Нэр дэвших эрхийн дэнчин гэдэг авлига

Эшлэлтэй таталбар-3

http://www.bolod.mn/Upload/news/527-145091909312-24-2_700x700.jpg

Нэр дэвших эрхийн дэнчин гэдэг авлига

УИХ-ын сонгуулийн чимээ улам ойртсоор. Нэр дэвшихийг горилогчид аль хэдийнэ сонгогчдод “хайр зарлах” ажлаа эхэлж аяга шаазан, цаг тооны бичиг бас нүүрс, хувцас тараагаад байгаа. Олон түмэнд ил биш юм хийж яваа хүн ч бий л бололтойдог. Энэ бүхэн сонгуулийн хууль гэдэг юм намуудын улстөржих хэрүүлийн алим, төрийн ажил гацаах хэрэгсэл болж өөрчлөх, батлах хугацаа нь удааширч байгааг далимдуулсан явдал юм.

Өөрөөр хэлбэл шинэ ч үгүй, хуучин ч үгүй болж хуулийн цоорхой гарсан гэсэн үг. Уг цоорхойг ашиглан хуулиар хориглосон бүхнийг л хийгээд байгаа юм л даа. Намууд ч хууль зөрчих эхлэлийг тавьдаг гэж болно.

Тэр нь юу вэ гэвэл нэр дэвшигчид намдаа өгдөг дэнчингийн мөнгө. 2012 оны сонгуулиар АН нэр дэвшихийг горилогчдоос 50 саяыг авсан бол МАН-ынхан 100 саяыг нэхсэн гэдэг. Энэ бол дэнчин гэдэг нэртэй ч сонгуульд нэр дэвших эрхийг хууль бусаар худалдаж авч байгаа хэлбэр. Хамгийн уршигтай, муу үр дагавартай ажил энэ дээ.

Саяхан нийслэлийн МАН-ынхан УИХ болон ИТХ-д нэр дэвших хүмүүсээс 50 саяын төлөөс авах мессеж тараасан сураг бий. Тэгээд бас олны танил, санхүүгийн чадамж сайтай эрхмүүдийг нэр дэвшүүлэх бодлого барьж байгаа гэх юм. Энэ чинь УИХ-д олигархиуд давамгайлдаг муу зуршлыг давтана гэж байгаа хэрэг. Дэнчин нэртэй төлбөр хэд байсан ч одоогийн УИХ-ынхнаас Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Х.Баттулга, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Ганхуяг гээд л толгой олигархиудаас эхлээд олон хүн дор нь гаргаад өгчихнө. Тэгээд сонгогдох замаа засна гэсэн үг.

Тэр төлбөрийн бас нэг муу үр дагавар нь тэдэн шиг бэлэн мөнгөгүй мөртлөө зөөлөн суудал санаархагчид элдэв аргаар мөнгө олох гэж байгаад буруудаж Д.Дондог шиг шоронд орох аюул бас бий. Тэгэхээр өнөөгийн олигархижсан төрийг халъя гэвэл намууд нэр дэвших эрхийг худалддагаа болиоч.

Сонгуулийн хуулийг шинэчилж чадвал дэнчин гэдэг юмыг хориглосон заалт оруулъя. Тэр мөнгө дэнчин ч биш төлбөр ч биш. Ерөөсөө авлига юм биш үү. Нэг нөхөр намаа авлигадаж байна даа. Өөр юм огт биш.

Санал хураах машиныг “арьс өнгөөр” гадуурхаад л…

Сонгуулийн хуулийн санал, зөрөлдөөнөөс болж УИХ-д суудаг МАН-ынхан нэг хэсэг “ажил хаясан”. Яагаад ингэснээ тайлбарлахдаа тэд санал хураах хар машиныг халах гэсэн зорилготой гэсэн. Бусад намыг уруу татаж цуглаан зарлаж суулт хүртэл хийсэн. Нөгөө нэг хар машиныг гудамжинд шатааж хүртэл мууг нь үзсэн. Энэ бүхнийг харсан нэгэн хүн машин хар өнгөтэй нь МАН-ынханд таалагдаагүй юм байх гэж хэлсэн. Шоглосон ч юм шиг.

Тэгвэл энэ тухай яриа өдөхөд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бүр урнаар сэтгэж “Тэр машиныг чинь улаан, цэнхэр өнгөөр будчихвал яасан юм. Улаанд нь МАН-ынх, цэнхэрт нь АН-ын саналыг хийчихнэ биз” гэж ярив. Ерөөс хар машин буруутай гээд байгааг ч зөв гэмээргүй юм.

Өнгөрсөн гурван удаагийн сонгуулийг тэр машинаар хийсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр түүнийг хэрэггүй гээд шатаагаад байгаа нь хачирхалтай улс төрийн нэг царай шиг. Сүүлийн үед сонгуулийн хувьсгал гэж их ярих боллоо. Тэгвэл зөвхөн хар машиныг үгүй хийснээр хувьсгал мандуулах болж байна уу. Үгүй ээ. Хувьсгал гэдэг энгийнээр хэлэхэд болохгүй бүтэхгүй байгааг үндсээр нь өөрчлөхийг хэлдэг.

Тэгвэл хуучин болон шинэ гээд байгаа хуулиудыг харахад мөнхүү хувьсгалыг хийх тохироо бүрдэх шинж огт алга. Сонгуулийн хууль яаж төлөвлөгдөөд байгаа вэ гэвэл УИХ-д намыг төлөөлж байгаа хэдэн “хорчдын” эрх ашгийг хамгаалсан шинжийг агуулаад байна. Тэгснээр Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа.

Олигархижсан намуудын далд хэлхээ холбоо, бие биесдээ тавьдаг нээнтэг нь төрийн бодлогыг завхруулж бүр үгүй хийж байна гэж ч хэлж болно. Сонгуулийн хуулиас даруй авч хаях ёстой нэг заалт бол намын жагсаалт гэх хэсэг. Энэ заалт байснаас болж УИХ-ыг өөрчлөх үүд хаалгыг бүрмөсөн хаачихсан юм.

УИХ-д олон удаа сонгогдсон хүн л сайн түшээ байх юм бодсон. Тийм биш юм байна. Намын жагсаалтынхан гэхээр зүгээр л нэг асуудал бүхэнд хошуу дүрж мэдэмхийрсэн, оли­гар­хиудын эрх аш­гийг зөвшөөрөгч, бөөрөн­хийчүүд, хүнд сурталтан л угалзтай сандалд заларч байдаг жишиг байна.

Эрх ашгийн зөрчилтэй, жудаггүй түшээнцэр олон байгаагаас болж өнөө­гийн УИХ-ын нас ч хугацааанаасаа өмнө дуусах янзтай. Сон­гуулийн хуулийг олигтой шинэчилж чадахгүй бол нөгөө долдугаар сарын нэгний сүүдэр дайрах шиг болж үс сүрсийлгэх юм аа.

Бас л халтуурлах янзтай даа

УИХ-ын олон суудалтай АН, МАН хоёр сонгуулийн хуулиас болж хоёр тийшээ харж суучихаад байснаа гэнэт л хэлэлцээрийн ширээнд суулаа гэнэ. Урьд нь АН сонгуулийн хуучин хуульдаа гар хүрэхгүй гэж гүрийгээд МАН-ынхан санал хураах хар машиныг халахгүй юм бол гээд чуулганы хуралдааныг бойкотлон тасалдуулж өдий хүрсэн. Гэтэл эрх баригчид сонгуулийн санал хураалтын 50 хувьд хяналтын тооллого хийхийг зөвшөөрсөн гээд л бас шинэ жилийн найрандаа яараад ирэв бололтой.

Цуглаан, суулт хийж сонгуулийн үнэртэй шоу хийгээд л байсан даа. Энэ улс төрийн жүжиглэлийнх нь цаана бас манай сонгогчид ч яахавдээ шил архи, тав, арван төгрөгөөр саналаа худалдчихдаг юм чинь гэсэн хулгайн санаа байгаа л даа. Сонгуулийн хууль дээр хэд хэдэн заалтыг өөрчлөх тухай зөвшилцсөн гэх.

Тэр дотор нэг заваан юм нь анхаарал татаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах бас Үндсэн хуулийн санал асуулгыг давхардуулна гэсэн байгаа. Хэдийгээр эдийн засгийн хямралтай энэ цаг үед олон сонгууль хийж илүү зардал урсгахгүй гэж байгаа ч ёстой нэг эх, адаг нь мэдэгдэхгүй бужигнаан болох байх шүү дээ. Мөн нэг тойргоос нэг мандат гэсэн хувилбар зүтгүүлж байгаа юм билээ.

Энэ нь намын жагсаалт гэдэг цагаан луйвраа хамгаалсан хэрэг юм. Энэ мэт түүхий, шүүрхий асуудлууд байхад хугацаанд шахагдаад хуулиа өөрчилчихнө гэдэг нь нөгөө л бас нэг халтуурын хууль нэмэгдэх нь бололтой. Хууль муу бол сонгууль ч муу болж таарна даа.

Ц.Жаргалсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих