С.Төмөр-Очир “Даахгүй булуу” хурааж сууна.

Төрийн ордноос зарим нэгийгээ гаргах болохоор заавал нэг албан тушаал өгөхгүй бол өмнөх хойдохыг сөхөөд байдаг “зовлон” одоогийн улстөрчдөд бий.

Хатуухан хэлэхэд тэр жишгээр дэд сайдын хэмжээний МУИС-ын ректорын суудалд суусан С.Төмөр-Очирыг олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Залуу хүний сийрэг ухаан ус агаар шиг дутагдаж байсан улсын тодотголтой тэргүүлэх сургуульд өчнөөн жил улс төрөөр тоглож, хал үзэж хашир суусан буурал толгойтой нөхөр ирэхэд шинэчлэл хүлээж байсан нэг нь дуугүйхэн эргэж алхахад хүрсэн нь нууц биш.

Засгийн газраас боловсролыг шинэчилж байгаа нь энэ гээд баахан сургууль нэгтгэсэн. Ийм алхам хийгээд Монголын их дээд сургууль Харвард, Кембрижид ойртох мэтийг ярьж байсан нь өнөөдөр зүгээр цаасан малгай байсан нь танигдаж эхэллээ. Учир нь МУИС-ын харьяанд нэгдсэн ХҮДС, Улаанбаатарын Их сургууль зэрэг сургуулиуд өнөөдөр нэгдүгээр курс байхгүй эл хульхан анги танхимтай хонгил төдий болж. Гэтэл МУИС-ын хичээлийн байрнууд оюутнаа багтаахгүй “Чи цаашаа, би наашаа” гэх нь холгүй, хичээллэх тав тух бүр ч ярилтгүй. Адилхан боловсролын чанарыг сайжруулах гэж, түмний хүүхдийг хоолтой нь залгуулах гэж яваа хэрнээ замын дунд нэгийгээ торойтол хаяад даахгүй ачаагаа шунаглан үүрч гуйвж яваа С.Төмөр-Очир ректор тун ч хөөрхийлөлтэй харагдаж байна.

Тэр үнэхээр хүний олон үрсийг сайн сургая гэсэндээ биш, төлбөрийн хэдийг нь ахиу авч, яамнаас өгдөг төсвөөр түрийвчээ түнтийлгэх гэж байгаа нь өнөөдөр хэнд ч ил болж. Уг нь төрийн тодотголтой хэдхэн сургууль байхад дотроо ярилцаж тохироод оюутнаа сургаад өөр өөр байршилд байгаа ч адилхан боловсрол мэдлэгтэй төгсгөвөл хэн хэнийх нь ирээдүйд хэрэгтэй юм даа. Өөр сургуулийн нэр дээр элсэлт авчихаад түүнийг ичих ч үгүй булааж, багтахгүй байхад чихцэлдээд хичээллүүлж байгаа ийм ректор Монголын боловсролыг нар өөд харуулах ч үлгэр биз дээ.


URL:

Сэтгэгдэл бичих