Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэл авна

Монгол Улс нийт эмийн хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс, олон улсад үйлдвэрлэсэн эмийг олон улсын стандарт, шаардлагыг хангасан лабораторитой байж гэмээнэ Монголчуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаална. Ялангуяа, хоёр том хөршийн дунд оршиж байгаа Монгол Улс хуурамч эмийг олж илрүүлэх, таньж, шинжлэх тал дээр онцгой анхааралтай байх учиртай аж. Түүнээс гадна, манайхны үйлдвэрлэсэн уламжлалт эмүүд зөвхөн дотоодын зах зээлд бус дэлхийд зарагдах боломж байна. Ингэхийн тулд мөн л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж, баталгаажсан байх учиртай.

Энэ хэрэгцээ шаардлагаас улбаалан 2008 оноос Эмийн хяналтын лаборатори, Эрүүл мэндийн яамнаас тус лабораторийг олон улсын стандарт нийцүүлэх санаачилга гарч байсан нь өдгөө биелэлээ олжээ.

Азийн Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Эрүүл Мэндийн Салбарын  Хөгжил  Хөтөлбөр-4” төслийн хүрээнд МХЕГ-ын харьяа Эмийн хяналтын лаборатори ISO/IEC 17025:2005 стандартын дагуу АНУ-ын ANAB/ACLASS итгэмжлэлийн байгууллагын урьдчилсан үнэлгээнд 2015 оны 5 дугаар сард, төгсгөлийн шатны үнэлгээнд 10 дугаар сард тус тус амжилттай хамрагдаж, улмаар олон улсын байгууллагын итгэмжлэлийн гэрчилгээ авахад бэлэн болоод байна.

Энэхүү гэрчилгээг авснаар Эмийн хяналтын лаборатори дотоодын болон импортын эмийн чанарыг бүрэн баталгаажуулах, эмийн зах зээлд хуурамч, стандартын бус эм нэвтрэхээс сэргийлэх, түүнчлэн бүс нутгийн хэмжээнд эмийн чанарын сорил туршилт хийх боломжтой болж байгаа юм.

Т.Бэх

Эх сурвалж: Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих