Төрд гологдож, засагтаа адлагдсан 100 жилийн ой

http://www.bolod.mn/Upload/news/8.jpg

Тэртээх 100 жилийн өмнө анх Богд хааны лүндэнгээр орос,  хятад голдуу олборлогчид Налайхын уурхайгаас чулуун нүүрс олборлож эхэлснээр энэ уурхайн түүх эхлэжээ. Нийслэл хотын түүх Налайхын уурхайтай салшгүй холбоотой гэж хэлж болно. Ингэх хэлэхийн учир нь бас бий.

Оросын нэрт  эрдэмтэн И.Майский  Монголоор аялаад 1921 онд нутагтаа очоод  хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол”  номондоо: “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь өргөөгөөс 35 бээрийн зайд орших Налайхын чулуун нүүрсний уурхай юм.Оросын мэргэжилтнүүдийн удирдлаган дор Богд хаант засгийн газрын ашиглаж буй энэ уурхай 1915 онд ашиглалтанд орсон өгөөд 40 гаруй хүн ажилладаг байна” гэжээ.

Ийнхүү Налайхын уурхай 1915 оноос Нийслэл хотод элч гэрлээ түгээх их үйлсээ эхлүүлсэн байна. 1922 оны 12 сарын 25-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, Налайхын уурхайг төрийн мэдэлд авч, жилдээ 800 тн нүүрс олборлох хүчин чадал бүхий 12 ажилтантай жижиг үйлдвэр байгуулжээ.

Энэ л цагаас эхлэн 1990 он хүртэл Налайхын уурхайн жижиг үйлдвэрээс улс орны хэмжээний том уурхай болтлоо байнга өсөн дэвжиж ирсэн байдаг.

Газар ухах бүү хэл, газарт гадас шаахдаа ч эмзэглэж ханддаг байсан нүүдэлчин Монголчууд Налайхын уурхайгаас нүүрс олборлон, гэр орноо дулаацуулж, элч гэрлийг түгээж болдогийг мэдсэн иргэд  Налайхын уурхайд ажиллахаар улс орны өнцөг булан бүрээс зорин ирсэн ажээ.

Налайхын уурхайн хөгжил 1940-аад оноос эхэлж 1980-иад оны эхэн үе хүртэл  тасралтгүй үргэлжилж байжээ. Энэ цаг үед Налайхын уурхайд “амьдрал  буцалж”, нүүрсийг олборлох, зөөвөрлөх ажиллагаанд механикжсэн төхөөрөмжүүд нэвтэрч, нүүрс тээвэрлэх төмөр зам баригдаж, олон арван уурхайчид өдөр, сар, жилийн нормоо давуулан биелүүлж, Нийслэлчүүдийг элч гэрэл, дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үйл хэргийг амжилттай явуулж, бүтээлч хөдөлмөрийн олон сайчууд, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат уурхайчид Налайхын уурхайгаас төрөн гарсан байдаг.

Харамсалтай нь нийгмийн ороо бусгаа цаг үе, 1990 оны цагаан морин жилийн хувьсгалтай эн зэрэгцэн  уурхай эзгүйдсэн нь үе үеийн уухайчид  болон Налайхчуудын амьдралд  хүнд цохилт болжээ.

Эл цаг үеэс амьдрахын эрхээр урьд нь ашиглаж байсан уурхайн нүх цооногыг түшиглэн гар аргаар нүүрс олборлолт явуулах болсон нь уурхайчдын хувьд хөдөлмөр аюулгүй байдлын горим алдагдсан, тэдний эрүүл мэнд, амь насанд халтай байдлаар нүүрс олборлох ажиллагаа явагдах болсон байна. Ийнхүү хөгжиж цэцэглэж байсан уурхайн түүх эргээд 60-70 жилээр ухарсан боловч өнөөг хүртэл нүүрс олборлох ажиллагаа тасралтгүй үргэлжилж ирсэн  ажээ.

Налайхын уурхайн 100 жилийн ойд яам тамгын газар, нийслэлээс ач холбогдол өгч зохион байгуулах ёстой ч харамсалтай нь эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний хомсдолтой гэсэн шалтгааны улмаас  тухайн байгууллагууд уурхайн 100 жилийн ойн арга хэмжээнд ач  холбогдол өгсөнгүй.

Уг нь 2014 оны 09-р сарын 08-ны өдөр НИТХ-ын 154 тоот тогтоолоор 2015  оны 12 сарын 25-ны өдрийг Налайхын уурхай үүсэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  шийдвэр гарсан боловч мөнөөх шалтгаанаар төр засгийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй.

Тэр бүү хэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Налайх хотын захирагчийн албанаас  Налайхын их уурхайн 100 жилий ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар тэмдэглэхээс “татгалзсан” тухай мэдээлэл байна.  Монголчууд “хийе гэвэл арга олон, хийхгүй гэвэл шалтаг олон” гэж ярьдаг.

Налайх дүүргийн ЗДТГ, удирдлагууд Налайхын уурхайнхаа 100 жилийн ойг тэмдэглэн  өнгөрүүлэх үйл хэргийг зардал хөрөнгө мөнгө гэхгүйгээр идэвх санаачлага гарган хэрэгжүүлж болох ч тэд Налайхын уурхайд хамааралгүй мэтээр хандан,  уурхайн 100 жилийн ойд арга хэмжээнд ач холбогдол өгөхгүй байгаад Налайхын үе үеийн уурхайчид, тэдний үр хүүхдүүд төр засагтаа  гомдож байгаагаа илэрхийлнэ билээ.DSC00378

Харин  Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээг Налайх  дүүргээс НИТХ-д сонгогдсон С.Амарсайхан анхааралдаа авч, “Эрдэнэт-хүн Холбоо” ТББ-ын тэргүүн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга асан А.Ганболд, Налайх дүүргийн уугуул, Оргил худалдааны төвийн Ерөнхий захирал Ж.Ганбаатар нарын хамтаар ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүлсэн нь уурхайчдын талархалыг хүлээсэн үйл хэрэг боллоо.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан уурхайчидад хүндэтгэл үзүүлэх баярын хуралд хэлсэн үгэндээ: “…бид өнгөрсөн түүхээ мартах учиргүй, тиймээс бид үе үеийн уурхайчиддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ дурсамж дуртгалыг сэргээж, өнгөрсөн түүхээ эргэн харж, өнөөдрийнхөө нөхцөл байдлыг харьцуулж, ирээдүйд уурхайчдынхаа ажил амьдралыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг  зайлшгүй хөндөж, зөвлөлдөх ёстой асуудал гэж би хувьдаа ойлгодог…, Налайхын үе үеийн уурхайчид бол ажил хөдөлмөр, эр зориг, улаан гар, халуун хөлсөөрөө улс орны  нийслэлд элч гэрэл, дулаан цахилгааныг түгээсэн, аж үйлдвэржилтийн эхлэлийг тавьсан гавьяатнууд юм…, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг бид  мартах учиргүй, мартах ч ёсгүй, харин  өнө мөнхөд үнэлэгдэх ёстой ” гэсэн юм.

Ийнхүү төр засаг нь мартаж,  дүүрэг хотын  удирдлага нь үл тоосон Налайхын их уурхайн 100 жилийн ойн баярын арга хэмжээ нь НИТХ-ын төлөөлөгч С.Асарсайханы санаачлага, идэвх зүтгэлээр  даруухан атлаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.


URL:

Нэр: зочин Огноо: 28 December 2015

дүүргийн удирдлага гэдэг хэдэн малнууд энэ олон уурхайчдийн итгэл сэтгэлийг яаж уландаа гишгэж чадаж байна аа өөрсдөө хэний хүчинд царай алдан намайг сонгооч гэж гуйж гарч ирлээ дээ энэ уурхайчдаа гуйгаагүй гэж үү ямар ухамсартай мэдлэг чадвартай амин хувийн ашгаа хөөсан арчаагүй новшнуудын үнэн царай ийм л байгаа юм дахин ийм малнуудад итгээд ч хэрэггүй өөрсдөө бүгд уурхайн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группэд байдаг гэсэн

Сэтгэгдэл бичих