Б.Хурц суллагдсан уу
ХБНГУ-д шалгагдаж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц суллагдсан гэсэн мэдээлэл дуулдах болов. Гэхдээ үүнийг тун нууцалж байгаа болохоор батлах хүмүүс ховор байна. Б.Хурцад холбогдох хэргийг Германы тал нааштайгаар шийдвэрлэж, түүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол руу нь буцаасан гэх мэдээлэл Германы сонин, сайтын хуудаснаа гарч байна. Түүнийг энэ сарын 16-нд сулласан гэх мэдээлэл байгаа юм. Б.Хурцыг эх оронд нь авчрах, өмгөөлөх ажлыг хариуцаж байгаа ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос энэ тухай тодруулахад “Б.Хурцыг Монголд ирээгүй гэдгийг хэлэх байна. Ирлээ гэхэд ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд уг нь надад мэдэгдмээр юм” гэсэн хариултыг хэлж байв. Манай улсад тун удахгүй ХБНГУ-ын канцлер А.Меркель анх удаа айлчлан ирэх гэж байгаа нь ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан Б.Хурцтай холбоотой хэргийг нааштайгаар шийдвэрлэсэн байхыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
Б.ОДМАА
URL: