Онц ноцтой хэргүүдийн захиалагч нь төр
- Гэмт хэргийн сэдэл улам л харгис, хэрцгий, санаанд багтамгүй болж буй нь ямар шалтгаантай вэ -
Монголд онц ноцтой гэмт хэргүүд гарах нь эрс нэмэгдлээ. Тэдгээрийн харгис, хэрцгий, санаанд багтамгүй хэлбэрээр үйлдэгдсэн нөхцөл байдал нь нийгмийг цочирдуулж байна. Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд нууж явсан, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, охинтойгоо суулгахгүй гэсний төлөө гэр бүлийнхнийг нь хутгалж хөнөөсөн, ах дүү хоёр гэгээн цагаан өдөр буу барьж банк дээрэмдсэн, хэвлэлийн хурал зарлан, олны нүдэн дээр өөрийгөө шатаасан гээд детектив зохиол дээр ч ховор таарах гэмт хэргүүд гарах боллоо.
Бид “Тэгж алсан гэнэ, ингэж дээрэмдсэн гэнэ” гэж цуурахаасаа өмнө яагаад ийм хэргүүд ар араасаа шил даран гарах болсны цаад учир шалтгаанд ул суурьтай хандах болсон санагдана. Нийгэмд эдгээр хэрэг айдас хүйдэс төрүүлэхээсээ илүүтэй жиг жуг ярианы сэдэв болоод өнгөрч буй нь тун хачин байна. Нэг ёсондоо бид хэр баргийн гэмт хэрэг гарахад цочирдохоо байж, тоох минь багасч эхэллээ.
Онц гэмт хэргийн талаар цагдаагийн мэргэжилтнүүд “Архидалтаас болж байна” гэсэн улиг болсон тайлбарыг хэлдэг. Муу л бол хойд талын хар овоохой гэдэгчлэн юм л бол бүгдэд архи буруутай гэдэг ганцхан тайлбартай зогсч байж таарахгүй. Олон шалтгааныг нэрлэж болно л доо. Хууль эрх зүйн орчин, хотын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ёс суртахууны доройтол, боловсролын системийн доголдол, гэр бүлийн орчин, хүмүүжил, интернэтийн зүй бус хэрэглээ гэх мэт өнөөгийн бүх нөхцөл тэдгээрийн шалтгаан болно. Тэр байтугай, хэвлэл мэдээлэл хүртэл буруутай болох өгөгдөл бий. Хүчирхийлэл, гэмт хэргийн тухай мэдээллийн хэрэгслүүд ямар ч хязгаарлалтгүй, тогтоосон цаг наргүй цацаж байгааг шүүмжлэх хүмүүс байдаг. Учир нь гэмт хэргийн тохиолдол болгон урьдын ямар нэгэн зүйлээс зайлшгүй сэдэл авсан байдаг ажээ. Энд зориуд нэг сонин баримтыг эшлэхийг хүслээ. Тэр нь сайн, сайхан мэдээг нэг хүн гурван хүнд дамжуулдаг бол муу мэдээг 13 хүнд хүргэдэг гэнэ. Ийм л хурдтайгаар муу мэдээлэл нийгэмд тархдаг байх нь. Гэтэл Монголд өнөөдөр “үйлдвэрлэгдэж” буй нийт мэдээллийн 35 хувь нь зөвхөн гэмт хэргийн тухай байгаа нь судалгаагаар нотлогджээ. Хүчирхийлэл бүхий кино, нэвтрүүлэг, мэдээлэл зэргийг бид ухамсаргүй даган дууриаж байдаг аж. Монголд нэг хүн дунджаар 15 хүнд нөлөөлж, 15 хүнээс нөлөөлөл авч түүгээрээ хүн болох төлөвшилтөө тогтоож байдаг. Хэрвээ бид бие биедээ энэ мэт муу нөлөөллийг бий болгодог бол түүнээс ирэх хариу үйлдэлд гайхаж цочирдох хэрэггүй мэт.
Хүч хэрэглэсэн онц ноцтой хэргүүд өсч, гэмт этгээдүүдийн зан авир харгис хэрцгий болж, тэдний арга нарийсч, улам зохион байгуулалттай болж байгаа нь нийгмийн сэтгэлзүйтэй шууд холбоотой. Манай нийгмийн сэтгэлзүй өдгөө туйлын эмзэг, хүндэрсэн гэдгийг мэргэжлийн байгууллагын сэтгэлзүйчид онцолж байна.
Эрүүл мэндийн хуульд сэтгэцийн төвшинг эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж гурав ангилдаг. Гэтэл манай хүн амын 75 хувь нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай байгаа гэсэн айдас төрөм баримт байна. Тулгамдсан асуудалтай гэдэг нь сэтгэцийн эмгэгтэй болоход ойртсон гэсэн үг. Тулгамдсан асуудалтай хүмүүс дотроо түмэн асуудал тээж явдаг, тэр асуудлаа шийдэж чаддаггүй, шийдэхээсээ ч айдаг айдастай болчихсон байдаг гэнэ. Ийм сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн архи уух, огцом уурлах зэрэг өөрчлөлтийн үед янз бүрийн зан авир, араншин гаргах магадлал өндөр ажээ.
Тухайлбал, хүний амь хороосон гэмт хэргийн 80 хувь нь ахуйн хүрээнд болдог. Энэ нь гэртээ архи ууж суухдаа ам зөрж хэрэлдсэн зэргээс үүдээд л нэгнийгээ онц хэрцгийгээр хөнөөх араатан болж хувирдаг тохиолдол олон гэсэн үг л дээ. Маш хэрцгий харгис гэмт хэрэг үйлдэгсэд өмнө нь ямар нэгэн жижиг хэргээр ял эдэлж байсан нийтлэг жишиг ч анзаарагддаг юм байна.
Гэвч гэмт хэргийн сэдэл ийнхүү харгисжиж, хэрцгийжиж байгаагийн хамгийн гол шалтгаан нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал гэвэл та итгэх үү.
Онц ноцтой, харгис гэмт хэргүүд эдийн засгийн хямралаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм. АНУ, манай хөрш ОХУ-д хүртэл эдийн засгийн хямралаас үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдэл гарч байсан жишээнүүд байдаг юм билээ. 1910-аад оны үед АНУ-д эдийн засгийн хямрал бий болж, том том корпораци, компаниуд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо дээд цэгтээ хүрч, нийгэмд нь ядуучууд ихсэж, архидалт дээд цэгтээ хүрч, онц ноцтой гэмт хэргүүд гарах болсон байна. Тиймээс л Хуурай хууль гэгчийг гаргаж, нийгмээ архидалтаас аврах гэсэн боловч бүтэлгүйтсэн байдаг.
Тиймд Монголд өдгөө гарч буй харгис, хэрцгий гэмт хэргүүдийн цаад буруутан нь чухамдаа төр юм. Энд нэг нь нөгөөгөө хөнөөхөд төр ямар хамаатай юм бэ гэх хүн байж магад. Тэгвэл төрийн буруу бодлогоос үүдэлтэй бий болсон нийгмийн тогтолцоо өнөөдрийн харгислалыг хэвлийдээ тээн бойжуулсан гэсэн үг. Ер нь онц ноцтой гэмт хэргүүд гарахад нөлөөлж буй гол гурван хүчин зүйлийг нэрлэхэд, хүн амын нягтаршил, эдийн засгийн хямрал, нийгмийн бусад хүчин зүйл гэсэн албан тайлбар гарсан байх юм. Эдгээрээс эдийн засгийн хямралыг илүүтэй онцлох нь зөв. Учир нь эдийн засгийн хямрал үргэлжлэх тохиолдолд харгис хэрцгий гэмт хэргийн тоо буурахгүй ээ гэж шууд ойлгож болох гэнэ.
Эдийн засгийн хямрал муу төрийн балаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл бид энэ муу төртэйгөө цааш явбал Монголын эрүүгийн нөхцөл байдал улам бүр аймшигтай болох дүр зураг харагдаж байна. Чухам цагдаагийн байгууллагын хараа хяналт суларснаас гэмт хэрэг нэмэгддэг гэсэн тайлбар байдаг л даа. Гэвч өрөөсгөл тайлбар бидний гэмт хэргийн эсрэг бүх нийтээрээ хийх тэмцлийг өрөөсөн хөлтэй, эсвэл доголон, таягтай явахад хүргэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зөвхөн цагдаа нарт даатган орхисны балгаар өнөөдөр бидний дундаас, хамт олон, гэр бүл дотроос минь гэмт хэрэгтнүүд мэндэлж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнээс бус цагдаа нар нийгмийн сэтгэлзүйг удирдахгүй. Харин нийгмийн сэтгэлзүйг захиалагч өөр субьект бий. Түүнийг төр гэдэг юм.
Нийгмийн эмх замбараагүй ийм байдалтай 1990 онд ч тулгарч байгаагүй гэдгийг цагдаагийн туршлагатай албан хаагчид хэлж байна. 1990 оны үед цагдаагийн байгууллага ажиллахад нэлээд түвэгтэй болж иржээ. Энэ үед нийгмийн болон олон нийтийн хэв журам цагдаагийн байгууллагын хяналтаас гарчихсан байсан ч нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн гаралт өнөөдрийнхтэй харьцуулахад бага байжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын хяналт гэмт хэргийн гаралтад төдийлөн нөлөөлөх хүчин зүйл биш. Хэрвээ хяналт суларснаар гэмт хэргүүд гаардагсан бол тухайн он жилүүдэд нийгэм хөл толгойгоо алдаж, онц ноцтой хэргүүд гаарах байсан гэсэн үг. Ийм л учраас гэмт хэрэг гаарч байгаагийн жинхэнэ шалтгааныг зөв оношлох ёстой. Нийгмийн халамжийн бодлого хүртэл гэмт хэргийн шалтгаан болж байгаа тохиолдол бий. Цагдаагийн ажилтнууд 21 мянга битгий буугаасай гэлцдэг, шаналдаг байсан цаг саяхан. Тэр орой гэмт хэргийн тоо 3-4 дахин ихэсдэг болохоор тэр.
Ямар нийгэм бий болгох нь төр засгийн захиалга байдаг. Түүнтэй адил гэмт хэрэг, болохгүй, бүтэхгүйтэй нийгэм бүрэлдсэний захиалагч нь гарцаа байхгүй мөнөөх төр. Амиа хорлолт ихэсч байгаагийн буруу ч түүнийх. Учир нь өнөөдөр Монголын эдийн засаг хямарч, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгож, зарим нь хаалгаа барьж, дампуурч байна. Ажилгүй иргэд улам бүр олширч, ядуурч, архидалт нэмэгдэх боллоо. Нийгмийн стресс бухимдлаас үүдэж, онц харгис хэргүүд шил дараалан гарч, нийгмийг цочроож, айдаст автуулж байна. Нийгмийн сэтгэл гутрал, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсанаас залуучууд, Монголын ирээдүй архин далайд живж, мансуурч, ухаанаа алдаж, гэмт хэрэг үйлдэж байна. Энэ бүхний буруутан нь тэгээд хэн бэ. Эцсийн бүлэгт иргэдээ гэмт хэрэгтэн болгох бүхий л хөрс суурийг бэлдэж өгөөд, шоронгийн бүхэл бүтэн хотхон байгуулж байгаа энэ төр биш гэж үү.
Д.Дамдинжав
Эх сурвалж: Ардын эрх
URL: