Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогтыг томилжээ
Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж зарим хүмүүсийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн юм.
Тэгвэл тус хуралдаанаар хэд хэдэн сонирхолтой томилгоонуудыг хийжээ. ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилсон бол Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогтыг томилжээ. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн Р.Эрдэнэбүрэн ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ю.Идэрцогт нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг байсан бөгөөд “Монгол шуудан” компанийн удирдлагаас Нийслэлийн захиргаанд ирсэн юм. Мөн эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн ажээ.
Г.Лхагваа
URL: