Ч.Хүрэлбаатар: Эвслийнхэн намын жагсаалтаар ордог гишүүдийн тоог нэмэх саналтай байна
Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. Учир нь УИХ-д Сонгуулийн гурван ч хуулийн төслийг нам, эвслийн бүлгээс өргөн барьсныг ажлын хэсэг дээр нэгтгэсэн. Ингэхдээ гишүүн О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслөөс ямар ч заалт оруулаагүй гэж үзээд тусад нь хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаад байгаа юм. Тухайлбал, саналын хуудасны хяналтын тооллогыг зөвхөн 50 хувьд хийхээр зөвшилцсөн нь буруу. Нэг нь автомат машинаар саналын 50, нөгөө нь гар тооллогоор 50 хувийг авна гэсэн агуулга харагдаад байна гэсэн асуудлыг зарим гишүүн тавьсан. Мөн эвслийн бүлгийн зүгээс “Сонгуулийн тогтолцоог 48:28-аар сонгохдоо 28-ыг таван бүсэд хуваасан нь буруу. Монгол Улсыг хагалган бутаргах ажлыг хэний захиалгаар хийгээд байна вэ” гэж байлаа. Ямартай ч дээрх зөрчлөөс үүдэлтэйгээр Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсантай холбогдуулан МАН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэгт орсон Ч. Хүрэлбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ажил ямар төвшинд явна вэ?
-Одоогоор гурван долоо хоногийн өмнө Су.Батболд, Р.Бурмаа, О.Баасанхүү нарын гэсэн Сонгуулийн гурван хуулийн төслийг өргөн барьсан учраас УИХ дээр авч хэлэлцээд дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Ингэхдээ энэ гурван хуулийн төслийг нэгтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар намуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар ажлын хэсэг саналаа нэгтгэсэн, чуулганы хэлэлцүүлэгт шилжүүлсэн байдалтай л байна.
-Нам, эвслийн бүлгүүдээс өргөн барьсан хуулийн төслөөс нэгтгэсэн хуульд хэр туссан бэ. Эвслийн бүлгийнхэн бидний саналыг оруулсангүй гэж үзээд хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшуулчих шиг боллоо?
-Тухайлбал, манай намын зүгээс сонгуулийн хар машины тооллогын дүнг 100 хувь гараар давхар баталгаажуулъя гэдэг саналыг гаргасан. Харин АН-ын зүгээс “Гараар тоолуулахгүй, хар машинаараа явна” гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Хэдийгээр ийнхүү санал зөрүүтэй байсан ч ажлын хэсэг дээр ярьж ойлголцоод явж байна. Үүнээс гадна намууд өөр бусад саналаа гаргаад явж байгаа. Тэр нь юу гэхээр 28 гишүүнийг бүсчилж сонгоё гэх зэрэг саналыг гаргасан. Ингээд ярилцаад хуулиа хэлэлцэж эхэллээ. Үүний дагуу өчигдөр / уржигдар/ Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн нэгтгэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэж байх үед О.Баасанхүү гишүүн “Бидний саналыг огт тусгаагүй байна” гэдэг үндэслэлээр өөрийнхөө өргөн барьсан хуулийн төслийг тусад нь хэлэлцүүлэх санал гаргасан л даа.
-Хугацаа бага үлдсэн байхад ийм боломж байгаа юм уу?
-УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн ийм санал гаргасан тохиолдолд тусад нь хэлэлцүүлэх ёстой л доо. Тиймээс О.Баасанхүүгийн өргөн барьсан хуулинй төсөлд байгаа саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахин хэлэлцэхээр болсон юм.
-Эвслийн бүлгээс өргөн барьсан хуулийн төслөөс үнэхээр ямар ч заалт тусгаагүй байсан юм уу. Эсвэл дэгсдүүлээд байна уу?
-Зарим санал нь туссан. Гэсэн ч О.Баасанхүү гишүүн үлдсэн саналууд дээр зарчмын өөр байр суурьтай байгаа шүү дээ. Жишээлбэл, ард түмнээс сонгогддоггүй, шууд намын томилолтоор орж ирдэг гишүүдийн тоог нэмж 38 болгоё гээд байгаа юм. Гэтэл энэ саналыг нь ажлын хэсгийнхэн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Дээр нь бас бүсчлэхийг эсэргүүцэж байгаа.
-Гэхдээ нам, эвслээс гаргасан санал бүрийг тусгах боломжгүй биз дээ. Тухайлбал, танай намаас гаргасан саналуудыг бүгдийг тусгасан юм уу?
-Бүгдийг тусгах боломж мэдээж байхгүй шүү дээ. Тухайлбал, манайх бол ард түмнээс сонгогддог 48-ыгаа нэг намын хоёр өрсөлдөхгүй байхаар тойргоо хуваая гэдэг санал тавьсныг хүлээж аваагүй. Тойрог хэсгийн хороодод намууд өөрсдийнхөө төлөөллийг тодорхой хувьд нь оруулъя гэснийг ч бас тусгаагүй.
-Гэхдээ танай бүлгийн хамгийн гол санал бол хар машины саналыг гараар тоолох л байсан биз дээ?
-Хамгийн чухал санал нь мэдээж гараар тоолох байсан. Гэтэл одоо эцэстээ 100 хувь давхар тоолъё гэдэг санаачилга маань 50:50 болж таарч байна. Өөрөөр хэлбэл, нэг тойргийг 100 хувь гэж үзвэл яг 50 хувьд нь гар тооллого явуулъя гэдэгт ерөнхийдөө санал нэгдэж байна. Энэ мэтчилэн нам, эвслийн бүлгээс гаргасан саналуудыг бид харж байгаад л нэгдсэн хуульд тусгаж байна. Тухайлбал, хэлэлцүүлгийн явцад хар машинд үнэхээр эргэлзээ байна. Хүний ажиллагаатай машин, дээр нь цагийн дотор л мэдээллээ сервер рүүгээ явуулчихаж байгаа тохиолдолд иргэдийн өгсөн санал өөрчлөгдөхвий гэсэн болгоомжлол байгаа юм. Тиймээс давхар гараар тоолох санаачилга л гаргасан шүү дээ.
-50:50 гэдэг санал аль намаас оруулж ирсэн хуулийн төсөлд багтсан байсан юм бэ?
-Манай намынхан 100 хувь гараар тоолъё гэсэн. Харин АН үгүй, зөвхөн хар машинаараа явна гэж зүтгэсэн. Ингээд эцэст нь тал бүрээсээ ярилцаад гаргаж ирсэн л шийдэл.
М.Өнөржаргал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Наад дөрвөдөөсөө бүх намынхан зайгаа барьж яваарай алж мэднэ шүү
bid songuuli ogoh hereg bna uu daa