигархи гэж ойлгохоос хэтрэхгүй. Харин тэр олигархи нь банк-санхүүгийн, үйлдвэрийн эсэхийг бас л ялгахгүй, тэд өөр хоорондоо ямар харилцаатайг гадарлахгүй. Ингэхлээр манай монголчуудын зах зээлийн, нэн ялангуяа банк-санхүүгийн мэдлэг бол “хүүхдийн тоглоом” юм. Тэгсэн атлаа банкны мөлжлөг луйврын талаар юм бичихээр учир зүггүй загнана. Үнэн солиотой ш дээ, манай монголчууд…
Монголчууд ч юу байхав, энэ дэлхийн хамгийн адгийн монгол сэхээтнүүдийн байж байгаа царай энэ юм. Ийм байхад манай ард түмэн банк-санхүүгийн хүчирхэг бүлгүүдийн “гарын шүүс” болох нь мэдээжийн хэрэг. Тун удахгүй банк санхүүгийн хямрал болох учраас банкны тухай, түүний дотор Төв банкны тухай товч өгүүлэх гэсэн юм. Ядахдаа хэнээс, юунаас болж баларч байгаагаа мэдэж байвал аштай юу даа…
 527-1451630795527-1451281262527-1450939421527-1448950578527-1443057795527-1442534749527-1442457113ganaa
Банкны үүсэл 
“Банк” гэдэг үгийг шууд орчуулбал “ширээ” буюу “banca” гэсэн үгнээс гаралтай бөгөөд дундад зууны италийн мөнгө солигчид шуудай, савтай мөнгөө түүн дээр дэлгэж тавьдаг байжээ. “Bancherii” буюу банкир гэж XII зуунд Генуяд мөнгө солигчдыг нэрлэж байжээ. Мөн “banca” гэсэн үгнээс “банкрот” буюу дампуурах гэсэн муу үг үүссэн байна. Мөнгө солигчид хэн нэгний итгэлийг алдаж хулхидсан бол түүний сууж байсан ширээг эвддэг байжээ. Үүнийг banco rotto буюу “ширээг нь эргүүлэх” гэж нэрлэдэг байжээ. Дундад зууны сүм хийд банкны капиталд туйлын таагүй хандаж байсан юм. “Банк бол юу ч хийдэггүй, тэд зөвхөн цаг хугацааг л наймаалдаг, харин цаг хугацаа бол Бурхны лүндэн юм !” гэж тэр үеийн сүм хийд сургаж байлаа. XIY зууны английн номлолд Бурхан конторын ажилчид, тайж язгууртан, тариачдыг бүтээсэн, харин чөтгөр бюргер (хотын бэртэгчин), мөнгө хүүлэгчдийг бүтээсэн гэж тунхаглаж байв. Солсберийн Иоанн (1115-1180 оны хавь) мөнгө хүүлэгчдэд “нийгмийн биенд” байх нэн таагүй үүрэг ногдуулж, тэднийг ходоод, шулуун гэдэстэй зүйрлэж байлаа. Сан-Жиминьяногийн сүмийн чимэглэлд чөтгөрийг тарган мөнгө хүүлэгчийн аманд алтан зоосоор бааж байгаагаар дүрсэлсэн байдаг.
Энэ түүхийг харин нэлээд залуус мэднэ байх. Угаасаа банкууд сайн нэртэй байгаагүй нь эндээс ойлгомжтой юм. Гэхдээ би банкны түүхийг биш, төв буюу улсын банкны тухай бичиж байгаа.
Төв банкны үүсэл 
XYIII-XIX зуунд анхны улсын буюу үндэсний банкууд бий болж эхэлжээ. Эдгээрийн дотроос хувийн банк байдлаар үүсч, сонгодог төв банк болсон Английн банк эрс ялгарна. Төв банк яагаад үүссэн гэхээр тухайн үеийн цэргийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хямралыг даван туулах гэж үүссэн байна.
Хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид дайн байлдаан хийж ирсэн, мөн алив дайн байлдаан санхүүгийн асар их зардал гаргадаг нь ойлгомжтой юм. Тэр үед банкнуудад тавьсан өр хуримтлагдаж, ямар нэг арга бодох хэрэгтэй болоод байжээ. Тэр арга нь төрийн өрийн бичгийг ямар нэг хэлбэрээр гаргах явдал байв. Анхны төрийн банк чухам энэ зорилтыг шийдвэрлэх гэж үүссэн байна.
Улмаар ХХ-XXI зуун болоход аж үйлдвэрийн циклээс үүдэлтэй эдийн засгийн хөгжлийн цикл үе эхэлжээ. Энэ талаар К.Маркс, М.Вебер нар хийгээд эдийн засгийн сонгодог нэн онолуудад тодорхой өгүүлсэн байдаг. Энэ үед санхүүгийн хямрал үе үе үүсэх болжээ. Энэ бүхэнд хариу өгөх ёстой болсон бөгөөд үүнийг төрийн банк хийж чадах байлаа.
Ингээд банкны анхдагч зорилтоос өөр түүнтэй үлэмж холилдсон, зааглаж ялгахад түвэгтэй олон зорилт төв банкинд үүсчээ. Энэ бол улсын өрийг удирдах, өрийг дахин бүтэцжүүлэх явдал бөгөөд энэ бүхэн нь угаасаа л улсын цэрэг дайны зардлыг санхүүжүүлэхэд чиглэж байв. Английн Төв банк ингэж үүссэн юм.
“Америкийн улсын анхдугаар банк” гэж нэрлэж байсан америкийн анхны банк тусгаар тогтнолын төлөө тэмцлийн явцад бас л ингэж үүссэн бөгөөд ялгаа нь Английн банк шиг төв банк болж өсч чадаагүй юм. Ингээд АНУ олон зуун жил төв банкгүй явж ирсэн юм.
Банк ба мөнгө
Хөгжлийн явцад мөнгөн эргэлтийг яаж зохицуулах вэ гэсэн асуудал үүсчээ. Үүнтэй холбогдон төв банкинд төрийн өрийг удирдах, аж үйлдвэрийн дэд бүтцийг санхүүжүүлэх, янз бүрийн төлбөр тооцооны систем, түүний дотор векселийн систем, цаасан мөнгө гаргах, түүнийг металл мөнгөтэй холбох зэрэг олон зорилтыг шийдэх үүрэг ногдох болов. Энд дурдсан бүхэн тус тусдаа ихээхэн том сэдэв гэдгийг би онцлон дурдаж байна.
Мөн хөгжлийн явцад банкны хямрал үүсэх болсноор банкнуудын балансыг зохицуулж, заримыг нь аврах, заримыг нь “цааш харуулах” бодит шаардлага үүсэв. Энэ үүрэг бас л төв банкинд ногдох болов.
Ухаандаа анхны цаасан мөнгө улсын мөнгө биш, хувийн банкны цаасан дэвсгэртүүд байсан нь мэдээж хэрэг. Ингэхлээр төрийн банкны гаргасан цаасан мөнгө хувийн банкны цаасан мөнгөтэй өрсөлдөж байлаа. Эдгээрийг солих үед тодорхой ялгаа (марж) гардаг байв.
Харин төрийн цаасан мөнгө гаргах, зоос цутгах зэрэг чухал ажлыг төрийн Сангийн яам хариуцдаг, эсвэл голдуу Төрийн Сан хөмрөгийн Газар (казначейство) мэддэг байв. Алт гол байр суурийг тийм ч амархан эзэлж байгаагүй юм. Голдуу алтан, мөнгөн, тэр ч байтугай зэс зоосыг төр хэрэглэдэг байжээ.
Харин төр буюу төрийн албан тушаалтнууд луйвар хийх явдал элбэг байсан нь мэдээж хэрэг. Тэд банкныхантай нийлж хуурамч зоос, хуурамч мөнгө гаргаж төрийг баллах нь цөөнгүй тохиолдож байжээ. Ухаандаа хуурамч зэс зоос маш ихээр нийлүүлснээс зэс зоосны инфляци болж XYII зуунд Орост “зэсийн үймээн” гарах жишээтэй.
Англид хуурамч зоос ихээр хийснийг болиулах гэж физикчдийг хүртэл ашиглаж байв. Бидний сайн мэдэх агуу их Исаак Ньютон зөвхөн физикт төдийгүй банк-санхүүгийн салбарт их гавъяа байгуулсан юм. Тэрээр металлуудын чанарыг судалдаг байсан учраас английн бүх зоосыг цутгах үүргийг түүнд даалгажээ. Английн зоосны Ордны Ажиглагчаар томилогдсон Ньютон энэ үүргээ гайхалтай сайн биелүүлж, Английн төрийн зоосны ажлыг эмх цэгцэнд оруулжээ. Үүнийх нь төлөө түүнийг насан туршид нь Зоосны Ордны захирлаар томилж, нас бартал нь багагүй зоос өгдөг байсан гэдэг. Сонирхуулахад Ньютоныг хэн ч хуурамч зоосоор залилж чаддаггүй байсан гэдэг.
Алтан баталгаа 
Ингээд XIX зууны сүүл гэхэд дэлхийн тэргүүлэх гүрнүүд алтан баталгаа руу аажимдаа шилжин орсон байна. Үүнийг ч бас англичууд анх хийжээ. Эхлээд Наполеоны дайн, дараа нь дэлхийн I дайн болж алтаар баталгаажсан мөнгөн систем ноёлох болжээ. Өөрөөр хэлбэл алтаар баталгаажсан улсын банк хууль ёсоор мөнгөн дэвсгэртүүд гаргах эрхтэй болсон байна.
Ингэж төв банкууд “хамгийн сүүлчийн зээлдэгч” гэсэн үүрэг хүлээх болжээ. Хямралын үед банкнуудыг аврах шаардлага үүссэн ба энэ үед банкны балансыг шалгаж, өгсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа тайланг төв банк шаарддаг болов. Энэ үүрэг хөгжлийн бодит шаардлагаас үүссэн бөгөөд ялангуяа хямралын үед маш их хэрэг болдог байв.
Тооцооны гүйлгээг хангахын тулд энэхүү гүйлгээний яг оролцогчид хэн бэ гэдгийг нарийн мэдэх хэрэгтэй. Ийм учраас вексель, чек болгож банк хоорондын клиринг, векселийн харилцан шүүлэг авдаг болов, ингэж орчин үеийн төлбөрийн систем бий болсон юм. Эдгээр тооцоог төв, үндэсний хийгээд улсын банкны хүрээнд хийж байв.
Дэлхийн I дайны дараа алтан стандартын эрин үед буцан орж чадсангүй. Ингээд төв банкны хөгжил дэх дараагийн чанарын үсрэлт нь 1929-1932 оны Их Хямрал болсон юм. Энэ үед банкны бүхий л системийн үйл ажиллагааны хариуцлага чухамхүү төв банкин дээр овоорсон билээ.
Английн банк бусдаасаа хамаагүй өмнө ийм үүрэг авсан гэж хэлж болох юм. 1694 онд английн бүлэг санхүүчид Францтай хийх дайнд усан флот байгуулахад томоохон зээл өгөх саналыг Засгийн Газартаа тавьж, улмаар мөнгөн дэвсгэртийн эмисс хийх эрх олж авсан юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт монополь тогтоожээ. Үүнээс цааш бол Английн банк хувийн банк лугаа хөгжиж ирсэн бөгөөд гэхдээ мөн чанартаа XIX зууны турш төв банкны үүрэг гүйцэтгэж байсан юм. Английн банкыг бүр хожим 1946 онд улсын болгосон юм. Хэдий ийм боловч сонин хэвлэлийнхэн Английн банкыг “Треднидл стритын хөгшин эмгэн” гэж нэрлэдэг юм. Английн банк бол маш их нэр хүндтэй институтын байр суурийг нэгэнт олсон ба үүнийг нь харгалзахгүй байж болохгүй юм. Дэлхийн аварга том бүх гүрнүүдийн банкны үйлчилгээ Английн банк гэсэн энэ институтын мөрөн дээр ногдож байдаг. Энд төв банкны үйл ажиллагааны олон олон чиглэл бүрэлдэж тогтсон. Төв банкыг Англид ингэж туршиж үзсэн болохоор энэхүү банк хэрхэн хувьсан өөрлөгдөж ирснийг харьцуулан үзэх нь чухал байдаг юм.
Валютын системийн эрэлд
Ингээд Напалеоны дайн хүрчээ. Энэ үеэр болсон олон улсын томоохон хямралууд санхүүгийн систем үндэсний хил хязгаараар хашигдаагүй гэдгийг харуулжээ. Тэр болтол Англи өөрийгөө далайгаар бат хаагдсан гэж үзэж байжээ. Энэ үеийн, магадгүй 1825 оны хямрал бол үнэндээ бол улсын өрийн хямрал байсан юм.
Мөн энэ үеэр Латин Америк дахь Испанийн хуучин колони улсууд тусгаар тогтнон чөлөөлөгдөж эхэлсэн байна. Тэдэнд ч гэсэн байлдааны ажиллагаагаа санхүүжүүлэх, засгийн газрын шинжтэй ямар нэг үйл ажиллагаа явуулах шаардлага үүсчээ. Тэдний татварын болон төсвийн систем маш муу байсан, иймээс асар их өр тавьжээ, чингэхдээ түүнийгээ олон улсын зах зээлд байршуулахыг хичээж байлаа. Улмаар 1825 онд Колумба, Перу орнуудад шил шилээ дарсан дефольт болов. Энэ үед Английн банк яг энэ нөхцлөөс арилжааны банк гарган авах хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Ингээд Английн банк банкуудыг аврах ажилд орсон байна. Эндээс bail-out буюу өр цайруулах гэдэг нэр томъёо тэртээ XIX зууны үед үүсчээ.
Дараагийн олон улсын хэмжээний хямрал 1857 болон 1907 онуудад болсон ба энэ үеэр Английн банк хангалттай орчин үеийн банк болж чадсан байв. Гэхдээ төв банкны систем Дэлхийн II дайны дараа бүрэн бүрэлдэж тогтсон гэдгийг дурдах ёстой. Ингэж Английн банк бүхний түрүүнд явсан юм. 
Орост бол 1853-1856 оны Крымын дайны дараа анхны банк үүссэн. Энэ дайны улмаас үүссэн улсын асар их өрийг дарахын тулд Оросын төрийн банк жилийн 4-5%-ийн хүүтэй облигаци, банкны дэвсгэрт гаргах болжээ. Энэ банк Сангийн Яам, Сангийн Газрын удирдлага дор ажилладаг байв. Анхны дарга нь орос бус, герман гаралтай Штиглиц гэдэг хүн байжээ.
Энэ үед буюу XIX зууны дунд үед Францын зах зээл Английг гүйцэж, Берлинд санхүүгийн төвүүд хурдан хөгжиж байсан юм. Улс орны дотоод дахь санхүүгийн үйл ажиллагаа нь өнөөгийн банкны гүйлгээтэй ямар ч төсгүй байжээ. Аль нэгэн худалдаачин буюу баян хүн банкнаас зээл авч улсын төсвийн орлогыг түрээсээр төлнө. Дараа нь хувийн журмаар татвар төлөгчдөөс өөрөө татвараа хураан авна. Энэ нь туйлын ашигтай гүйлгээ байжээ. Учир нь тэр нөхөр ямар хэмжээний татвар авч байгааг засгийн газар огт хянадаггүй байсан юм.
Тэр үеийн дэвшилтэт хүмүүс энэхүү татвар түрээслэх системийг улс орныг сүйрүүлэх, нэн хортой зүйл гэж эрс шүүмжилж байжээ. Энэ үед Орос оронд хамжлагын харилцааг халах үетэй давхцсан юм. Гоголийн “Амьгүй албат” зохиолд Чичиков амьгүй албат авахад: “цаасан мөнгөөр төлөх үү, цалин мөнгөөр төлөх үү ?” гэж асуудаг. Үнэхээр эдгээр нь өөр өөр мөнгө байсан юм. Эл байдал Орост XIX зууны төгсгөл хүртэл хадгалагдсан.
Дөнгөж саяхан буюу 1895 оноос банкны зээлийн билетийг алтан зоосоор сольдог болж, 1897 онд хууль гаргаж ингэж солих эмиссийн хэмжээг зааж өгсөн байна. Ухаандаа 600 саяыг 50%, түүнээс дээш бол 100% алтан баталгаагаар хангаж байжээ.
Ингэж оросын рубль европын хамгийн нэр хүндтэй валютын нэг болсон ба Дэлхийн I дайн болтол баараггүй үйлчилж байсан юм. Энэ үед банкнаас гадна томоохон үйлдвэрийн газрууд хүртэл үнэт цаас гаргаж, банкууд эдгээр облигацийг синдикатуудтай нийлэн худалдаж авна. Үүнийг синдикажсан зээл гэдэг байсан. Үүнийгээ хувьцаа болгон хувь хүмүүст худалдаж болдог байв.
Ийм синдикатуудыг голдуу Төрийн банк удирддаг байсан. Одоо бол төрийн банкуудад ийм үүрэг байхгүй. Гэхдээ тэр үед төрийн банк хөгжлийн банкны үүрэг гүйцэтгэж болдог байжээ. Энэ үед бидний үеийн compliance, corporate governess гэх мэт ойлголт гараагүй, харин “картелийн гэрээг” буюу синдикатын гэрээг хэвийн зүйл гэж үздэг байжээ. Ер нь ингэсээр байгаад ихээхэн мөнгө хуримтлуулж чадсан байна.
Ингээд 1907 онд дэлхийн анхны хямрал болж АНУ болон бусад орнуудад төмөр замын байгуулалт унаж байхад Орост харин байгуулж байсан юм.
1907 онд металлын эрэлт унаж, энэ үеэр олон банк төлбөрийн чадваргүй болжээ. Иймээс АНУ-д мөнгөн эргэлт хариуцсан Үндэсний Комисс байгуулсан ба энэ Комисс Холбооны Нөөцийн Систем (Federal Reserve System) бий болгох саналыг анх гаргажээ. Ингээд 1913 онд хууль гаргаж, ХНС буюу АНУ-ын анхны банк байгуулжээ. Гэхдээ анхнаасаа улсын болон хувийн эхлэлийг хослуулах зарчим баримталсан учраас ХНС-ийн гишүүд нь арилжааны банкууд байдаг. Энэ зарчим одоо болтол хадгалагдан үлдсэн.
Ингээд Дэлхийн I дайн эхлэв. Энэ үед дэлхийн бүх биржүүд үнэт цаасаар арилжаа хийхээ больж, улсын банкууд цаасан мөнгийг алтаар сольж авахаа болив. Үүнтэй хамт санхүүгийн хямрал нэгэн зэрэг болж, синдикажсан цэргийн зээлийг байршуулж эхлэв.
Арилжааны банкуудад зээл олгохдоо улсын сангийн газрын облигацийн барьцаанд өгдөг болов. Энэ бол дайны үеийн түгээмэл бүдүүвч юм. Одоо Монголд бондын мөнгийг арилжааны банкуудад байршуулж байгаа нь үүнийг санагдуулахгүй гэж үү ? 
Одоогийн Европын төв банкууд багцаагаар дээрх байдлаар ажилладаг бөгөөд өөрөөр хэлбэл, нээлттэй зах зээл дээрээс улсын үнэт цаасыг, тэр тусмаа хувийн үнэт цаасыг худалдаж авдаггүй, харин эдгээр үнэт цаасаар барьцаа болгон банкуудад зээл олгодог юм. Одоогийн банкуудын гүйлгээ үүнээс бага зэрэг өөр ч гэсэн энэхүү гүйлгээний агуулга нь хэвээрээ байгаа.
Стандарт систем 
Дэлхийн I дайн хамаг зүйлийг бантан болгожээ. Тэр үед дурын хүн цаас хайчлаад мөнгө хийж болдог байв. Ухаандаа Орост 10 сая рублийн мөнгөн дэвсгэрт гарч байв. Германд бол 1 триллион маркын цаасан мөнгө гарч байв. Дараа нь Орост алтан червонец, германд рентын марк гаргаж байж хямралаас гаргав.
Дэлхийн I дайны дараа хямралаас гарахын тулд алтан стандарт бий болгох уриа лоозон бий болжээ. Эхлээд Генуяд, дараа нь Лондонд бага хурал хийж алтан стандартад шилжих гэсэн боловч чадаагүй юм. Европын хэд хэдэн орон францын франкыг түшиглэн “алтан холбоо” байгуулах гэсэн боловч 1929 оны хямрал эхэлж бүх валют бүгдээрээ девальваци хийсэн юм. Үүний дараа мөнгийг алтаар солих тухай яриа гараагүй. Энэ үеийг шинжлэх ухаанд “алтан уриа дуудлагат стандарт” гэж нэрлэдэг. Үнэн хэрэг дээрээ дэлхийн бүх аж ахуй валютаараа холбогдсон блокууд болон задарч, худалдааны блок, валютын блок болон хуваагдсан билээ.
Франкын бүс, стерлингийн фунтын бүс, долларын бүсүүд үүсч, өөр хоорондоо таваар, капиталын хөдөлгөөнд саад учруулж байлаа. Үүнийг ямар нэг байдлаар олон туйлт гэж нэрлэж болох ч сайн зүйлд хүргээгүй юм. Харин ч дэлхийн хоёр ч дайнд хүргэсэн гэж хэлж болно.
Бараг энэ үеэр Америкт Их Хямрал буюу Депрессия болж байв. Тэр үеийн өрхийн аж ахуй 1929 оны автомашины тоотой тэнцэж байсан бөгөөд эдгээр машины 70%-ыг хүн ам зээлээр авсан байлаа. Энэ бүхэн бараг л нэг цагийн дотор нуран унаж, зах зээлийн үнэт цаас хэдхэн сарын дотор 60% унав.
Энэ үеэс эхлэн Америкийн эдийн засгийг төрөөс удирдах бүдүүвчийг бүтээсэн юм. Ерөнхийлөгч Рузвельт гарч ирснээр зах зээлийг нэг хэсэг бүрэн хаав. Хямралаас өмнө Америкт үүргээ биелүүлдэггүй 22 мянган банк байсныг Рузвельт бүгдийг нь хаасан юм. Дараа нь Рузвельт түүний талаас цөөн буюу 10 орчим мянган банкыг л сэргээн ажиллуулсан билээ. 
Тэр үед ХНС мөнгөн зохицуулалтыг маш муу хийж байсан нь ойлгомжтой бөгөөд зүгээр л хүүг нэмэж хасах л үйлдэл хийж байв. Энэ үед төрийн жолоодлого хэрэгтэй байсан юм.
Ер нь бол улсын өр, төсвийн санхүүжилт, нийлбэр эрэлт эдийн засгийг шахах зэргийн алинд илүү анхаарах ёстой вэ гэдэг нь маш том бөгөөд хүнд асуудал юм. Эдгээрийг Кейнс бүтээлдээ авч үзсэн юм.
Ингээд тэр үед нэр эдийн засагч болсон Кейнс Америкт ирж Рузвельттэй уулзсан ба тэд бие биендээ таалагдаагүй юм. Кейнс: Америкийн Ерөнхийлөгч бол мэдээж хэрэг агуу хүн, гэхдээ тэр эдийн засгийг маш муу ойлгож байна гэж хэлсэн байна. Харин Рузвельт: Мэдээж хэрэг тийм. Гэхдээ бид энэ бүхнийг нэгэнт хийчихсэн, энэ тухай номыг одоо л бичиж эхэлж байгаа шүү дээ гэжээ.
Дашрамд дурдахад кейнсын онол, неокейнсын онол, монетаризмын онол зэргийн маргаан одоо болтол үргэлжилсээр байгааг дурдах хэрэгтэй. Энэ маргааны суурь асуулт нь хямралын үеэр юу хийх ёстой вэ ? гэсэн томъёолол юм.
Бүр хожим 1980-1990-ээд оноос америкийн макро эдийн засгийн онол төрийн оролцоо огт хэрэггүй бөгөөд монетаризм болон болон “зөөлөн гар”-аар хүртэл зах зээл цэцэглэн хөгжинө гэх кейнсийн үзлээс бүрэн татгалзаж эхэлсэн юм. 
Хэдийгээр Америкийн онолд ингэж үзэж, кейнсийн онолоос татгалзаж эхэлсэн боловч бусад орнуудад түүнийгээ сурталчилсан хэвээрээ байв. Үүний тэргүүн эгнээнд Монгол явсан юм. Зах зээлийн далд гарын тухай, төрийн оролцоо огт хэрэггүй тухай онол Монголд хамгийн их хөгжсөн ба түүний фанатикууд хамгийн их буй.
2004 оны хямрал болов, дараа нь 2007-2009 оны хямрал болов. Эндээс төрийн зохицуулалт хийх үү, зах зээлийн замаар нь явах уу гэсэн суурь асуудал ахиад л босч ирсэн юм. Өөрөөр хэлбэл зах зээлийг төрийн зохицуулалттай хослуулах бодит шаардлага үүссэн юм. Олон улсад төрийн зохицуулалт, зах зээл хоёр нэг нь нөгөөгөө орлохгүй, гэхдээ аль алийгаа агуулсан байх ёстой гэсэн дүгнэлт хийсэн байхад Монголд л ганцаараа төрийн зохицуулалт хэрэггүй гэж батлах нь үнэндээ бол оюун санааны болон биет гэмт хэрэг болой.
Санхүүгийн хямралаас үүдсэн хог нурангийг цэвэрлэх талаар чамгүй их туршлага хуримтлуулаад байсан ч түүнийгээ ашиглаж амжилгүй Дэлхийн II дайныг эхлүүлсэн билээ. Харин дайны дараа хуримтлуулсан туршлагынхаа үндсэн дээр зохицуулалт хийж зах зээлээ янзлах гэж оролдсон бөгөөд чингэхдээ “цэвэр хуудаснаас” эхлэхээр шийдсэн байна. Ингээд олон улсын санхүүгийн архитектурт Бреттон-Вуддын гэх валютын систем үүсэв.
Үүнийг хүн болгон мэдэх учраас дэлгэрүүлж ярихгүй. Гэхдээ Бреттон-Вуддын систем нь олон улсын төлбөр тооцооны ямар нэг бодлоготой, нарийн нягт систем бүтээх гэсэн оролдлого байсан юм. Ингээд аажимдаа олонхи орнуудад чөлөөт хөрвөх ханштай чөлөөтэй шилжих валют бий болов.
Эндээс өнөөгийн “европын” валютын систем бүрэлдэн бий болсон юм. 
Харин улс орнуудын дотоодод бол аль нэгэн тодорхой засаг захиргааны удирдлага дор биш, харин төрийн байгууллагын онцгой статустай ажилладаг бие даасан төв банкнууд шаардлагатайг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн билээ. Тухайлбал, Английн банкыг улсын болгож, чингэхдээ түүний бие даасан байдлыг хуулиар баталгаажуулж өгчээ. Ийнхүү төсөв, татварын систем, мөнгөний эрх мэдэл гурваас бүрдэх сангийн (фискаль) эрх мэдэл бий болж, орчин үеийн нөхцөл байдал бүрэлдсэн юм. Энэ эрх мэдлүүд хамтдаа эдийн засгийн зохицуулалтыг гүйцэтгэх ёстой ба учир нь тэдний гарт санхүү-мөнгөний үндсэн бүх хөшүүргүүд байдаг юм.
Монголд “улсын банк” гэсэн нэр томъёо хэрэглэдэггүй, гэвч Монголбанк бол ямар ч эргэлзээгүй төрийн системийн нэг хэсэг юм. Монгол Улс Төв бусад улсын адилаар Төв банкиндаа нэлээд бие даасан байдал олгож, их өргөн зорилт тавьж өгдөг. Гэтэл үүнийг Монгол банкныхан “тусгаар тогтнол” гэж ойлгодог нь гэмт хэрэг юм.
Аль ч улсын Төв банк инфляци, валютын ханшаас гадна хамгийн гол нь үндэсний валютын тогтвортой байдлыг хангах гол бөгөөд үндсэн үүрэгтэй. Мөн олонхи Төв банк санхүүгийн зах зээлийн мега зохицуулагч болохоос гадна төсөв хийгээд татварын тооцоо, төрийн өр зэрэгт үйлчлэх Засгийн Газрын агент юм. Ухаандаа янз бүрийн сан, тогтворжуулах хөтөлбөр зэрэг нь асар том төслүүд зөвхөн Төв банкаар л дамжин хэрэгждэг. Мөн Төв банк улсын алт-валютын нөөцийг эзэмшиж байдаг…
Монголын Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хуулийн дагуу “толгойгоороо” хариуцдаг. Гэтэл сүүлийн үед Монгол банкны удирдлагууд “зах зээл” хариуцна гэж хэлэх болсон нь бас л гэмт хэрэг. Банкыг биднээс өөр “ойлгох мэдэх” хүн байхгүй учраас дураараа дургиж болно гэж үзэх нь бас л ихээхэн ноцтой гэмт хэргийн эхлэл мөн… 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 01 дүгээр сарын 01.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn- ээс уншина уу?

URL:

Сэтгэгдэл бичих