Сансар орчмоор үүрлэсэн халаасны хулгайчдаас болгоомжил

Хэдийгээр гадаа жавар тачигнаж байгаа ч хулгайчдын хувьд хамгийн тохиромжтой улирал нь өвөл бололтой юм. Өвлийн бүр, тэгээд шөнийн цагаар л тэд ангуучилж эхэлдэг. Бас болоогүй аль л хүн ихтэй автобусны буудлуудад“сүргээрээ гарах”-ыг нь яана.

Саяхны нэг өдөр автобусны шинэ чиглэлийг ухаж ойлголгүйгээс хоёр буудал дамжсан маань хулгайчдын отог омгийг тэнд үүрлэснийг мэдсэн хэрэг. Сансар орчим угаас олны хөл тасардаггүй. Баар, цэнгээний газар олонтой болохоор ихэвчлэн наргиж, цэнгэсэн хүмүүс хөлхөлддөг байсан бол үүний хажуугаар халаасны хулгайчид тэнд үүрлэсэн бололтой юм билээ. Миний ажигласнаар лав л арваад залуу байна билээ.

Сансарын тунелийн автобусны буудлаас Баруун салаа чиглэлийн автобус хүлээж30-аад минут зогсох зуур тэнд унаа хүлээх биш илүү олон хүн цуглахыг хүлээсэн халаасны хулгайчид хөлхөлдөхийг анзаарсан. Тэд маш сайн зохион байгуулалттай байх бөгөөд Бэлх, Дарь-Эх зэрэг олон хүн зорчдог автобус руу хэд хэдээрээ гүйлдэнэ.

Ингээд л гадаа удаан зогсч даарсан хүмүүс автобусанд суухаар зүтгэх хооронд бараг бүгдийнх нь халаасыг ухаад амжчих шиг болсон. Аз таарахад миний анзаарснаар энэ удаад нэг ч хүн эд зүйлээ алдаагүй болов уу. Ингээд дээрх буудлаас зорьсон газрын маань автобус явдаггүйг мэдээд Сансарын колонкийн буудалд очоод зогсч байтал түрүүчийн буудал дээр байсан залуус бөөнөөрөө хүрээд ирчихсэн аанай л олон хүнтэй автобус руу гүйлдэж харагдав.

Харанхуйд, ганцаараа явсан болохоор “Болгоомжтой байгаарай, хүмүүс ээ” гэж хэлэхээс өөрийг хийж чадаагүйдээ сэтгэл дундуур харьсан ч ингээд ч болов хүмүүст анхааруулахыг хүссэн юм.

Бас тухайн дүүрэг, хорооны Халаасны хулгайтай тэмцэх хэлтсийнхэн энэ асуудалд анхаарал хандуулж, эд зүйлдээ анхаарахаас илүү өвлийн хүйтнээс өөрийгөө хамгаалсан хүмүүсийг халаасны хулгайчийн өгөөш болохоос урьдчилсан сэргийлээрэй гэж хүсье.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих