Татварын асуудлыг шинжихүй

Татвараас ангид амьдардаг хүн гэж байна уу? Эсвэл татварын асуудалгүй хуулийн этгээд, хувь хүн байна уу гэвэл хариулахад үнэхээр төвөгтэй болох байх. Үнэндээ татвар төлөх дуртай хүн гэж хаана байх билээ. Байдгаа барж ядсан дэлхийд алдартай, тэрбумтан ч гэсэн татвараас зайлсхийсэн тухай цөөнгүй сонсогдож байдаг.

Гэхдээ тэд хүн амьдрахад аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхийн тулд иргэдээс татварыг хуулийн дагуу хурааж, зорьсондоо ч хүрдэг, татварыг иргэний нийгмийн хөгжил, хяналтын хэрэгсэл болгон ашигладаг ажээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь төлсөн татварын хуримтлалаар хүмүүсийн мөрөөдөл болсон эрүүл, аюулгүй орчныг бүтээдэг учраас буурай орны иргэд тийшээ соронздуулсан мэт татагддаг биз ээ. Монгол Улсын хувьд бүх юм дэндүү өөр. Амархан. Бас замбараагүй. Хууль баталсан ч мөрддөггүй, мөрдсөн ч өөрийн эрх ашигтаа нийцүүлнэ !!!

ТАТВАРАА ӨӨРӨӨ ТОДОРХОЙЛОН ТӨЛӨХ ТОГТОЛЦОО ХЭРЭГЖИЖ БАЙНА

1992 онд татварын багц хууль гэсэн 5 хууль батлагдсанаар, өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн 30 гаруй хууль иргэдэд үйлчилж, мөрдөгдөж байна.

Хуулиудыг дагалдаад гарсан олон дүрэм, журам бий. Дэлхийн улс орны жишгээр эдгээр хуулиудын дагуу иргэн, хуулийн этгээдүүд нь өөрт ногдох татвараа өөрөө тодорхойлон төлөх үүрэгтэй. Харин Татварын алба хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага тул татварын улсын байцаагч нар төрийн төлөөлөл болох учиртай.

Манай татвар, гааль, нийгмийн даатгалын байцаагч нар хуулийг яс хэрэгжүүлдэг дэлхийн бусад улс шиг байсан бол өнөөдөр Монголын татварын систем гайхалтай хөгжихөөр байгаа биз. Гэвч бодит байдал шал өөр…?

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ЭРХГҮЙ Ч

Хуулиар бол татвар төлөгч нь өөрт ногдох татвараа өөрөө үнэн зөвөөр тодорхойлон төлөх үүрэгтэй.  Харин татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих татварын албаны байцаагч нар маань тэрүүхэндээ зохицоод таны болон хуулийн этгээдийн тайланг гаргаад өгчихдөг нь бодит үнэн. Байцаагчид хэдэн төгрөг хэрэгтэй, харин үнэн зөв нь хамаагүй. Тайлан ирүүлээгүй торгуульд орохгүй нь татвар төлөгчид чухал.

Угтаа бол татварын улсын байцаагч татвар төлөгчийн санхүү, татварын тайлан гаргах үүрэггүй юм билээ. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Гэтэл хөдөө орон нутагт ялангуяа суманд татварын байцаагч нар санхүү, татварын тайлан гаргадаг нь байх ёстой мэт болсон\Улаанбаатарт бол нуугдмал байдалд\. Үүнийг хяналт тавих бус төрийн нэр нүүрээр хувийн бизнес болох тайлан гаргаад сууж байгааг юу гэж тайлбарлах бол.\Зөвхөн татварын байцаагч бус төрийн албаны тайлан гаргадаг албан тушаалтнууд ч хамрагдана\ Тиймээс л монгол улсад хууль хэрэгждэггүй, татварын алба авах ёстой татвараа хувь хүн, хуулийн этгээдээс ном ёсоор нь авч чаддаггүй, харин дарамт учруулж ирсэн бололтой. Дээр нь татварын шалгалт нэрээр ялих, шалихгүй алдаан дээр дөрөөлж хүмүүсийг хүнд байдалд оруулах нь бий. Жишээлбэл, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм манай сонинд хандсан юм.

Тэрээр, манай компанид татварын шалгалт орж ухаж, төнхсөөр байгаад хэдэн арван сая төгрөгийн торгууль тавьчихлаа. Үнэхээр бидний буруу юу гэж бодтол шал өөр зүйл болдог байна. Уг зөрчил, торгуулийн хэмжээ нь манай нэг жилийн борлуулалтын орлогоос минь даваад гарсан, үндэслэлгүй болохоо хэлтэл “Танай торгуулийг бууруулаад … сая төгрөг болгочихож болно.\өмнөхөөсөө нэг дахин буурчээ\ Тэгвэл та татварын албаны дансанд … сая төгрөгийг төлөөд\төлөх дүнгийн гуравны нэгийн хэмжээтэй\ үлдсэнийг нь …авчирч өгөөрэй. Би үүнийг ганцаараа авдаггүй юм. Миний цаана олон хүн бий” гэх мэтээр айлгахын зэрэгцээ тулган шаардсан гэнэ.

Ийм увайгүй замбараагүйтэл байдгийг олон хүмүүс ярьдаг. Гэвч …? Үүний цаана хуулиа зүй ёсоор мөрдөж үнэн зөв тайлагнах үүргээ хэрэгжүүлдэггүй, татвар төлөхгүй байх гэсэн ёс бус татвар төлөгчид ч их байна, тэд ийм увайгүй замбараагүйтэл гаргах үндсийг тавьдаг байна. Тэр байтугай нуусан зүйлийг минь илрүүлсэнгүй, Ашгүй ингээд дуусгая гэдэг бололтой. Дээрх Торгууль төлөгч этгээд “Юу болоод өнгөрвөө” гэж асуумаар байгаа биз.

Хуулийн өмнө үүрэг хүлээсэн төрийн албаны ажилтны ёс зүй байна уу? Хэрэв зэ, татварын байцаагч тэднийхийг дүрэм, журмын  дагуу шалгаад “но”-г нь илрүүлсэн бол тухайн хуулийн этгээд торгуулиа төлөх ёстой. Дээрх жишээнээс үзвэл улсын төсөвт орох ёстой мөнгийг ингэж бууруулдаг, үлдсэн нь төрийн албаны байцаагч, эрх дархтангууд авдаг гэж гүтгэж ойлгохоос өөр зам алга.

ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ БИЙ БОЛГОХ, ТЭЛЭХЭД ХЭН БУРУУТАЙ ВЭ

Төрийн албадууд маань татвар төлөгч нарын тайлангийн ирцэд ихээхэн анхаардаг. Тиймээс тухайн хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс үнэн зөв тайлан гаргах эсэх нь нэг их сонин биш.\Ялангуяа жижиг бизнес эрхлэгчид\ Зөвхөн тайлан ирүүлсэн байх төрийн албадууд хангалттай тул үйл ажиллагаа явж байвч, явуулаагүй гэх Х тайлан явуулсан бол гүйцээ. Энэ бүхэн улсад тушаасан татварын тайлангийн мэдээллээс харагдана.

Нэгэн судлаачын судалгаанаас харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаалт 1990-ээд оны эхээр нийт аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь татвар ногдох орлоготой тайлагнаж татвараа төлдөг байсан байна. Харин 2014 оны байдлаар татвар ногдуулах орлоготой гэж тайлагнаж буй аж ахуйн нэгж 20 гаруй хувь болж дэндүү ихээр буурчээ. Эсрэгээр үйл ажиллагаа явуулдаггүй гэх Х тайлан, алдагдалтай гэсэн тайлангийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Энэ юуг харуулж байна вэ, ямар учир байна вэ. Үнэн зөв гэсэн хуулийн заалтын хэрэгжилт юм бол уу???

Монголын төрийн албадууд ямар учраас тайлангийн үнэн зөвд бус зөвхөн ирцэнд анхаардаг вэ. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж буй энэ том төрийн апратууд ямар үр өгөөжийг Монгол улсын эдийн засагт өгч байна вэ?  Бодох л асуудал. Энэ байдал чинь л төрийн баталсан хуулийг хэрэгжүүлэх бус өнөөх далд эдийн засгийг өөхшүүлэх, тэлэх зэргээр олон сөрөг хандлагыг биежүүлж байгаа, үүнд нь хариуцлага тооцох бус, харин төрийн нэрээр далайлгасан хэрэг үүсээд байгаа нь тодорхой юм.

Тухайлбал: НӨАТ-ийн хуурамч падаан гэх хэрэг үүсч олон бизнес эрхлэгчдийг хохироосон, бас хожсон хэсэг ч байгаа байх. Үүний жинхэнэ эзэнг мөн л татварын албаны эрх дархтангууд, байцаагчдын оролцоотой үйлдэл гэдгийг ч хэлэх нэгэн ч байдаг. Мэдээж арай илүү мэдээлэлтэй нөхдөөс л эх сурвалж гарна даа. Жинхэнэ эзэнд нь хариуцлага хүлээлгэсэн үү гэвэл юу гэж хариулах бол?

Эдгээрээс харахад хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих төрийн албадууд ямархуу хэмжээнд ажиллаж байгааг илтгээд байгаа юм биш үү. Үүний том нотолгоо нь  Монголд далд эдийн засгийн хүрээ нь тэлж томорсоор, хүрээгээ тэлсээр өнөөдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” батлахад хүргэлээ, хөөрхий. Ийм хуулийг өнөөх хөгжилтэй, бидний үлгэр жишээ авдаг улс орнуудад бол таашаадаггүй, гарлаа гэхэд төрийнхөө албыг ажиллаж чадахгүй байгаа, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үздэг бололтой. Үнэхээр ч тийм нь тодорхой.

Та бүхэн хөрөнгө, санхүү, олсон хэдээ нууж, дарж байсан бол төр нь уучлал үзүүлье гэжээ. Мэдээж зузаан тайлан сугавчлаад гүйгээд ирэх иргэн, хуулийн этгээдүүд зөндөө гарах биз ээ. Харин энэ алтан үеийг төрийн байцаагч нар ашиглаад тайлангаа гаргаад завгүй байгаа тухай татвар төлөгчид сэм ярилцаж буй нь анзаарагдана. Нөгөө л хуулиа зөрчсөөр. Аргагүй шүү дээ тайланг хэн гаргасан, буруу бол хариуцлага хүлээлгэх гэсэн төрийн хариуцлагын тогтолцоо үгүй тул хэн дуртай нь, ялангуяа татварын албанд ажилладаг бол мэднэ, чадна гэж иргэд үздэг бололтой.

Далд эдийн засаг гэдгийг татвар төлөхгүй байх үүднээс бүртгэлгүй, хуулийн гадуур үйл ажиллагаа эрхлэх гэж үздэг юм байна. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль нь бүртгэлжүүлээд ном горимын дагуу болгоод аваарай л гээд байна л даа. Татвар төлөгчид маань төрдөө итгээд нуусан, бүртгүүлээгүй, тайлагнаагүй зүйлсээ ил болгоод залруулаад авлаа. Гэтэл хяналт тавих төрийн албадууд маань өнөө л байдгаараа хуультай мөртлөө хуулиа мөрддөггүй, ёс зүйгүй, увайгүй үйлдлээ давтаад л байвал дөрвөн жилийн дараа ахиад л энэ хуулийг батлах уу?, тэгэхгүй гэх баталгаа байна уу гэж эргэлзэх хэсэг их байна. Шударгаар татвараа, төлөөд тайлагнаад ирсэн гэтэл шударга бус явсан нь хожоод, шударгаар явсан нь хохироод байна. Цаашид шударгаар бүх зүйлээ тайлагнаад татвараа төлөөд байх хэрэг байна уу гэх асуулт ч их байна???

Төрийн нарийн мэргэжлийн албыг улс төржүүлж, мэргэшсэн бус, мэдлэггүй, төрийн албаны ёс зүйгүй, хууль гэдгийг мэддэггүй, хэн нэгний далбаан дор шургалсан, тэрний тэр гэж цоллогдсон хүнэнцэр\мэргэжилтэн бус\ сүүлийн үед төрд олширч буй нь далд эдийн засгийг ил болгосон ч цаашид үүнийг хумих жинхэнэ төрийн үйлчилгээ үзүүлэх алба байж чадах бол уу???

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих