“Исламын улс” хэрхэн санхүүждэг вэ?
Өрнөдийн тагнуулын алба террорист бүлгүүдийн санхүүжилтын талаар мэдээлэл цуглуулсаар байна. Тэдний нефтийн дэд бүтцийг бөмбөгдөх нь жихадист дайныг тэтгэж байгаа санхүүгийн бүтцийг устгахад хангалтгүй гэдэг нь батлагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт холбоотны хүчин “Исламын улс” бүлгийн санхүүч Абу Салахыг устгаснаа зарласан. Гэвч газраар цэргийн ажиллагаа явуулахгүйгээр 30 гаруй мянган дайчдыг цалинжуулж дайн хийж байгаа санхүүгийн бүтцийг устгахад маш хэцүү хэмээн Financial Times-т бичжээ.
НӨӨЦ
Холбоотны хүчний тагнуулын албанаас мэдэгдэж буйгаар, “Исламын улс” ойрын гурван жилд дайн хийх хангалттай нөөц, орлогын эх үүсвэртэй ажээ. Тус бүлгийн санхүүгийн эх үүсвэрийг тодруулахдаа экс командлагч нар, Ирак, Сирийн эрх баригчид, холбоотны дипломатчид зэрэг олон эх сурвалжийг ашигласан байна. Сүүлийн нэг жилд “Исламын улс” бүлэг шашны шалтгаанаар зөвтгөдөг дээрэм, эд хөрөнгө хураалт, нефтийн худалдааны татвараас орлогынхоо ихэнх хэсгийг бүрдүүлжээ.
Холбоотны хүчин өнгөрсөн сараас эхлэн тус бүлгийн нефтийн цооногуудыг бөмбөгдөхөөс өмнө террористууд түүхий нефтийн худалдаанаас жилд 450 сая долларын орлого олж байжээ. Нийтдээ жилд 900 сая доллар олж байсны 70 хувийг нь дайны санхүүжилтэд зориулж байсан хэмээн судлаачид үзсэн юм. “Исламын улс” бүлэг гол дайчдынхаа цалин хөлсөнд сард 20 сая ам.доллар, бусад цэргүүддээ 15 сая ам.доллар зарцуулдаг аж.
ДАЙЧИД
Тагнуулын албадын тооцоогоор “Исламын улс” бүлэг 30 мянган дайчинтай. Гэвч байнгын болон түр дайчдыг нэгтгэвэл энэ тоо 50-70 мянгад хүрнэ гэж үздэг. Сүүлийн үед тэдний орлогын үлэмж хэсэг нь устгахад тун хэцүү эх сурвалжаас бүрдэх болжээ. Тиймээс энгийн иргэдийн аминд хүрэлгүйгээр санхүүгийн эх үүсвэрийг нь таслах боломжгүй болж байгаа аж.
“Исламын улс” бүлгийн эгнээнд байлддаг гадаадын террорист сарын 150 ам.долларын үндсэн цалинтай. Үүн дээр нэг байрлалаас нөгөө рүү шилжихэд 200 долларын нэмэгдэл авдаг байна. Мөн цэргийн гутал, хувцсаар хангаж, дайчдын эхнэрүүдэд тэтгэмж олгодог аж. Гэрчүүдийн баталж буйгаар, “Исламын улс”-ын дайчны сарын орлого 800 ам.доллар хүрдэг бололтой. Тус бүлэг цагдаа, тагнуулын албаны ажилтан, татвар, торгууль цуглуулдаг дотоодын аюулгүйн албаны туслахуудаа цалинжуулдаг аж. Тэд дотоодын аюулгүй байдалдаа сард 15 сая ам.доллар зарцуулдаг болохыг тогтоогоод байна. “Исламын улс” бүлгийн цагдаагийн нууц алба буюу Амният нь халифатын газар нутгаас давж Турк, Иорданд хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Тэд утасны яриаг чагнах системд хөрөнгө оруулж байгаа мэдээлэл иржээ.
ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ
Тусгаар улс байгуулах санаархалтай “Исламын улс” бүлэг Сирийн газар нутгийн талыг, Иракийн гуравны нэгийг хянаж байна. Зарим улс орноос илүүтэй газар нутгийг хяналтдаа байлгадаг босогчид “иргэд”-ээсээ татвар авч орлого бүрдүүлэх санаа сэджээ. Тус бүлэг үнэнч гишүүддээ мөнгийг харамгүй тарааснаар дайны үр дүнтэй машиныг бий болгосон хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
“Исламын улс”-ын эзэмшлийн газар нутаг дээр байдаг эрүүл мэнд, боловсролын байгууллагууд сард 10 гаруй сая ам.долларын тусламж авдаг ажээ. Одоогоор тэдний мэдэлд тус бүр 50 эмч, сувилагчтай есөн эмнэлэг байгаа аж. Эмч нарын цалин сарын 300 ам.доллар. Лалын босогчид халифат улс болох мөрөөдөлдөө хөтлөгдөж сургууль, эмнэлэгт анхаарч, хүмүүс хэрхэн хувцаслаж, хэрхэн биеэ авч явж байгаад хяналт тавих болжээ. Мөн шүүхийн системийг нэвтрүүлэхийг оролдож байна.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: