“Шалчгар”-уудаас болж төрийн нэр хүнд навс унаж байна

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд, сайд дарга нарын хоорондын маргаан зэргийг харж суухад Монголын төр үнэхээр шалчигар нөхдүүдээр дүүрчээ.

Шалчгарууд төрийн нэр хүндийг унагааж байгаа нь ч тод харагдлаа. Өчигдрийн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Болорчулуун, Ерөнхий сайд хоёрын хооронд өрнөсөн маргаан хэн хэнийгээ “шалчигнаад байх юм” хэмээн доош хийснээр дууссан.

Тэгвэл Сангийн сайд Б.Болор мөн л УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эрүүл мэндийн үзлэгт хамруулах хэрэгтэй, “мэдрэл муутай” хэмээн оношлов.

Ер нь манай УИХ-д мэдрэл муутай, паталогийн асуудалтай, яавч эрүүл биш тэнэгүүд цөөнгүй болохыг нийтлэлч Б.Баабараас эхлээд олон хүн ярьж, бичсээр ирсэн.

Ингэж дүгнэхээс ч аргагүй үйлдэл, үг яриаг төрийн түшээд гэх хүмүүс маань гаргах аж. Бие биенээ мэдрэл муут, шалчгар энэ тэрээр дуудсан зөвхөн нэг л өдрийн жишээ энэ.

Уг нь төрийн түшээд нь ёс суртахуунтай, хэлэх хэлэхгүй үгээ цэгнэж, цэнэж гэмээнэ ард нийтийн сэтгэл санаа ч ариун байх нигууртай. Монголчууд хэзээнээсээ төрөө дээдэлж,ариун журам,ёс суртахууны дээд эрэмбэ хэмээн бодож, бүр “Төрийн сүлд минь өршөө” хэмээн залбирдаг.

Уламжлалт энэ сэтгэхүй өнөө ч хэвээр.

 Гэтэл төрийн түшээд маань Ерөнхий сайдаасаа эхлээд шалчигнаад байхаар хэндээ итгэхээ ч байлаа гэж ахмадууд ярьж байна.

УИХ, Засгийн газарт сууж байгаа гишүүд нь нэгнийгээ байнга эрүүл бус өвчтэй, ховч, шалчигнуураар нь дууддаг учраас нийт ард түмний дунд Монгол төрийн нэр хүнд үнэхээр л навс унаж байна.

УржигдарТөрийн ордны баруун талд жагсаал хийж байсан “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” хэмээх ТББ-ын залуус Төрийн ордон руу дайрч, бөөн л асуудал үүсгэв. Энэ бол төрийн нэр хүндийг унагаж буй нөхдийн л буруу юм. Өөрсдөө замбараагүй байхад бусад иргэд яаж л бол яаж болно гэж бодож байгаа нь тэдний ч буруу биш юм.

Тиймээс Монгол төрд ард түмний саналаар сонгогдсон л юм бол эхлээд өөрсдөө үлгэрлэ, эрх баригчид аа.Төр нэр хүндтэй байвал баталсан хууль цааз нь хэрэгжихдээ ч сайн байх сан.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих